Дорнод Монголын уудмын Мэнэнгийн их талыг эзэгнэх шахаж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” гэх компани үйл ажиллагаа явуулсаар олон жил өнгөрч байна. Хялганат хээрийн цагаан зээрийн идээшилдэг гол нутаг болох энэ их талын доороос өдөр бүр олон мянган тонноор нь тос олборлон өмнөд хөрш рүү хил давуулан тээвэрлэж буй билээ. Эл компанийн үйл ажиллагаатай холбоотой таагүй хэл ам олон нийтийн сүлжээ, нутгийн ард иргэдийн дунд байнга гардаг. Хууль хяналтын байгууллагад шалгуулсан нь ч бий. Гэвч тэдэнд хариуцлага хүлээлгэсэн тохиолдол нэгээхэн ч үгүй гэхэд хилсдэхгүй.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнгөрсөн хаврын хуралдааны үеэр “Татварын ерөнхий газраас 436 тэрбум төгрөгийн акт тавьсан. НДЕГ-аас тавьсан 4.7 тэрбумын актыг хүчээр биелүүлсэн. Үндэсний аудитын газраас 66.5 тэрбум төгрөгийн акт тавьсан байгаа. Эдгээр нь олборлолт багасахад нөлөөлсөн. Өөр нэг шалтгаан нь АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлтэй холбоотой асуудал. АМНАТ-тэй холбоотой асуудлыг “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэсэн яриа өрнөж байв. Өөрөөр хэлбэл, Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгч халхавч доор Монгол Улсад хуулийн дагуу төлөх ёстой татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэх зэргийг төлөхгүй “луу унжсаар” энэ онтой золгосон гэсэн үг.
Үүнээс өмнө Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан хүн “Петрочайна дачин Тамсаг” компанийнхантай хуйвалдан улсад орох байсан их хэмжээний татвараас нэг хувийг нь Хонконгийн нэгэн компаниар дамжуулан хувийн дансандаа авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгуулж байсан. Үүнээс хойш эл гэрээг засах, өөрчлөх санал удаа дараа гаргаж байсан ч үр дүнд хүрээгүй. АМГТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд энэ гэрээнээс орж ирсэн мөнгөөр өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүсийг гадаадад сургаж байсан гэх мэдээлэл ч байдаг. Үүнээс үзэхэд АМГТГ-ынхан ч, холбогдох бусад байгууллагынхан ч эл гэрээг өөрчлүүлэх сонирхол байдаггүй бололтой. Тус компаниас өөр хөрөнгө оруулагч газрын тос олборлох салбарт орж ирэхгүй, манайхыг сонирхдоггүй учраас “Петрочайна дачин Тамсаг”-ийнхан “даам гардаг” байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Тэгвэл уншигчдадаа “Петрочайна дачин Тамсаг” компанийнхантай холбоотой, манай хууль хяналтын байгууллагад шалгаж, шүүхээр шийдвэрлүүлэхэд бэлэн болоод буй зарим хэргийн мэдээллийг хүргэе.
ГААЛИЙН ТАТВАР, ХЯТАД АЖИЛЧДЫНХАА НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ТӨЛӨЛГҮЙ “БУЛТЖЭЭ”
Хууль хяналтын байгууллагын баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр сүүлийн гурван жилд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” компанийнхантай холбоотой нэг бус хэргийг мөрдөн шалгасан байна.
Тодруулбал, “Петрочайна дачин Тамсаг” ХХК-тай холбоотой хэрэг бүртгэлтийн долоон хэргийг шалгаж, нэгийг нь шүүхэд шилжүүлээд буй аж. Өдгөө гурван хэргийг мөрдөн шалгаж байгаа юм билээ. Тэдний дунд 1700 гаруй ажилчны нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн хэрэг бий. Тус компанийнхан газрын тос олборлох, тээвэрлэх үйл ажиллагаандаа БНХАУ-аас жил бүр 500-гаас дээш тооны ажиллах хүч оруулж ирж Дорнод аймгийн Матад сумын нутагт хөдөлмөр эрхлүүлдэг гэдэг.
Гэвч эл компанийн удирдлага манай улстай 1993, 1995 онд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр халхавчлан 2019-2020 онд Монголд орж ирэн ажилласан 1700 гаруй хятад ажилчныхаа 6.4 тэрбум гаруй төгрөгийн цалингийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 2.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын санд өгөөгүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон аж. Уг хэрэгт холбогдуулж “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Кан Дөчуан гэх хятад иргэнийг прокурорын байгууллагаас 2023 оны нэгдүгээр сард яллагдагчаар татсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн 18.14-1 дэх хэсгийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх уг хэргийг энэ оны хоёрдугаар сарын 1-нд хянан хэлэлцээд “Петрочайна дачин Тамсаг” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч шүүгдэгч Кан Дөчуан нь тус компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргах эрх бүхий албан тушаалтан биш гэж үзээд түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм. Улмаар хэргийг дахин шалгуулахаар болсны дагуу ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж буй аж. Юутай ч хятад ажилчдын 6.4 тэрбум төгрөгийн цалингаас Монгол Улсын нийгмийн даатгалын санд орох ёстой 2.4 тэрбум төгрөгийг “Петрочайна дачин Тамсаг” компанийнхан төлөөгүйг шүүх тогтоож. Харин хэнд хариуцлага хүлээлгэх нь өдгөө ч тодорхойгүй байна.
