80 жилийн өмнө, 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Берлин хотноо газар доорх хонгилд Адольф Гитлер өөрийгөө буудаж амиа хорлосон, “Лорд Хо-Хо” нэрээр алдаршсан нацист дэглэмийг сурталчлагч нэгэн тэр өдөр радиогоор сүүлчийн удаа Германаас британичуудад хандсан байна. Хэдэн сарын дараа энэ хүн улсаасаа урвасан гэж буруутгагдан, Британийн шүүхээс дүүжлэн хороох ял авсан аж.
Британийн хотуудыг нацист Германы нисэх хүчин бараг л өдөр бүр бөмбөгдөж, эрчүүдийг нь мянга мянгаар нь фронт руу илгээж, хүнсний гол зүйлээ зөвхөн талоноор авдаг байсан дайны цагт худал хуурмаг мэдээлэл, хошин наргиан элбэгтэй Жойсын нэвтрүүлэг хүмүүсийн сэтгэлийг эрхбиш зөөллөдөг байж. Английн нийгмийн санал бодлыг өнгөц илэрхийлсэн, илээд өнгөрөх мэт нэвтрүүлгүүд нь бодит байдлаас ихээхэн хол байлаа. Жирийн иргэдээ дайнд урьдчилан бэлтгэж, нацистууд ороод ирсэн тохиолдолд “дотоод фронт” бий болгох гэсэн Британийн эрх баригчдын төлөвлөгөөг тэрбээр шоолдог байв. “Ухуулах хуудаснаас гэрэл цацруулан инээвхийлэх Черчиллийн сайшаасан британичуудыг бүгдийг дайнд оролцуулахаар сургах хөтөлбөр нь огт үр ашиггүй, олхиогүй, ухаалаг бус байдлаараа ялгарна. Британи орон даяар амиа хорлох академи байгуулсан юм шиг мэдрэмж төрүүлнэ” хэмээн Жойс ярьж, нацист хүчний эсрэг тэмцэх нь үр дүнд хүрэхгүй гэх санаагаа илэрхийлж байжээ. “Аягатай цайнаас илүү хүнд юм өргөж үзээгүй англичууд дэлхийн I дайны дараа Германы хил дагуу Францын босгосон цэргийн бэхлэлтийг хэдхэн өдрийн дотор газрын хөрснөөс арчсан армийн давшилтаас гар хийцийн бөмбөг, зуудаг нохдоор хамгаалах юм гэнэ...”
Уильям Жойс 1906 онд Британид биш, НьюЙорк мужийн Бруклинд төрсөн, Америкийн иргэн байв. “Лорд”-ын эцэг, эх нь Ирландаас АНУ-д цагаачилж ирсэн ч 1909 онд эх орон руугаа буцсан юмсанж. Тэр үед Ирланд арал бүхэлдээ Британид харьяалагдаж, Жойсын амьдрал ч эртнээс нэг бус удаа эргэж хөрвөж байсан аж.
Түүний гэр бүл Ирландыг тусгаар тогтнохыг эрс эсэргүүцдэг байв. Дэлхийн I дайны дараа Ирландад үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөнийг нухчин дарах зорилгоор байгуулсан Британийн цагдаагийн тусгай отрядтай Уильям бүр өсвөр наснаасаа хамтарч ажиллажээ. 1932 онд хэлмэгдэлд өртөхөөс болгоомжлон Жойсын гэр бүл Англи руу зугтахаас аргагүй болов. Жойс энд Лондоны их сургууль дүүргэж, түүх, англи хэлээр дээд оноо авч, Офицерууд бэлтгэх корпуст ажиллахаар өргөдлөө өгчээ. Чухам энэ үеэс Жойс өөрийгөө АНУ-ын иргэн биш, Британийн харьяат гэх болсон байна.
Италийн фашистуудын удирдагч Бенито Муссолини 1923 онд засгийн эрхэнд гарав. Тэр жил Британид ч фашист байгууллага бий болж Жойс түүнд даруй элслээ. Амьдралынх нь эцсийн мөч хүртэл хацар дээр нь тод мөр үлдээсэн шархыг фашизмыг эсэргүүцэгчидтэй гудамжинд зодолдож байж авчээ.
