“Зөв.мн” мэдээллийн сайт төрийн өмчит “Цемент шохой” компанийн удирдах албан тушаалтан төрийн өмч, хөрөнгийг үр ашиггүй, зүй бусаар зарцуулсан байж болзошгүй асуудлыг хөндсөн нийтлэлдээ ашигласан тухайн хүний зургийг ХЭҮК-оос “биометрик мэдээлэл” хэмээн үзэж, улмаар цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн дагуу редакцыг нь 20 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, тус сайтын сэтгүүлч Х.Батсайхан “Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн хурган дарга Н.Ганхуяг 450 сая төгрөгийн балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ” гэх гарчигтай мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд бэлтгэж, нийтэлсэн байна. Үүний мөрөөр Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Зураг зөвшөөрөлгүй нийтэлсэн” гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, тухайн сайтад 20 сая төгрөгийн торгууль оноосон аж.
Иймд дээрх сайтын хамт олон нийтлэлд холбогдуулан гаргасан албан бичиг, дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийн талаар олон нийтэд албан ёсоор тайлбар өгөхийг ХЭҮК-оос шаарджээ. Мөн МСНЭ-ээс УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид нарт хандан шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад “Улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, төрийн өндөр болон нийтийн албан тушаалтнуудын зүгээс хэвлэн нийтлэх мэдээллийн агуулгыг хянах оролдлого хийсээр ирснийг эрс эсэргүүцэхийн зэрэгцээ “Зөв.мн” сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гомдлоор тухайн редакцыг 20 сая төгрөгөөр торгуулахаар шийдүүлсэнд харамсаж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар сэтгүүлч сэтгүүл зүйн, эсхүл нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болохоор заасан байгааг хатуу сануулж, хуулийн зөрчилтэй дээр үйлдлийг нэн даруй залруулахыг шаардаж байна” гэжээ.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн албан тушаалтны зургийг нийтлэлдээ ашигласныг ХЭҮК “Биометрик мэдээлэл” гэж мушгин гуйвуулж, улмаар 20 сая төгрөгөөр торгосон нь мэдэх эрх, үг хэлэх эрх чөлөөнд халдсан бусармаг үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлье. Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтныг чөлөөлнө” хэмээн мэдэгджээ. Мөн УИХ-ын дарга С.Бямбацогт “Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаа мэдэгдэж байна. ХЭҮК ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй байгууллага болохоос бус, албан тушаалтны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш” гэж мэдэгдэв.
Харин “хэргийн эзэн” ХЭҮК-оос мэдэгдэл гаргасан юм. Үүнд “Тухайн гомдлыг шийдвэрлэх ажиллагааг хууль, журмын дагуу явуулсан, эсэх албан бичгийн агуулга зэрэгт комисс дотоод хяналт, шалгалт эхлүүлж байна. Эл асуудлыг хүний эрхийн зарчим, бусад холбогдох хууль, баримтад үндэслэн, нээлттэй, хариуцлагатай шийдвэрлэж, долоо хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ” гэв. Харин хуульчид нийтийн албан тушаалтны нийтийн сүлжээнд тавьсан зургийг ашиглан мэдээ бэлтгэх нь хууль зөрчсөн үйлдэл биш болохыг тодотгов. Өөрөөр хэлбэл, хурууны хээ, нүүрний дүрс, нүүр таних өгөгдөл, нүдний солонгон бүрхэвч, дуу хоолойн хэв маяг, алганы хээ, ДНХ-ийн мэдээллийг биометрик мэдээлэлд тооцдог юм. Ташрамд, дээрх дүгнэлтийг гаргасан ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох нь тодорхой боллоо.
Ч.Болор