Шинэ зууны хүүхэд багачуудын суралцах чадварт хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь анхаарал дутмагшил болсныг дэлхий нийтээр ярьж, бичих болсон. Тухайлбал, “Кебриж интернэшнл” байгууллагаас 2025 онд 3000 гаруй багшийг хамруулан явуулсан судалгаагаар тэдний шавь нарын 88 хувийнх нь анхаарал суларсан, 72 хувь нь хүндэвтэр сэдэв дээр огт төвлөрөхгүй байгаа нь тогтоогджээ. Мөн 64 хувь нь үргэлжилсэн даалгавруудыг гүйцэтгэж чадахгүй байгаа аж.
Судалгаанд оролцсон багш нарын олонх нь сурагчдын анхаарал төвлөрөл ингэтлээ дутмагшсан шалтгааныг өнөөх л гар утас, дэлгэцийн хэрэглээтэй холбон тайлбарлажээ. Тэр дундаа сошиал платформууд дахь богино бичлэг, рийл нь хүүхдүүдийн сонирхлыг 30-60 секундэд татах хэмжээнд бүтээгдсэн байдаг. Үүний уршгаар багачууд хэдхэн секундийн анхаарал төвлөрөлтэй болсон, улмаар утга агуулга ядмаг бичлэгүүд үзсээр байгаад тархины хөгжил нь саарч, сэтгэн бодох чадвар нь суларсаар буй гэнэ. Ийм бичлэгийг brain rot буюу “тархи ялзруулагч” хэмээдэг аж. Гэхдээ анхаарал төвлөрөл нь булчин шиг ажилладаг тул дахин дасгалжуулж болдгийг дээрх байгууллагынхан зөвлөжээ. Үүнд гэр бүлийн оролцоо чухал бөгөөд жишээ нь, хичээл хийх үед утсыг нь өөр өрөөнд байлгах, гэрийн даалгаврын өмнө богино бичлэг үзүүлэхгүй байх, ном, шатар, таавар зэрэг тэвчээр шаарддаг зүйлд дурлуулахыг санал болгосон байна.
М.Гэгээ