Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Плэйтайм” хөгжмийн наадмын талбай руу 9.3 тэрбум төгрөгөөр авто зам тавих нээлттэй сонгон шалгаруулалтын тендер зарлажээ. “Тоньюукукийн замаас “Плэйтайм” аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, замын байгууламжийн ажил” хэмээн албан ёсны мэдээлэлд нь дурджээ. Энэ ажлын нийт төсөвт өртөг нь 18.6 тэрбум төгрөг бол зөвхөн энэ онд санхүүжүүлэх нь 9.3 тэрбум аж. Санхүүжилтийн эх үүсвэр нь мэдээж орон нутгийн төсвийн хөрөнгө буюу нийслэлчүүдээс төвлөрүүлсэн татварын мөнгө.
“Плэйтайм” наадам өнгөрсөн жил Налайх дүүрэгт шинэ байршилд буюу III хорооны нутагт болсон. Хотын дарга Х.Нямбаатар энэ үеэр наадам зохион байгуулагч “Амьд хөгжмийн наадам” төрийн бус байгууллагад тухайн бүсэд 50 га газар эзэмшүүлэх гэрчилгээ гардуулж, “Ирэх жилийн зунаас өмнө эрчим хүч, авто замын асуудлыг нь шийдэж өгнө” хэмээн ам гарсан юм. Тэгвэл тэрбээр уг бүсийг “аялал жуулчлалын цогцолбор газар” гэж нэрийдээд, 20 орчим тэрбум төгрөгөөр зам, эрчим хүчийг нь шийдэж өгөхөөр санхүүжилтийг нь төсөвт суулгажээ. 2025 онд Улаанбаатарт 10 байршилд шинээр авто зам барихаар төлөвлөсний нэг нь энэ гэнэ. Уг хөгжмийн наадмын нэр хүнд, өдий хүртэлх хугацаанд бүтээсэн үнэ цэнийг хэн ч үгүйсгэхгүй. Гагцхүү 20 орчим жилийн хугацаанд хувийн хэвшлийнхэн сайн дурын үндсэн дээр, үндэсний компаниудын дэмжлэг, оролцоотойгоор зовлонгүй зохион байгуулаад ирсэн арга хэмжээнд төр ингэж “хутгалдаж”, татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй, дур мэдэн зарцуулах нь гажууд жишиг юм. Наадам зохион байгуулахад зориулж газар эзэмшүүлэх нь л маш том дэмжлэг. Газраа цахилгаантай, авто замтай холбох нь эзэмшигчдийнх нь мэдэх, шийдэх ёстой л ажил. 3-4-хөн өдөр болдог арга хэмжээнд зориулж 20 орчим тэрбумаар зам тавьдаг бид тийм баян улс уу. Нийслэлд үүнээс чухал шийдэх асуудал, хийх ажил алга уу. Жинхэнэ аялал жуулчлалын цогцолборт тооцогддог Горхи, Тэрэлж чинь одоо хүртэл шороон замаасаа салаагүй байна шүү дээ. Залууст хөгжмийн наадамд хүрэх авто замаас илүү хөгжиж дэвших, ажиллаж, амьдрах таатай орчин хэрэгтэйг хотын удирдлагууд ойлгох цаг болсон доо, уг нь.
Н.Мишээл