“Ногоон автобус”-ны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун удирдан өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хийгээд гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг товлолоо. Эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг тус шүүх энэ оны гуравдугаар сарын 11-нд хүлээн авч, яллагдагч болон тэдний өмгөөлөгч зэрэг хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулаад хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудын хэмжээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн А.Ганхуяг нарын 24 хүний гэм бурууг шийдвэрлэх шүүх хурлыг долоодугаар сарын 29-ний 10.00 цагт хийхээр болсон юм.
Түүнчлэн яллагдагч, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн өмгөөлөгч нараас гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авч өнгөрсөн баасан гарагт суллан, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлав.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай тушаалаар улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн 600 автобус худалдан авахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч энэ тендерийг “маш нууц” ангилалд оруулж, “Тэнүүн-Огоо” ХХК-ийг шалгаруулан эдийн засгийн давуу байдал хууль бусаар бий болгосон, улс, нийслэлийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан нь тодорхой болсон. Эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхийн албан тушаал хашиж буй Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Баум зэрэг 24 хүнийг яллагдагчаар татсан юм. БНСУ-ын “Дэү” компаниас Вьетнамд угсарч будсан хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан дээрх албан тушаалтнуудад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 17.3-2.2-ын их хэмжээний эд хөрөнгө залилсан, 22.12-1-ийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм.