Монголын хөгжмийн урлагийн түүхэн дэх тод мөртэй, баялаг түүхтэй, чансаатай уран бүтээлтэй, гишүүн бүр нь зохиосон аялгуу, туурвисан бүтээлээ үнэлүүлж, Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасны зэрэгцээ хамтдаа Төрийн шагналт хэмээх эрхэм цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг бол “Харанга” юм. 33 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар буй тус хамтлагийнхан тавдугаар сарын 13, 14-нд “Legendary Haranga: Greatest hits” тоглолтоо хүргэх гэж буй. 33 жилийн турш туурвисан уран бүтээлүүдээсээ шилж, бүх цаг үеийн хит 25 дууг хүргэх эл тоглолт “UB palace”-ын концертын их танхимд болно. “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин Ц.Энхманлайтай ярилцлаа.
-“Харанга” хамтлагийн таван уран бүтээл 2019 онд Төрийн шагнал хүртсэн. Түүнээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй. Харин ирэх сард сонсогчидтойгоо уулзах нь ээ?
-2019 онд Төрийн шагнал хүртсэний дараа цар тахал дэгдэж, бүгд л хөл хорионд орлоо. Харин хөл хорио суларсан энэ үед бид сонсогчдодоо уран бүтээлээрээ талархсанаа илэрхийлэх ёстой. Тийм учраас хит 25 дуутай тоглолтоо хүргэхээр бэлдэж байна.
-“Харанга”-ынхан 30 жилийн ойн тоглолтоороо 30 дуу хүргэж байсныг санаж байна. Энэ удаа яагаад 25 гэж. Тэдгээр дууг хэрхэн шилсэн юм бол?
-“Харанга”-ын 33 жилийн түүхэндээ туурвисан уран бүтээлүүдээс сор болсон 25-ыг нь шилсэн юм. Гэхдээ хамтлагийн эхний хоёр цомогт багтсан дуунуудаа түлхүү багтаасан. Бусдаас илүү эл хоёр цомгийн уран бүтээлүүд сонсогчдод хүрч, хит болсон санагддаг. “Энэ дуу хэр “явж” байна вэ, тэрийг хүмүүс сонсох нь уу” гээд чих тавиад байдаггүй юм. Ер нь ажих нь ээ, хүмүүст хүрэх уран бүтээл л хүрдэг. Одоо харахад хамтлагийн 3-4 дуу эхлээд хит болдог. Хэсэг хугацааны дараа хүмүүс бусад уран бүтээлийг нь сонирхож, сонсож эхэлдэг юм билээ. Манай анхны, 1989 оны “Амьдрал” тоглолтоос л гэхэд “Амьдрал”, “Шүүдэр цэцэг”, 1991 оны “Дэлхий ертөнц” тоглолтоос “Шивнээ”, “Энэ бол дурлал биш”, “Манан” хит болсон. Яваандаа бусад дууг хүмүүс сонсож эхэлсэн. Цаг хугацааны эрхээр гэх үү, эсвэл эхний дуунууд нь таалагдсан болохоор дараа дараагийнхыг нь илүү таашааж сонсдог болдог гэх үү, мэдэхгүй юм. Уран бүтээлийн чансааг цаг хугацаа тодорхойлдог юм болов уу даа. 1999 онд анплаггед тоглолтоо бид зургаан өдөр тоглож байлаа. Эхний өдрийнх дөрвөн цаг үргэлжилсэн. Тоглолт сунжрахаар тоглож байгаа нь ч, үзэж байгаа нь ядарчихдаг. Тиймээс дараа дараагийн өдрүүдийнхийг хасаж тоглож байв. “Харанга”-ын дуунууд урт байдгийг ч хэлэх үү, хэт олон дуу оруулж уртасгаад дэмий.
-Тэдгээрээс хэчнээн нь таны зохиосон дуу вэ?
-Цөөхөн дөө. 1993 оны “My rock” тоглолтод гэхэд л миний зохиосон гурван дуу л орсон байдаг. Тоглохгүй удахаар зарим дуугаа мартчих юм. Тэгж мартагдаж л байвал тэгээд орхичихсон нь дээр санагддаг юм. Тэрийг сэргээж, эсвэл өөрчлөөд яах вэ дээ.
