Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутагт малын галзуу өвчин бүртгэгджээ. Улмаар чононд хазуулсан хоёр үхрийг устгалд оруулж, тусгаарлалтын цэг татсан аж. Мөн бусад малд галзуугийн эсрэг вакцин хийхээр холбогдох байгууллагуудад хандсан гэнэ.
Энэ нь цочмог явцтай, мал, амьтнаас хүнд халдварлах эрсдэлтэй өвчин аж. Галзуу өвчтэй амьтанд хазуулах болон ил шарх, шалбархайд шүлс нь хүрсэн тохиолдолд хүнд халдварлах эрсдэлтэй юм. Эл өвчнийг үүсгэгч вирус нь чоно, үнэг, хярс, харх, сарьсан багваахай, нохой, муур зэрэг зэрлэг амьтнаас дамжин халдварладаг. Хэрэв хүн эдгээр амьтанд хазуулах, эсвэл уруулсан тохиолдолд галзуугаар өвчлөх аюултай гэнэ. Мөн эдгээр амьтны идэж байгаад орхисон малын сэг зэмд галзуугийн вирус хадгалагдан үлддэг бөгөөд үүнийг нь гэрийн нохой идсэнээр вирус тээгч болдог юм байна. Өөрөөр хэлбэл, гэрийн нохойд галзуугийн шинж тэмдэг илрэхгүй ч эзнээ урах, эсвэл хазсан тохиолдолд халдвар дамжих аюултай. Халдвар авснаас хойш өвчний шинж тэмдэг илрэх хугацаа нь 12-100 хоног. Ингэхдээ уруулсан шархны байрлал, хэмжээнээс хамаарч харилцан адилгүй хугацаанд илэрдэг. Түүнчлэн хазуулсан болон уруулсан шарх орчмоор улайж хөндүүрлэн, үрэвсэж, дотор муухайрч бөөлжин, гэрэл, чимээнд мэдрэмтгий болж, хөлрөх, шүлс гоожих, хэл яриа тасалдах, хүнээс зугтаж, уснаас айх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Иймд галзуугийн сэжигтэй амьтанд хазуулж, уруулсан үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч, уг өвчний эсрэг вакцин хийлгэх шаардлагатай.
У.Цэцэг