УИХ-ын болон ЕрөнхийлөгчийнТамгын газар (ЕТГ)ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэх, эсэхийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр хяналаа.
Тэдэнд холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж, Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасан, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноосон. Харин З.Энхболдын үйлдлийг цагаатгасан билээ. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулсан даруйд буй хоёрдугаар сарын 5-ны үдэш Б.Энх-Амгаланг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэж, цагдан хорьсон юм. ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гар¬гуулсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгосон хэмээн буруутгасан бөгөөд анхан шатны шүүхээс Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд үргэлжилсэн үйлдлээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсон юм.
Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 30-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр дахин хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр болсныг бид цаг тухайд нь мэдээлсэн. Тэгвэл Улсын дээд шүүхийн шүүгч нар З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлуудын үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзээд хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр анхан шатны шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэхээр болж байна.