-“Зүүд”, “Зэрэглээ”, “Гэгээ”, “Алсын гялбаа”, “Өнгөрсөн үе” гээд олон сайхан дуугаа дуулах нь. Хачирхалтай нь, хүмүүсийн эчнээ мэддэг эдгээр дуундаа танайх ерөөсөө клип хийлгээгүй юм билээ.
-“Харанга” олон уран бүтээлтэй боловч цөөн цомог, клиптэй. Клип 10-аад хүрэх нь үү, үгүй юү. Дуу болгонд клип хийлгээд байхыг хүссэнгүй ээ, бид. Бидний энэ шийдэлд сонсогчид жаахан дурамжхан ханддаг юм билээ. “Тэр, энэ дуугаа дүрсжүүлээч. Энэ, тэр дуугаа яагаад тоохгүй байгаа юм бэ” гээд л. “Клип хийж өгье” гэсэн санал ч хэлдэг л юм. 25 жилийн ойгоор бил үү дээ, манай хамтлагийг шүтдэг, “Амьдрал” дуунд дуртай нэг залуу энэ дуунд клип хийж өгсөн. Өөрөөр санал тавьсан болгоныг хүлээж авдаггүй, аваа ч үгүй.
-Мэдээж анхных нь учраас “Амьдрал” тоглолт дурсамжид тань тод байдаг болов уу. Харин таны санаанаас огт гардаггүй тоглолт тань аль нь бол?
-Анхны тоглолтоосоо авхуулаад л “Тэнд тэгж тоглолоо” гээд л тэмдэглэдэг байлаа. Сүүлдээ тоогоо алдчихсан. Шинэ уран бүтээл туурвиж, тайзан дээрээс хүргэсэн тоглолт болгоноо нэрлэнэ. Тоглолт бүхэн миний сэтгэлд “юм” үлдээдэг. Мэдээж “Амьдрал” тоглолт хамгийн тод. 33 жилийн өмнөх тэр өдөр өчигдөр мэт л нүдэнд харагддаг. Түүнээс хойш уран бүтээл бүрийнхээ зохиомж, хөгжмийн найруулгыг улам хөгжүүлж, бид ч хөгжиж ирсэн. Ялангуяа “My rock” тоглолт “Харанга”-ын уран бүтээлийн чансааг шат ахиулсан гэж би боддог юм. Даралтат хөгжимчин Булган (хөгжмийн зохиолч З.Хангал агсны хүү, төгөлдөр хуурч Х.Булган агсан) манай уран бүтээлийг илүү баялаг дуугаралттай болгоход маш их хувь нэмэр оруулсан юм. Биднийг Германд цомгийн бичлэгээ хийлгэж байхад тэндхийн хөгжим судлаач, шүүмжлэгчид “Танайх хард рок хамтлаг мөн. Гэхдээ эдгээр уран бүтээл чинь классик рок болжээ” гэж үнэлж байлаа. Хэдий Х.Булган минь бидний дунд үгүй ч түүний үлдээсэн бүхэн бий.
-Уран бүтээлдээ хөндөхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл амжаагүй, эсвэл халгадаг сэдэв бий юү, танд?
-Бид “хэлэх” зүйлээ уран бүтээлээрээ “хэлээд” л явдаг. Аль 1991 оны “Дэлхий ертөнц” тоглолтод дуулсан “Тийм ээ” дууг одоо сонсвол
“Хаа байна халхын хөвгүүд Хамаг Монголоо харж байна уу” гэсэн үгтэй. Нийгэм рүүгээ л үг “чулуудсан” хэрэг шүү дээ. “Харанга”-ын уран бүтээлийн дийлэнх нь тийм. Утгаар нь сонсох нэг өөр, ухаж сонсвол бас өөр. Бид тийм л уран бүтээл хүргэхийг хүссээр ирсэн. Одоо харин “Тийм, ийм сэдэв үлдчихсэн дээ” гэх зүйл алга.
-Сүүлд найруулагч Ж.Отгонбиндэрийн “Тайгын савдаг” киноны хөгжмийг та хийсэн байсан. Энэ төрлийн уран бүтээлд ажиллах дуртай юу?
