ОХУ-ын уран гулгалтын алдартайодод энэ сарын 24, 25-нд Мөсөн ордонд гайхамшигт үзүүлбэрээ толилуулах гэж байна. Сонирхуулахад, энэ тоглолтын зохион байгуулагч, продюсер нь олимпын хос мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведева юм. “Фэн клуб”-тээ түүний тухай сонирхолтой мэдээллээс хүргэе.
Евгения Медведевагийн жинхэнэ нэр Бабасян. Аав нь Ереваны зураач Арман Бабасян бөгөөд армен гаралтай тэрбээр эмээгийнхээ нэрээр тэмцээн уралдаанд оролцдог аж. Нэрт уран гулгагч бүсгүй орос, япон, англи, армен хэлтэй. Дунд сургуульд байхдаа хичээлдээ сайн сурдаг ч үргэлж бэлтгэл сургуулилалт, тэмцээнтэй байх тул багш нар нь очиж шалгалтаа авдаг байж. “Тэнэг хүн хэзээ ч спортоор амжилт гаргаж чадахгүй” гэж нэгэнтээ хэлсэн тэрбээр аавынхаа авьяасыг өвлөсөн, чамгүй сайн зурдаг.
Москвагийн ойролцоох Одинцово тосгонд хувийн байшиндаа ээж, эмээ нарын хамт амьдардаг. “Миний хүүхэд нас 12-тойд дууссан. Тамирчин хүн эрт том болдог. Эрч хүчтэй байх гол зүйл минь нойр. Хоол хүнс бол хоёрдугаар асуудал. Би хэдэн цагт унтах, сэрэхээ хянадаг болохоос хоолны дэглэм барьдаггүй” гэж амьдралын хэв маяг, баримталдаг зарчмынхаа тухай хуваалцсан байна.
Цагаан хоолтон тамирчин маань ногоо, жимс, ялангуяа самранд “нугасгүй” бөгөөд Япон орон, хэл, соёл, анимэд нь их дуртай гэнэ. Алдарт уран гулгагч Юзүрү Ханюү, Жонни Уэйр нарыг бишрэн шүтдэг түүний тухай “Медведева Медведевагийн эсрэг” гэдэг баримтат кино хийгдсэн бөгөөд Женя өөрөө намтар номоо удахгүй гаргахаар бэлтгэж байна.
Хөгжимд дуртай, К-Поп сонирхдог, EXO хамтлагийг шүтэн биширдэг Евгения Медведева гулгахаасаа өмнө чихэвч зүүгээд дотооддоо төвлөрдөг аж. Ээж нь уран гулгалтын тамирчин байсан бөгөөд охиндоо хааяа зөвлөгөө өгдөг ч түүнийг нь дагах, эсэхээ дасгалжуулагчтайгаа ярилцаад шийддэг гэжээ. “Сайхан магтаалд дуртай. Би чихээрээ дурладаг. Шүүмжлэх, муулах хоёр өөр зүйл. Муулж гутаасан зүйлийг би тоодоггүй. Харин шүүмжлэлийг хүлээн авдаг” хэмээсэн Евгения Медведева эрчүүдийн “Maxim” сэтгүүлд нүцгэн зураг авхуулж байсан удаатай.
Л.Ням