Орон нутгийн цаг уурын болон хөдөө аж ахуйн байгууллагынхан 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлох зорилготой бэлчээрийн төлөв байдлын тандалт судалгааг сум, багуудынхаа нутаг дэвсгэрт эхлүүлээд байна. Үүний үр дүнд тухайн бүс нутгийн бэлчээрийн даац, багтаамжийг нарийвчлан тооцож, нийгэм, эдийн засгийн зураглал, зөвлөмж боловсруулах боломж бүрдэх гэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийнхэн орон нутгаас ирүүлсэн тайлан, мэдээлэлд үндэслэн есдүгээр сарын сүүлч гэхэд ирэх өвөл, хаврын ерөнхий төлөвийг тодорхойлох аж. Үндсэндээ өвөл, хаврын цаг агаар, уур амьсгал ямар байх вэ гэдгийг бүрэн зураглалаар нь эцэслэж гаргаагүй байгаа гэсэн үг. Гэвч зарим аймаг өвөлжилт хүндрэх эрсдэлтэйг урьдчилан тогтоогоод, газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдэдээ зөвлөмж, мэдээлэл хүргээд эхэлж. Тухайлбал, Төв аймаг малчид олноор өвөлжиж, хаварждаг газрууддаа бэлчээрийн төлөв байдлын тандалт судалгаа хийгээд базаахгүй үр дүн гарсныг олон нийтэд танилцуулжээ.
Хэнтий, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховдын нутагт өвс ургамлын гарц алаг цоог, бэлчээрийн даац сайнгүй гэсэн урьдчилсан үнэлгээ гарч. Цаг уурын байгууллагаас гаргасан өвөлжилттэй холбоотой албан ёсны мэдээлэл гэвэл ийм л зүйлс байна. Харин цаг улирлын байр байдлыг байгалийн зүй тогтол, уламжлалт арга, зун, намрын өнгөөр төвөггүй шинжээд мэдчихдэг, хашир, туршлагатай хүмүүс ирэх өвлийн төлөвийг цаг уурчдаас түрүүлээд хэдийн “зурчхаж”. Тэдний шинжиж буйгаар бол 2024-2025 оны өвөл өнгөрсөн жилийнхээс дутахгүй хахир хатуу, цас ихтэй байх төлөвтэй гэнэ. Юуны учир, яагаад ингэж дүгнэснийг тодруулъя.
ЗУНЫ ЗУД ТОХИОВ
Энэ хавар, зун Монгол орны нийт нутгаар бороо хур гойд элбэг орлоо. Хот, хөдөөгүй үерт автаж, гол, нуурын усны түвшин урьд байгаагүйгээр нэмэгдэн, газрын хөрс чийг тэжээл хангалттай авлаа. Борооны ачаар байгаль дэлхий өнгө засаж, зуншлага, өвс ургамлын гарц сайжирсан талаар нутаг нугаа “эргэж тойроод” ирсэн амтай болгон ярьж буй. Гэвч бороо хэт их орох нь мал, малчдад халтай, хатуу өвөл тохиох эрсдэл дагуулдгийг хэн хүнээс илүү мэдэх улсууд ихэд болгоомжилж байна. Хур ихтэй жил газрын хөрс илүү чийглэг, зөөлөн болдог учир өвөл хөрсөн дээр онцгой хүйтэрч, өвс ургамал мөстөж хөлдөн, шилэн буюу төмөр зуд гээч аюул жинхэнэ утгаараа нүүрлэдэг гэнэ. Бороо, ус ихсэхийн хэрээр ялаа, шумуул элбэгшиж, мал тавтай идээшлэх, тарга тэвээрэг авах боломж нь ч хумигддаг талтай гэх. Үүнийг зуны зуд гэж нэрлэдгийг УИХ-ын гишүүн асан, өдгөө сайн малчны дүрээр нийгэмд танигдаад буй нэгэн эрхэм сануулсан байна билээ. Тэгвэл өнөө жил Монгол орны ихэнх нутагт зуны зуд нүүрлэсэн. Өвс ургамал сайн байсан ч мал тарга хүчээ хангалттай авч чадаагүй байх магадлалтай гэсэн үг. Тиймээс малчид өвлийг гарз хохирол багатай даван туулахын тулд малаа тавтай идээшлүүлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарахаас аргагүй болж байгааг ч “хашир бурхи”-ууд анхааруулах болсон.