-Хоёр жүжиг, баримтат болон уран сайхны 11 киноны хөгжим хийсний гурав, дөрөв нь Ж.Отгонбиндэрийнх. Түүнээс хойш кинонд ажилласангүй. Ажиллагаа, сэтгэлгээний хувьд хамтлагийн уран бүтээлээс өөр учраас сонирхолтой санагддаг юм. Тайз, дэлгэцийн уран бүтээлд юуны түрүүнд зохиол шүү дээ. Зохиолоор юу өгүүлэхийг ойлгож мэдрэх, найруулагчийн үзэгчдэд хүргэхийг хүсэж буйг хөгжмөөр илэрхийлэх сонирхолтой. Хамтлагийнх ч, тайз, дэлгэцийн уран бүтээл ч ажиллахад амттай. Өөрийнхөө нөгөө талыг нээж хардаг гэхэд болох юм.
-1989 онд “Харанга” хамтлагийн одоогийн бүрэлдэхүүнийг цуглуулж, анхны тоглолтоо хийх хүртлээ та “Deep purple” шиг өөрийн гэсэн хамтлагтай болохыг мөрөөдсөн. Бараг 15 жил мөрөөдлийнхөө төлөө шантралгүй зүтгэхэд танд юу хүч өгч байв?
-1975 оноос Я.Одсүрэн бид хоёр Төмөр замын “Ногоон гэрэл” хамтлагт тоглож эхэлсэн. 1977 онд “Айзам” хамтлагт бөмбөр ч тоглож үзсэн. “Deep purple”-ийг их сонсдог, “Яг л ийм хамтлаг байгуулна” гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлөө хүмүүст хэлэхээр их шоолно. Тэглээ гээд “Больё” гэж бодоогүй. Тэр үед “Шивнээ”-гээ зохиож байлаа. Мөрөөдөл минь 14 жилийн дараа биелсэн дээ. “Чааваас, энэ нэг юмны махыг ингэж удаан идээд яах вэ. Одоо хооронд нь нийлүүлье” гэж мөнх тэнгэр өрөвдсөн юм болов уу. “Харанга” миний мөрөөдсөнөөс ч илүү хамтлаг болж, байж чадсан. “Тэр үед больчихсон бол би өдийд юу хийж яваа бол” гэж ч бодож байсангүй. Би нэгдүгээр ангидаа анх гитар хөгжим барьж үзэж байлаа. Ах минь Ленинградад урлагийн сургуульд бүжигчнээр сурч байсан үе. Зуны амралтаараа ирэхдээ надад долоон утастай цыган гитар авчирч, хэдэн аккорд зааж өгчихөөд явсан юм. Тэр үеэс хойш би гитар хөгжмөөс холдоогүй. Ёстой л тэр хөгжмийн увдис байх.
-“Хамтдаа лаг байхыг хамтлаг гэнэ” гэж хошин яриа байдаг даа. Тэгвэл 33 жил хамт уран бүтээл туурвисан “Харанга”-ынхны “жор” юу вэ?
-Мөрөөдөл, зорилго нэг. Мөн бас нэг нэгийгээ ойлгож, хүндэлж өнөөдрийг хүрсэн нөхөрлөл. Нөгөөтээгүүр, хамтлаг, хамтран ажиллагсдыг түнжин хагалдаг гол зүйл нь мөнгө. “Би илүү хийсэн, чи дутуу хийсэн” гэдэг яриа хамтлагт байх ёсгүй. Нэг нь тав, арван дуу илүү зохиосон ч гэлээ, тэдгээрийг сонсогчдод хүргэхэд нөгөөдүүл нь тоглосон гэдгийг мартаж болохгүй. “Харанга”-д энэ л “Тэр, энэ, илүү, дутуу” гэдэг сэтгэлгээ байхгүй. Маргаан гаралгүй л яах вэ. Гол нь буруугаа ухамсарлаж, уучлалт гуйж чаддаг байх хэрэгтэй.
-Хамтлагийн ахлагч байх хариуцлагатай юу. Халширмаар үе байсан уу?
