Ардын жүжигчин Э.Амартүвшинийг дэлхийн шилдэг баритон дуучнаар шалгарууллаа. Тодруулбал, “Ореra world” цахим хуудас 2023 оноос эхлэн олон улсад үнэлэгдсэн дуурийн дуучдыг таван ангилалд хуваан, шилдгүүдийг нь шалгаруулж буй билээ. Тэгвэл өнөө жилийн дэлхийн шилдэг баритоны жагсаалтыг Ардын жүжигчин Э.Амартүвшин 7500 оноогоор тэргүүлжээ. Харин удаах байрт 5400 оноогоор Италийн дуучин Лука Салси шалгарсан бол гуравдугаарт ОХУ-ын уран бүтээлч бичигджээ.
Шилдгүүдийн жагсаалтад багтахын тулд тухайн дуучин “Ла скала”, “Метрополитан” зэрэг томоохон театрт тоглосон байх ёстой аж. Ингэхдээ дуурийн театр, фестиваль, концертын их танхимд дуулах бүрд 100 оноо өгдөг гэнэ. Улмаар 52 долоо хоногийн туршид үзүүлсэн амжилт, цуглуулсан оноог нь харгалзан эцсийн дүнг гаргадаг юм байна.
Э.Амартүвшин нь дэлхийн урлагийн төв болсон Итали, Австри, Франц, Британи зэрэг улсын тайзнаа “Риголетто”, “Травиата”, “Кармен”, “Тоска” тэргүүтэй сонгодог бүтээлийг удаа дараа амилуулсан чадварлаг уран бүтээлч билээ. Түүний ур чадвар, хоолойн цар хүрээ, хөгжмийн мэдрэмжийг салбарынхан нь төдийгүй олон улсад ч өндрөөр үнэлдэг аж.
У.Сүрэн