Жойс дөнгөж байгуулагдсан Британийн фашистуудын холбоонд 1933 онд нэгдэж, түүнийг үүсгэн байгуулсан Освальд Мосли гэгчийн орлогч болтлоо зүтгэж, суртал ухуулга хариуцсан захирал нь болжээ. Еврейн асуудлаар Мослигийн баримталдаг байр суурь хангалттай хатуу, ширүүн биш юм шиг Жойсд санагдах тул даргаа зөөлөн байна хэмээн олны өмнө шүүмжилснээс 1937 онд Мосли түүнийг намаасаа хөөчхөв. Тэгэхлээр нь Жойс өөрийн Үндэсний социалист жигүүрийг байгуулсан ч тэр нь олон түмнийх болж чадсангүй. Ирландад төрсөн, зүй ёсоор Британийн харьяат гэж худал хэлж байж 1933 онд хууль бусаар Британийн иргэний үнэмлэхтэй болов. Дэлхийн II дайн эхлэхээс хэдхэн өдрийн өмнө 1939 оны наймдугаар сард тэрбээр баримт бичгээ сунгуулж, гэргий Маргаретийн хамт Германд очив. Дараа жил нь, 1940 онд Германы иргэний үнэмлэхтэй болжээ. “Англи дахь харуй бүрий” гэж нэрлэсэн өөрийн намтартаа Жойсийн бичсэнээр нүүрлээд буй дайнд “тодорхой үүрэг” гүйцэтгэхээр төлөвлөсөн аж.
Дайн эхэлсний дараахан 1939 оны есдүгээр сар болоход л Жойс төрийн “Reichsrundfunk” хэмээх радио станцад суртал ухуулгын шөнийн нэвтрүүлэг явуулж эхэлсэн байв. Нэвтрүүлгээрээ Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн бодлогыг “бут авч”, улс орондоо тогтоосон дайны цагийн хязгаарлах арга хэмжээг нь, ялангуяа хүнсний картыг шүүмжилж гарчээ. Хошигнож доромжилсон аястай, оросоор бол “замаас зайл, чөтгөр авмар” гэсэн утгатай хэллэгээс үүдэн дүрсэлж бичсэн “Daily Express” сонины сурвалжлагчаас “Лорд Хо-Хо” гэх хочийг Жойс авсан байна. Британийн хөлөг онгоцнуудад Рейхийн цэргийн флотын учруулсан хохирлыг байнга хэтрүүлэн хэлнэ, эсвэл Германы бөмбөгдөлтөд өртөн Британийн ямар нэг хот газрын хөрснөөс арчигдав гэж уг үйл явдал эхлээгүй байхад ярьж орхино. Британийн хааны флотын нисэх онгоц тээгч “Арк ройал” хөлгийг германчууд живүүлчхэв гээд л залчихна. Гэлээ ч Жойсын үгийг сая сая британи сонсоод л байна. ВВС-гийн захиалгаар 1940 онд “Mass оbservation” компанийн судлаачдын хийсэн санал асуулгаар Жойсын нэвтрүүлгийг насанд хүрсэн зургаан британи хүний нэг нь сонсдог гэсэн дүн гарсан байна. Энэ тоо цаг хугацаа өнгөрөх тусам ахисаар гурван хүний нэг нь сонсдог болсон аж.
Үүний шалтгааныг зарим сонсогч Жойсын хөтөлбөр хөгжилтэй хэмээсэн бол нөгөө хэсэг нь “германчуудын үзэл бодол” сонирхлыг нь татдаг гэж, дайны цаг үед хяналтгүй цацаж буй ямар ч мэдээллийг сонсох дуртай гэх хүн байсан аж. Санал асуулгад оролцсон нэг хүн ч “Түүний нэвтрүүлгийг хаах боломжгүй гэж санагддаг. Түүнийг сонсох шаардлагатай” гэж хэлсэн байжээ. ВВС агентлаг эрх баригчдын заавраар дайны бүр эхнээс л наргиан цэнгээнт нэвтрүүлэг явуулахыг зогсоож, албан ёсны мэдээлэл, сонгодог хөгжим л дамжуулах болжээ. Британийн Засгийн газар Германы суртал нэвтрүүлгийг сонсохгүй байхыг иргэддээ сануулдаг байв. Харин “Лорд Хо-Хо”-гийн нэвтрүүлгийг эрх баригчид хориглож, хааж байсангүй. Гэлээ ч фронтын шугам урагш ахих хэрээр Жойс сонсогчдоо алдаж байлаа. Энэ нь шинэ юм сонсогдохоо байсан, нөгөө хөнгөн хошигнол нь ч алга болсонтой холбоотой.