-Ганц л удаа гэдэн хөдлөөд “Больё” гэж хэлж үзсэн. Тэгээд Пүүжээ (Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш) хамтлагийн ахлагч болсон юм. Нэг жил орчим бил үү дээ. Манай Чука (Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбат) хамтлагийн уран бүтээлийн маркетинг, зохион байгуулалтыг төвөггүй хариуцчихдаг болохоор хүмүүс ахлагч нь гэж боддог байх. Хамтлагийн сайн сайхан, муу муухай бүгд ахлагчтай холбоотой. Хамтлагаа нэг чигт харуулж, тийш нь хөтөлж, хамт амжилтад хүрч чаддаг байх хэрэгтэй. Тийм байхыг л хичээж ирсэн дээ. Маргах үе бий, бий. “Толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тогоон дотроо” гэдэг шиг тиймэрхүү асуудлаа тавуулхнаа л ярилцдаг. Яг тэгж халуун бүлээрээ байхдаа л уурлах нь уурлаж, учирлах нь учирлаад эв зүйгээ олчихсон нь дээр. Хэр баргийн уурладаггүй болохоор ч тэр үү, намайг нэг чангахан дуугарахад манайхан нам болчихдог. Түүнээс биш хэн нэг нь байнга яншаад, үглээд байдаг бол хэцүү.
-30 жилийн ойгоо тэмдэглэсний дараа шинэ уран бүтээлдээ орчихсон явсан. Тэдгээрийгээ хэзээнээс сонсогчдодоо хүргэх вэ?
-Хүргэхээр зэхэж байтал хамтлагийн 30 жилийн ой тохиож түр хойшлуулсан. Удалгүй цар тахлын улмаас хөл хорионд орчихсон. Уг нь “White arch” студид таван дуу бичүүлчихсэн, бэлэн байгаа юм. “Legendary Haranga: Greatest hits” тоглолтынхоо дараа л тэднийгээ хүргэнэ дээ. “Цаг хугацаа” гэсэн сэдэвтэй. Цаг гэж юу вэ, цаг хугацаан дотор хүн хэрхэн амьдрах ёстой юм бэ гэх зэрэг санааг дуунууддаа хөндөж буй. Урсаад л өнгөрөх амьдралын хугацааг зөв өнгөрүүлээсэй гэж хүссэндээ эл сэдвийг “барьсан”.
-Цаг хугацаа, хүн, амьдралын мөн чанарын тухай, өнгөрснийг дэнслэх маягтай уран бүтээлүүд туурвиж байгаа нь нас ахисантай холбоотой юу?
-Нас ахихын хэрээр амьдралыг харах өнцөг өргөсөж, агуулгын цараа тэлж, хэлэх үгийн жин хүндэрдэг аж. Түүнээс биш туулсан амьдрал, нас ямар ч байж болно. Гол нь сэтгэлгээ л залуу байвал болох нь тэр. Би 1989 онд “Амьдрал” дуугаа зохиосон шүү дээ. Тэр үед хүмүүс намайг “Нэг их амьдрал үзсэн хүн шиг” гээд гайхаж л байлаа. Одоо 60 гарчихаад эргээд тэр дуугаа сонсоход “Яг л үнэн бичжээ” гэж боддог. Тэгэхээр уран бүтээлд нас чухал биш. Юуг, ямраар харав, тэр бүхэн зүрх сэтгэлд хэрхэн бууж байна вэ гэдгээс л хамаарна.
-Тэгэхээр таныхаар цаг хугацаа гэж юу болохыг уран бүтээлээс нь удахгүй сонсож болох нь. Та цаг хугацаатай хэр уралдаж амьдардаг хүн бэ?
-Уралдах нь хаашаа ч юм. Гэхдээ урсгалаараа хүн бас биш. Аливааг маш удаан бодож, ойлгож, төлөвлөснийхөө дараа хөдөлдөг хүн. Тэр нь хүмүүст цаг алддаг мэт харагддаг байж магад. Уран бүтээлээ ч тэр. Яг л тэгж байж чанартай уран бүтээл төрдөг мэт санагддаг. Тийм ч болохоор би цөөхөн дуутай болов уу. Олон ая зохиосон ч өөрт, хамтлагийнханд таалагдаагүй учраас цааш үргэлжлүүлээгүй, дуу болгоогүй. Тэгээд л хаячихдаг.
-Тэгж хаягдсан ая олон уу?
-Зөндөө. Миний зохиосон ая хамгийн түрүүнд надад биш, “Харанга”-ынханд таалагдах ёстой юм. Тэдэнд таалагдаж, “Энэ аяыг дуу болгоё” гэж байж л уран бүтээл төрнө. Энэ тал дээр манайхан их хатуу. Тийм шүүлтүүрээр ордог учраас “Харанга”-ын дуунууд амь бөхтэй байдаг байх.