Манай улс найман жилийн өмнө “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрөө баталсан. Гэвч жил ирэх тусам халдварт өвчний дэгдэлт буурахгүй, улам л нэмэгдсээр буй. Мянганы, Тогтвортой хөгжлийн зорилтдоо ч хүрэлгүй өдий болов. Жилд 28-30 мянгаар тоологддог байсан өвчлөл өдгөө 40 мянга давдаг болжээ. Тэр дундаа шинэ зуун гарч, харьцангуй боловсролтой, мэдээлэлтэй болсон бид бэлгийн замын халдварт өвчнөөсөө ангижирч чадахгүй л явна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар халдварт өвчнөөр өвдсөн гурван хүн тутмын нэг нь бэлгийн замынх, түүний дотор тэмбүүгийн тархалт өндөр хэвээрээ байна.
Эрүүл мэндийн сайд гурван жилийн өмнө А/528 дугаар тушаал баталж, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” арга хэмжээний шалгуур үзүүлэлт боловсруулан, 2023 он гэхэд төрөлхийн тэмбүүтэй нярайн тоог 100 000 төрөлтөд 50-иас цөөн, жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах уг өвчний халдварын тархалтыг 1.5 хувиас бага болгох зорилт тавьжээ. Тухайн онд жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн тархалт зорилтоттүвшиндээ хүрээгүй. Жирэмсний хяналтад орсон 60 623 эмэгтэйгээс 1000 орчмоос нь тэмбүү илэрчээ. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол ч жилд дунджаар 10 орчмоор нэмэгдсээр ирж.
Бид яагаад заавал тэмбүү өвчтэй эх, хүүхэдтэй байх ёстой билээ. Нөхцөл байдал сүүлийн арван жилд дорвитой өөрчлөгдсөнгүй. Манай сайд, дарга нар тэмбүүг устгая гэхийн оронд тэд болгож бууруулна л гэж ярих юм. Бүрэн сэргийлэх боломжтой атал энэ муухай өвчнөөс салъя гэж огтхон ч бодохгүй байгаа бололтой. Мэдээж хувь хүний хариуцлагатай холбоотой ч тухайн өвчнийг устгаж, дарах гэж л өчнөөн төсөл, хөтөлбөр батлуулж, тушаал шийдвэр гаргадаг байлтай. Үүргээ биелүүлдэггүй үндэсний хөтөлбөрүүдэд өнгөрсөн хугацаанд тэрбум тэрбум төгрөг цацсан. Ядаж л төрөлхийн тэмбүүг устгах бүрэн боломжтой цаг хугацаа өнгөрөв. Илрүүлж, бүрэн эмчилдэг өвчнөөр Монгол Улс жил бүр 40, 50 хүүхдээ алдсаар.
Уг нь Д.Сарангэрэл сайдын үед буюу 2019 онд Эрүүл мэндийн яамнаас “Тэмбүүг устгая” нэртэй аяныг хоёр жилийн хугацаанд зарлаж байв. Түүний “Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлалаа. Жилд бүртгэгддэг халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү эзэлж, 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй мэндэлж байна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрч, яригдсан” гэсэн мэдэгдэл нь л хэвлэлийн хуудсанд бичигдэж үлджээ. Аян зарласны дараа ХӨСҮТ-өөр үйлчлүүлэх хүний тоо эрс нэмэгдсэн гэж сурталчилж байсан. Гэтэл энэ бүхэн өдгөөбахь байдгаараа. Бид одоо ч 50 орчим хүүхэд тэмбүүтэй төрж буйг ярьсан хэвээрээ л. Дээрх кампанит ажилд улсаас дөрөв орчим тэрбум төгрөг зарцуулна гэж мэдээлж байсан ч төсвийн дэлгэрэнгүй задаргаа, нийт санхүүжилт зэрэг мэдээлэл нь өдгөө үгүйболжээ. Тайлан тооцоо, аяны үр дүн ч алга.
