“Шар будаа бөөрөнд сайн, давсагны чулуутай хүнд онцгойлон ач тустай. Шар будааг дэвтээж хандлан ууснаар богино хугацаанд бөөрний чулуу хайлж, шээсээр гарна. Бөөрний хүнд хэлбэрийн өвчнийг хүртэл анагаах шидтэй” гэсэн мэдээллийг баримт шалгагчид нягтлаад төөрөгдүүлсэн болохыг тогтоожээ. Шар будаа (үр тариа) нь натри, кали багатай, шим тэжээл, уургийн өндөр агууламжтай, цавуулаггүй тул бөөрний өвчний үед хэрэглэж болох хүнсний жагсаалтад багтдаг ч хоол зүйч, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч хэмжээг нь тохируулах хэрэгтэйг Энэтхэгийн Бөөрний эмчилгээний төв эмнэлгээс сануулсан байна. Жингээ хасах зорилгоор хүмүүс үүнийг ихээр хэрэглэдэг ч бөөрний архаг дутагдалд орсон өвчтөнүүд энэ төрлийн хүнсэнд мэдрэг байдаг аж. Шар будааг их хэмжээгээр идэх нь нүүрс усны хэрэглээ буурч, эслэгийн хэмжээ өсөхөд нөлөөлдөг бөгөөд энэ үед хүний бие уургийг энергийн эх үүсвэрээ болгож ашиглаад шээсээр ялгаруулдаг гэнэ. Ингэснээр уургийн дутагдалд орж бие тамирдан, сульддаг учраас бөөрний өвчтэй болон дархлаа султай хүмүүсийн хувьд биеийн байдал улам дордох эрсдэлтэй. Харин бөөрний чулуу үүсэхээс сэргийлэх энгийн бөгөөд аюулгүй арга нь ус сайн уух явдал гэдгийг гадаадын хэд хэдэн судалгааны тайланд дурдсаныг эш татан онцолжээ.
Л.Ням