Энэ намар цаг агаар ямар байх, хур тунадас хэр орохоос ирэх өвлийн өнгө ихээхэн шалтгаалах нь. Үргэлжлүүлээд бороо хур их орсоор байвал өвөл хөрсөн дээр онцгой хүйтэрч, төмөр зуд нүүрлэх эрсдэл ихэснэ. Эсрэгээрээ олон жилийн дунджаас хэт бага бороо орж, өнгөрсөн жилийнх шиг налгар, дулаан өдөр олон тохиовол намрын халуун ган, өвлийн хар зуд дагуулах эрсдэлтэйг ч Усны газрын дарга, судлаач З.Батбаяр сануулсан юм. Эндээс монголчууд ямар эмзэг, эрсдэлтэй, эрс тэс уур амьсгал дунд тэмцэл дүүрэн амьдардгийг харж болно. Яаж ч сорьж, сандаргаж мэдэх хуйсгануур цаг агаар бидэнд ямар ч эрсдэлд бэлэн байх ёстойг алхам тутамд сануулсаар, анхааруулсаар буй гэлтэй.
ЗУНШЛАГА САЙН БАЙСАН Ч ЭРСДЭЛТЭЙ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийнхэн энэ сарын 20-ны байдлаарх зуншлагын төлөв байдлын зургийг гаргаад буй. Цаг уурчид нийт нутгийн 70 хувьд зуншлага сайн, 20 хувьд дунд, үлдсэн хэсэгт нь муу гэж дүгнэсэн. Гэвч энэ нь аюул эрсдэлээс хол, өвлийг өнтэй давна гэсэн үг биш юм. Үүнийг гаргахдаа зөвхөн бэлчээрийн ургамлын үнэлгээнд тулгуурладаг. Харин өвлийг өнтэй даван туулахад малын тарга хүч, өвс, тэжээлийн нөөц, хүрэлцээнээс эхлээд малчдын хувийн бэлтгэл, отор нүүдэл зохион байгуулалт гээд олон зүйл нөлөөлнө. Тэгэхээр малчид “Зуншлага сайн байна” гэсэн мэдээнд хууртаж, сэтгэл амарч болохгүй байх нь. Зуншлага сайн байсан төвийн болон зүүн бүсийн аймгуудын малчид 2023-2024 оны өвөл, хавар яаж туйлдаж, зутарсныг бид харсан шүү дээ. Дээрээс нь энэ жил илүү сартай өвөл тохиож буй. Хөх луу жилийн өвлийн сар гурав биш, дөрөв байна гэсэн үг. Илүү сартай өвөл их цас ордог байгалийн бичигдээгүй хуультайг эдийн засагч, дата аналистикч, сүүлийн үед цаг агаарын мэдээг гаргаахгүй дамжуулдаг болсон Н.Энхбаяраас эхлээд байгаль, цаг уурын талаар дориун мэдлэгтэй хүмүүс анхааруулж байгаа юм.
ӨНГӨРСНӨӨС ҮЛДСЭН СУРГАМЖ
2023-2024 оны өвөл, хавар малчдад хүнд сорилт болсон. Зудын улмаас 7.9 сая орчим толгой мал хорогдсоныг Улсын онцгой комиссоос мэдээлсэн билээ. Энэ нь учирсан гарз хохирлоороо манай улсын түүхэнд хамгийн их хохиролтойд тооцогддог 1944 оны зуд (8.1 сая мал хорогдсон)-ын дараа бичигдэж буйг холбогдох байгууллагуудаас зарлаж байв. Байгалийн гамшиг гэдэг урьдчилан мэдлээ ч зогсоож, хязгаарлаж болдоггүй арангатай зүйл. Харин урьдчилан сэргийлж, бэлэн байдлаа сайн хангаж чадвал учирч болзошгүй гарз хохирлыг төдий хэмжээгээр бууруулах боломжтой. Өнгөрсөн жилийн өвлийг монголчууд бэлтгэлгүй, “нойрмог назгай” угтсан. Сүүлийн жилүүдэд тохиогоогүй налгар, нарлаг, урт намар болж буйг хэн хүнгүй гайхаж, хот, хөдөөгүй алгуурлаж ахуйд туршлагатай хүмүүс хахир өвөл айсуйг анхааруулж байв. Намар хэт дулаарч, налайх тусам өвөл их цас дарж, зутраах магадлалтай хэмээн “шинжээчид” сэрэмжлүүлж байсан юм. Гэвч үүнийг нь үг хэмээн ойшоож, үйл хэрэгтээ анхаарах хүн байгаагүй. Ингээд аравдугаар сарын сүүлчээр орсон хоёр удаагийн цаснаар л төвийн бүс нутагт өвөлжилт хүндэрсэн шүүдээ. Суурин газраас алслагдмал бүс нутгуудад их хэмжээний цас унаснаас мал бэлчээх байтугай тээврийн хэрэгсэл зорчих аргагүйд хүрсэн. Арваннэгдүгээр сарын 3-5-нд орсон их цас, хүчтэй шуурганаар