ХАЛДВАР ЗҮҮН БҮСЭД УЛСЫН ДУНДЖААС ӨНДӨР БАЙНА
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээгээр бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол сүүлийн 10 жилийн дундаж нь 14 279 болжээ. Тодруулбал, эл хугацаанд 150 мянга орчим хүн бэлгийн замын халдвар авсан гэсэн үг. “Ковид-19” дэгддэг жилүүдэд нийт бүртгэгдсэн халдварт өвчний дотор бэлгийн замынх цойлж, эзлэх хувь нь 63.8-д хүрсэн удаа бий. Энэ үеэс халдварын тоо өдгөө бага зэрэг буурсан мэт харагдавч үр дүн нь огтхон ч өөрлөгдөөгүй гэдгийг эмч нар хэлж байна. Бүс нутгаар авч үзвэл 10 000 хүн тутам дахь тархалт зүүн бүсэд 34, хангайд 18.3, Улаанбаатарт 14 буюу хамгийн өндөр “зааж” буй. Статистикаас харвал хилийн олон боомттой, уул уурхайнүйлажиллагааид өрнөж буй аймаг, сумд өвчний тархалт их хэвээрээ байна.
Манайх шиг хөгжиж буй улс оронд бэлгийн замын өвчний тархалт ерөнхийдөө өндөр байдаг аж. Энэ нь ядуурал, ажилгүйдэл, биеэ үнэлэлт, залуусын дундах сексийн боловсрол хангалтгүйтэй холбоотой гэнэ. Африкийн өмнөд бүсийн болон Төв, Дундад Азийн хөгжиж буй орнуудад ялангуяа Монгол, Киргиз, Тажикистан, Филиппин, Кени, Энэтхэгт уг өвчний тархалт их, зонхилон тохиолддог нь тэмбүү, заг хүйтэн, трихомониаз гэсэн олон улсын судалгаа гарчээ. Монголд жирэмсэн эхчүүдийн дунд тэмбүүгийн халдвар өндөр гэсэн мэдээлэл ч нийтлэгдсэн байна. Шалтгаан нь нөхөн үржихүйн насныхны шинжилгээ, оношилгоонд хамрагдах нь бага, олон нийт ийм өвчтэй хүмүүсийг ялгаварлаж, жигшиж, шүүмжилдэг учраас эмчлүүлэхгүй хугацаа алддаг, уул уурхайд ээлжээр ажиллагсдын дунд халдвар өндөр гэхчлэн “цоллуулж”. Хүн ам олонтой, өндөр хөгжилтэй орнуудад, тухайлбал Европын Холбооны улсуудад 2023 онд тэмбүүгийн 41 мянган тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл Британид эл халдвараар жилд дунджаар 10 мянган хүн л өвчилдөг гэнэ. Харин гурван сая гаруйхан хүнтэй Монголд бэлгийн замын халдварын тархалт дээр дурдсанчлан 15 мянга дөхөж байдаг.
НЭГХЭН ТАРИУЛААД Л ЭДГЭРЧИХДЭГ ӨВЧИНД НИЙТЭЭРЭЭ ДАРЛУУЛСААР ХОЁР ЗУУНЫГ ҮЗЭВ
ХӨСҮТ-ийнхний өгсөн мэдээллээр тэмбүү нь трепонем хэмээх цагариг хэлбэртэй нянгаар үүсгэгддэг. Сифилисийн төрлийн энэхүү нян нь олон үе шат дамжин хүнийг аажмаар “идэж”, үхэлд хүргэх аюултай. Халдварлах зам нь тодорхой, бэлгийн харьцаанаас гадна эхээс урагт, халдвартай зүү тариур, цөөн тохиолдолд ахуйн замаар дамждаггэнэ. Халдварласны дараа бэлэг эрхтний ил, далд хэсэгт зовуурьгүй яр гарч, шарх нь аажмаар буюу 3-6 долоо хоногийн дараа ор мөргүй алга болдог. Харамсалтай нь иргэд үүнийгээ эдгэрчихсэн гэж эндүүрээд өвчнөө нууц үе рүү нь илгээдэг аж. Ихэнхдээ өвчний дөрөв дэх долоо хоногоос хоёрдугаар үе шат нь эхэлдэг гэж үздэг. Зовуурь шаналгаагүй явсаар цусанд, бусад эрхтнүүдэд үсэрхийлж, хүний зөөлөн эдүүдийг гэмтээж, үхжил үүсгэдэг гэдгийг тус төвийнхөн сэрэмжлүүлсэн. Тиймээс бэлэг эрхтний ойролцоо ямар нэгэн яр шарх гарсан л бол яаралтай шинжилгээ өгч, эмчлүүлэхийг зөвлөлөө. Нууц хугацаа нь жил, хоёр жилээр ч үргэлжилдэг. Эл хугацаанд тархи, мэдрэл, яс, булчингийн тогтолцоог гэмтээж, өвчин эцсийн шатандаа ордог юм байна.