Тус компанийнхан зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийгээд зогсохгүй гаалийн татвараас бултсан байж болзошгүй хэрэгт шалгуулж буй юм. Тодруулбал, Гаалийн ерөнхий газраас “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн экспорт, импортыг 2018-2021 оны байдлаар шалгасан гэнэ. Гэтэл импортын барааны үнэ, тоо хэмжээ нь гаалийн бүрдүүлэлтээр тогтоогдохгүй байж. Нийт 137 гэрээнийх нь 33-ыг л шалгахад 13.3 сая шахам ам.доллар буюу 45.7 тэрбум төгрөгийн дүнтэй импортын барааны үнийг дутуу мэдүүлсэн байж. Ингэснээрээ гаалийн болон НӨАТ-т нийт долоон тэрбум гаруй төгрөг төлөлгүй, Монгол Улсын төсөвт хохирол учруулсан байж болзошгүй гэнэ. Уг хэргийг өдгөө үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
БАЙГАЛЬ ОРЧИНД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГИЙГ НЬ ШҮҮХ ШИЙДЭЖ ЧАДАХ УУ
Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг, газрын тосны XXI талбайн орчимд олон тооны цагаан зээр үхсэнийг “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн ажилчид булах гэж байсан нь 2023 оны хавар олны анхаарлыг татаж, цахим орчинд
шуугиан дэгдээсэн. Тухайн үед “Петрочайна дачин Тамсаг”-ийнхан “Хоол тэжээлийн дутагдалд орж үхсэн цагаан зээрийг цуглуулан булж, устгах гэж байснаа Матад сумын Засаг даргын Тамгын газарт мэдэгдсэн” хэмээн тайлбарлаж байв. Үүнтэй холбоотойгоор “Петрочайна дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаанд БОАЖЯ-наас төлөвлөгөөт бус шалгалт хийхээр албаны хүмүүс газрын тосны XIX, XXI талбайд ажиллаж, дүгнэлтээ ч танилцуулж байсан. Мөн энэ оны гуравдугаар сард тус яамнаас дээрх компанийн удирдлагад шаардлага хүргүүлж буйгаа ч сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.
Тэгвэл үүнээс улбаатайгаар “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн экологид хохирол учруулсан байж болзошгүй үйлдлүүдийг Экологийн цагдаагийн албаныхан шалгасан байдаг. Тодруулбал, Бүтээгдэхүүн хуваах гэрээндээ “Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших газрын тосны XXI талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58.5 км засмал зам барьж ашиглалтад оруулна” хэмээн тусгасан аж. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хүнд даацын автомашинууд нь бие биенийхээ тоос, шорооноос “зугтаж” олон салаа зам гарган байгаль орчинд хохирол учруулсан. Үүнээс гадна XIX талбайд2016-2020 онд газрын тосоор бохирдсон шороог цэвэршүүлэх ажил хийсэн гэнэ. Ингэхдээ шороон замаар тээвэрлэснээс болж Халхгол сумын нутагт 80 гаруй метр өргөн, 58.5 км урт 8-20 салаа зам бий болж, хөрсний доройтол, тоосжилт үүссэн байна. Ингэснээр орчны бохирдол ихээр үүсгэж, экологийн тогтолцоог алдагдуулан 443.4 га талбайд хохирол учруулсныг шинжилгээний байгууллагаас тогтоосон аж. Хохирлын тооцоог мэргэжлийн байгууллага 2.1 тэрбум төгрөг гэж үнэлжээ.
Үүнээс гадна Аюултай хог хаягдлын жагсаалтад багтсан, газрын тосны боловсруулах үйл ажиллагаанаас үүссэн хаягдлыг зориулалтын бус газарт хаясны улмаас 2021 оны наймдугаар сараас хойш хөрсөнд 70 см гүн нэвчиж, 2800 ам метр талбайг бохирдуулж, экологид хохирол учруулсан байна. Эл хэрэгт нь НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.11-3 дахь хэсгийн “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэн энэ сарын эхээр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй юм. Орон нутгийн шүүх одоо болтол эл хэргийн хэлэлцэх товыг гаргаагүй байна.