Төв, Өвөрхангай аймагт найман малчин амиа алдсан харамсалтай явдал болсон юм. Орон нутгийн холбогдох байгууллагуудаас мэдээлснээр малчдын олонх нь өвөлжөөндөө бууж амжаагүй байснаас хүн, малгүй зутарч, зарим нь ийнхүү амиа алдахад хүрсэн гэнэ билээ. Өвлийн амьсгаа дөнгөж эхэлж буй, идэр есийн хүйтэн ирээгүй, хур тунадас тоотой хэдхэн орсон үед ийм хүнд сорилт тулгарсанд малчид сая нэг сэхээ орж “Цаашид яах бол” гэсэн айдас болгоомжлолтой нүүр тулан, “Цаана нь яаж гарна даа” хэмээн сандарцгааж эхэлсэн юм. 2023-2024 оны өвөл яг л ийм хахир хатуу байдлаар үргэлжилсээр хавартай золгуулсан. Малчид хотоо харлуулж, амь зуулгаасаа салахгүйн тулд хавар ч борви бохисхийх чөлөөгүй тэмцэж, унд хоол, унтах нойроо умартан зүтгэцгээсэн. Өвөл, хаврын үргэлжилсэн их зуднаас үүдэлтэй хохирлыг хэмжиж, тооцоолж барамгүй. Бид наана нь үрэгдсэн мал, амьтнаа тоолж, өвс, тэжээлийн нөөц, хүрэлцээ зэргийг яриад өнгөрсөн ч зуд хэмээх гамшиг нийгэм, эдийн засаг, иргэдийн сэтгэл зүй, ахуй амьжиргаанд бодитоор яаж нөлөөлөв гэдгийг ул суурьтай судлаагүй, авч үзээгүй, тооцоолоогүй л байгаа юм. Харамсалтай нь, энэ он, түүний дараагийн жилүүдэд ч ийм хахир өвөл тохиохгүй гэх баталгаа алга. Тиймээс малчид бусдын гар, тусламж дэмжлэг харалгүй дор бүрнээ хариуцлагатай, сонор сэрэмжтэй байж, өвлийг өнтэй, хохирол багатай давах бэлтгэлээ базаах нь чухал болоод байна.
“АРКТИКИЙН ХҮЙТЭН АГААР ДЭЛХИЙГ БҮРХЭНЭ”
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) тэргүүтэй судалгааны олон газраас“2023- 2024 оны өвөл Арктикийн хүйтэн уур амьсгал дэлхий дахиныг нөмөрнө”, “Урьд байгаагүй их цастай, илүү хүйтэн өвөл тохионо” гэхчлэн өнгөрсөн оны зун, намар прогноз гаргаж байв. Түүнчлэн ихэнх бүс нутагт арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас онцгой хүйтэн байх талаар хүмүүс нийгмийн сүлжээнд бичиж, анхааруулсаар байсан юм. Үндсэндээ энэ “зөгнөл” биеллээ олсон гэхэд болно. Дэлхийн цаг уурын байгууллага 2023 он түүхэн дэх хамгийн халуун жил, 2023- 2024 оны өвөл хамгийн их цастай, эрс тэс уур амьсгалтай улирал болсон талаар энэ оны эхэнд зарласан юм. Гэтэл 2024 оны эхний хагасын үзүүлэлтээр дэлхийн дундаж температур өнгөрсөн жилийн мөн үеийн дээд амжилтыг эвдэж, 1940 оноос хойших хамгийн халуун өдрүүд өнгөрсөн долоодугаар сарын 20-доор бүртгэгдлээ. Цаг уурын дээд амжилттай холбоотой энэ цикл цаашид үргэлжилсээр өвлийн үзүүлэлтийг ч эвдэж магадгүй гэх. Хөдөө аж ахуй эрхлэгч, фермерүүдэд зориулсан улирал тутмын цаг агаарын мэдээлэл боловсруулдаг farmersalmanac.com сайтад “2024-2025 оны өвлийн хамгийн хүйтэн үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр тохионо. Арктикийн хүйтэн агаар бараг бүх улсыг бүрхэнэ. Энэ их хэмжээний хүйтэн агаар усны гадаргуун хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог Их нууруудыг дайран өнгөрөх үед дэлхий даяар эрс хүйтэрч, цасан шуурга болох эрсдэл өндөрсөнө” хэмээн бичжээ. Тэгэхээр ирэх өвөл өнгөрсөн жилийн “дээд амжилт”-ыг эвдэж ч болзошгүй нь. Ерөөс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн давтамж ойртож, температур, уур амьсгалтай холбоотой үзүүлэлтүүд толгой дараалан эвдэгдсээр байгаа билээ.