Нэг үеэ бодвол шинжилгээ, эмчилгээ нь ч хялбар, түргэвчилсэн оношлуураар өрхийн эмнэлэгт хийдэг болжээ. Тиймээс ялангуяа голчлон өвдөж буй 15-49 насныхныг тохиолдлоор бэлгийн харьцаанд орсон бол, эрсдэлтэй алхам хийсэн гэж үзвэл өөрсдөдөө тавхан минутын цаг гаргаад шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. Хэрэв халдвар авсан нь оношлогдвол өвчний эхний шатанд ганцхан тариа хийлгээд л эдгэрчихдэг тул иргэдийг айж эмээлгүй эмнэлэгт хандахыг ХӨСҮТ-өөс дахин дахин анхаарууллаа.
Ардынхувьсгалын үеэс хойш лмонголчууд хоёр зуун дамнан энэ өвчинтэй тэмцсэн. Сайд, дарга нарт найдаад амжилт олохгүйг бид хангалттай харлаа. Тиймээс ядаж иргэний үүргээ биелүүлээд, өөрсдийгөө аюулт өвчнөөс сэргийлээрэй. Бэлгэвч тогтмол хэрэглэдэггүй, бэлгийн олон хамтрагчтай, эрүүл мэндийн байгууллагад ажилладаг, ХДХВ/ДОХ-той, эсвэл бусад бэлгийн замын өвчтэй хүн асарч, эмчилдэг хүмүүс жилд дор хаяж нэг удаа шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай гэнэ шүү.
Төр засгаас эх, нярайг энэ өвчнөөс сэргийлэхийн тулджирэмсний хяналтыг сайжруулах, илрүүлсэн бол цаг алдалгүй эмчлэх нь чухал гэдгийг ДЭМБ-аас зөвлөдөг. Тус байгууллагынхны мэдээгээр дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор долоон сая хүн тэмбүүгийн халдвар авдаг гэнэ. Тиймээс ДЭМБ-аас улс ор нуудыг 2030 он гэхэд уг өвчний тархалтыг 10 дахин бууруулж, гишүүн орны үүргээ биелүүлэхийг тэртээ 2016 оноос зөвлөсөөр иржээ. Харин манай эрх баригчид ДЭМБ-ын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэдийн мартсан бололтой. Бэлгийн замын өвчин өдгөө зүгээр л нэг статистик болчихсоноос нь харвал.
Тэмбүүгээр өвчилсөн л бол насан туршид цуснаас нь эерэг онош тодорхойлогддог гэдгийг эмч нар хэлдэг. Эдгэрсэн байсан ч энэ онош үгүйсгэгдэхгүй бөгөөд цаашид мэндлэх хүүхдэд нь хүртэл тропенем удамшина. Хүүхэд нь тэмбүүгийн “идэвхгүй” нян тээж төрдөг аж. Өөрөөр хэлбэл, монгол хүний удмын санд ноцтой аюул учруулахуйц өвчний судалгаа, мэдээлэл яамны харьяа байгууллагын тоосонд энэ мэт дарагдаастай л хэвтэж байдаг нь харамсалтай. ЭМЯ-ныхан нь ч өвчний статистик мэдээллээ хэрэглээнд нэвтрүүлдэггүй, иргэд, олон нийтээс нуудаг, хэлж сэрэмжлүүлдэггүй, “муу” үзүүлэлтүүдийг сайжруулах талаар дорвитой ажил хийхгүй байгаа юм.