Монголын холимог тулаанчдаас “Physical Asia” шоунд улсаа төлөөлж оролцсон Б.Энх-Оргил Тайландын Бангкок хотод Бразилын тамирчин, “Wonder boy” хочтой Фабрико Андрадетай аваргын бүсний төлөө тулалдлаа. Азийн “One championship” холбооны чансаанд IV-т эрэмбэлэгддэг тэрбээр 66 кг-ын жинд тулааны дөрөвдүгээр үед боолтоор буулган авч, ялалт байгуулснаар 26 паундын жинтэй алтан бүс, 50 мянган ам.долларын эзэн болов. Хүнд тулааны дараа үзэгчидтэй “Үгээр хэлэхийн аргагүй байна. Маш их ядарлаа. Одоо харьж амармаар байна. Багшийнхаа ачийг хариулж аварга боллоо. Гайхалтай. Мөнх хөх тэнгэртээ баярлалаа. Намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 53 сая дагагчтай “One championship” албан ёсны цахим хуудсандаа түүний зургийг оруулаад “Дайчид мориндоо” хэмээн монгол хэлээр постолжээ. Тивийн үзэгчдийн анхаарлыг тулаанаараа татаж, дэлхийн аваргын бүс эзэмшсэн хоёр дахь монгол тулаанчаар тодорсон түүний багш, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг 2014 онд тус холбооны анхны монгол аваргаар шалгарсан билээ.