1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Зөвлөлтийн цэрэг Берлин хотыг бараг бүхэлд нь хяналтдаа авч, Герман ялагдах нь нэгэнт зайлшгүй болоод байхад Жойс сүүлчийн нэвтрүүлгээ хийв. Дууны өнгө нь түүнийг архи нэлээд уусныг илтгэж, хэл нь бага зэрэг ээдэрч байжээ. Зөвлөлт Холбоот улсыг шинэ том аюул занал хэмээн нэрлэж, “Британи одоо тэсэж үлдэх, эсэх нь миний сонирхлыг татна. Германы тусламжгүйгээр энэ бараг л бүтэхгүй гэдэгт би хувьдаа гүнээ итгэж байна” гэж мэдэгдээд, нэвтрүүлгээ “Хайль Гитлер! Хагацья даа” гэсэн үгээр төгсгөв.
Үүнээс хэдхэн цагийн өмнө Адольф Гитлер амиа хорлосон байлаа. Гуравдугаар Рейхийн шинэ удирдагч нь адмирал Карл Дёниц болж, юуны түрүүнд тэрбээр нацистуудын Засгийн газрыг Данитай залгаа хилээс холгүй байх Фленсбургэд шилжүүлэх шийдвэр гаргав. Жойс ч гэргийтэйгээ тийшээ явжээ. Тавдугаар сарын 28-нд Дёницийг баривчлаад тав хонож байхад Герман улс үг дуугүй бууж өгөх баримтад гарын үсэг зурснаас 20 өдрийн дараа Британийн цэргийн тагнуулын газрын хоёр офицер Жойсыг түлээ түүж явахад нь баривчилжээ. Тэд цэргийн гэмт хэрэгтнүүдийг хайж явахдаа энд саяхан ирсэн “британи хос”-ын тухай сургийг авсан байв. Хоёр офицерийн нэг нь болох дэслэгч Жеффри Перри танил дуу сонсоод тэр эрээс “Жойс мөн үү?” гэж асуутал тэрбээр хариу хэлэлгүй гараа арынхаа халаас руу явуулав. Зэвсэг авах гэж байна хэмээн бодсон Перри түрүүлж буудаад хөлийг нь шархдуулав. Тэгэхнээ Жойсд тэр үед буу байсангүй, халааснаасаа хуурамч паспортоо гаргаж үзүүлэх гэсэн байж.
1945 оны есдүгээр сард Жойсыг шүүхээр шийтгэхээр нисэх онгоцоор Британид аваачив. Түүнийг гурван зүйлээр буруутгах гэснээ хоёрыг нь цуцалж, Нэгдсэн вант улсын хилийн гадна дайсантай нэгдэх замаар улсаасаа урваж, энэ тухай 1351 онд баталсан хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Жойс өөрийгөө өмгөөлөхдөө Британийн харьяат ер байгаагүй тул түүнд үнэнч байх үүрэг хүлээгээгүй гэсэн үндэслэл хэлж байжээ. Гэлээ ч Британийн паспортойгоор 1939-1940 онд Германд амьдарч байсан, тиймээс Британийн эрх баригчдаас тусламж хүсэх ч эрхтэй. Британид үнэнч байх үүрэг ч хүлээсэн гэж шүүх үзжээ. Сүүлчийн үгээ хэлэхдээ Жойс “Өөрийн үзэл бодлын төлөө үхэх болсноороо би бахархаж, харин юуны төлөө үхсэн нь тодорхойгүй Британийн хөвгүүдийн төлөө харамсаж байна” гэжээ.
1946 оны нэгдүгээр сарын 3-нд Жойсыг Лондоны Уондсворт гэдэг шоронд дүүжлэн хороож, нэргүй булшинд оршуулжээ. 1976 онд охин нь “Лорд Хо-Хо”-гийн шарилыг зөөх зөвшөөрөл авч Ирланын Голуэд нутаглуулжээ.
Р.Жаргалант