Өчигдрийн байдлаар Архангайн Хайрхан, Дорнодын Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаан, Хэнтийн Баян-Овоо, Батширээт гээд нийт дөрвөн аймгийн 11 сумд ой, хээрийн түймэртэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Тус байгууллагаас өчигдөр 12.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үед Архангай аймгийн Хайрхан, Хэнтийн Батширээт сумд гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулсан байсан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумд дэгдсэнийг нь унтраахаар ажиллаж байлаа.
Эдгээр түймрийн улмаас хээрийн 71 495 га талбай, 16 гэр, 22 хашаа, саравч, хоёр автомашин, 2100 боодол өвс, олон тооны мал шатсан бөгөөд хохирлын хэмжээг одоогоор эцэслэн тогтоогоогүй гэнэ. Нийт түймрийн дөрөв буюу 28.5 хувь нь сумуудын төвлөрсөн хогийн цэгээс, хоёр нь гэрийн яндангаас, бас хоёр нь ил галаас үүджээ. Мөн зургаан тохиолдол буюу 43.1 хувийнх нь шалтгааныг тогтоогоогүй аж. Түймрийг унтраахад онцгой байдлын, хилийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн нийт 820 хүн, 149 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэжээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Нийт нутгаар хүчтэй салхитай байгаа тул түймрийг унтраахад хүндрэл учирсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд гарсан түймэр Дорнодын Матад руу тархсан. Орон нутагт амьдарч буй хүмүүс галын аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Гал түймрийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумын түймрийг унтраасны дараа нийт хэдэн га талбай галд өртсөнийг тогтооно. Урьдчилсан байдлаар бэлчээрийн 18 880 га талбай түймэрт өртсөн гэж тооцсон. Түймрийн хохирлын хэмжээг эцэслэн тогтоосны дараа хэрхэн барагдуулахыг нь шийдвэрлэнэ” гэлээ. Мөн тэрбээр “Уржнан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Дорнод аймгийн Матад, Халхгол сум хүртэл тархсан түймэрт нэг сая га талбай өртсөн. Хуурайшилттай, эрсдэлтэй үед гарсан түймэр богино хугацаанд ямар их хохирол учруулдгийг иргэд ойлгох хэрэгтэй” хэмээн онцоллоо.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Архангай, Хөвсгөл болон зүүн аймгуудад ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа. Тийм учраас дор бүрнээ анхаарал болгоомжтой байна уу. Эрсдэлийг бууруулах чиглэлд иргэд хамтарч ажиллана уу” гэсэн юм. Хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумуудад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
Сонины дугаар шилжих мөчид Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Дундговийн Өндөршил сумд хээрийн түймэр гарсныг онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн юм.
Мөн гол, мөрний мөсний зузаан өмнөх жилүүдийнхээс 10-80 см-ээр нимгэн байгаа тул зорчихгүй байхыг дээрх байгууллагаас сэрэмжлүүлэв. Хурандаа Т.Баярхүү “Хамгийн сүүлд өчигдөр (уржигдар) Хөвсгөлд нуурын мөс цөмөрч, автомашинтай зорчиж байсан хоёр иргэн усанд осолдож амиа алдсан. Тиймээс зам товчилж, гол, мөрөн гаталж аюулд өртөхөөс болгоомжлоорой. Ойрын үед дулаарахтай холбоотойгоор цас ихтэй нутгууд шар усны үерт өртөх эрсдэлтэй” хэмээв.
А.Үүл