Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ дэлхийн дэвжээнд нэрээ алтан үсгээр сийлсэн шилдгүүдийн нэг. Тэрбээр тулалдах авьяас, ур чадвар, техникээрээ олон улсад танигдаж, амжилт гаргахад хөгжлийн бэрхшээл саад биш гэдгийг нэг бус удаа батлан үеийнхээ залууст урам өгсөн. Спортын талбарт хичээж хөдөлмөрлөвөл хэн ч алдар, амжилтын оргилд хүрч болдгийг өөрийн биеэр харуулсан түүн шиг пара ДАШТ-д тав, Азийн АШТ-д зургаан удаа түрүүлсэн “босоо” тамирчин хуруу дарам. Эрэгтэйчүүдийн K44 ангиллын 63 кг-д өрсөлддөг тулаанч олон ч жиндээ дэлхийн чансааг тэргүүлсээр буйгаа 2026 онд болсон хоёр ч том тэмцээнд оролцохдоо мэдрүүлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан Азийн АШТ-д аваргын төлөө Ираны тамирчныг ялж, зургаа дахь алтан медалийг эх орондоо авчрав. Түүнчлэн Японыг энэ сард зорин “Айчи-Нагоя 2026” Азийн пара тав дахь удаагийн наадамд Узбекистаны тулаанчийг буулган авснаар өмнөх наадмаас гардсан алтан медалиа ихэрлүүлж, хошой аваргаар шалгарсан билээ. Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө Францад хөл тавьж “Парис-2024” зуны паралимпийн наадмаас мөнгөн медальтай ирж, Монголын таеквондогийн спортод шинэ хуудас нээсэн юм.
ТАМИРЧНЫ ЗАМНАЛАА ЭХЛҮҮЛЭХДЭЭ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ БАГАГҮЙ ТУЛГАРАВ
Тэрбээр багадаа үеийнхээ хөвгүүдийн адил спорт сонирхон алдарт жүжигчин Жэки Чаны тоглосон кинонуудыг үзэж, түүн шиг тулалдан, биеэ хамгаалж сурах сан гэж боддог байв. Аав нь түүнийг нэг өдөр “Эхлэл” клубийн дасгалжуулагч Н.Нэргүй багштай танилцуулж, 21 хоног бэлтгэл хийлгэн Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахад мөнгөн медаль зүүсэн нь хожим тивийн болон дэлхийн тэмцээнд амжилт гаргах эхлэл байлаа. Түүний авьяас, дайчин чанарыг багш нь тэр мөчөөс олж харан тулаанаар хичээллэх суурийг нь зөв тавьжээ. Таеквондо нь хөлөөр голлон тулалддаг спорт тул түүнд өөрийгөө нээх боломж гарав. Улаанбаатар хотод болсон УАШТ-ээс алтан медаль хүртээд аймагтаа ирэхэд багш нь угтан авч “Миний шавь хэзээ нэгэн цагт олимп, дэлхийн аварга болно” хэмээн урам хайрлажээ. Багшийнх нь хэлсэн үг түүнийг мөрөөдөл рүүгээ тэмүүлэхэд урагшлуулсан гэдэг. Тулааны спортод олон залуус бэлтгэсэн туршлагатай дасгалжуулагчийн анхны шавь нараас таеквондо, муай тай, кик боксын төрөлд гурван тамирчин дэлхийн аварга болсны нэг нь Г.Болор-Эрдэнэ юм.
Тамирчид амжилтын замналаа эхлүүлэхдээ ойр дотныхоо хүмүүсийн эсэргүүцэлтэй багагүй тулгардаг. Тэрбээр гараа гэмтээчихсэн байхдаа ээждээ тулаанаар хичээллэх талаар хэлэхэд зөвшөөрөөгүй тул нууцаар бэлтгэл хийдэг болжээ. Тэмцээнд оролцохын тулд ээждээ нэг өдөр үнэнээ хэлж, мандатын мөнгө авсан нь түүний хувь заяаг өөрчилнө гэж хэн ч бодоогүй биз. Хүүгээ тэмцээнээс медаль авахыг аав, ээж нь хараад баярлаж, зоогийн газар амттай хоолоор дайлан дуртай зүйлээр нь шагнасан аж. Түүнээс хойш тууштай дэмжин гадаадын тэмцээнд оролцуулахын тулд мөнгөө хадгалдаг болж, дээд сургуульд сурч байсан эгч нь хүртэл чөлөө авч байсан гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Өөрт буй далд авьяасаа нээх нь хамгийн чухал. Хүн завгүй байх тусмаа олон ажил амжуулж, чадахгүй, мэдэхгүй зүйлээ хичээснийхээ хэрээр сурдаг. Эмч болно гэж мөрөөддөг байсан намайг энэ спорт өөртөө эргэж буцахааргүй татсан. Тэр үед “Энэ л миний сонгож хичээллэх спорт, үүгээр хойшид амжилт гаргах юм байна” гэсэн бодол төрсөн. Зорилго тавиад, зүтгэхэд боломжгүй зүйл байдаггүй. Өөрийг тань сорьсон саад бэрхшээл бол түр зуурынх. Тиймээс хэцүү гэж бодолгүй даван туулахад амжилт ойрхон байдаг юм билээ. Би үүнийг өөрийн бие, сэтгэлээр мэдэрсэн. Дэлхийн тулааны дэвжээнд тав, Азийн тэмцээнд зургаан удаа түрүүлж, гэрийнхнийхээ ачийг хариулж яваа. Одоо аав, ээж “Бид хүүгээ зөв зүйл рүү нь чиглүүлж дэмжжээ. Хэрвээ чи энэ сургуульд сур гээд дургүй байхад нь хүчээр ятгасан бол өдийд ийм амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү” гэж ярьдаг юм” хэмээсэн. Түүний аав, ээжийн удамд тулалддаг хүн байдаггүй тул тэрбээр ах дүүс, хамаатан саднаа спортоор хичээллэх анхны суурийг таеквондогоор ийн тавьжээ.
ШИГШЭЭ БАГИЙН БОСГООР АЛХСАН НЬ
Түүнийг амжилт гаргамагц Монголын пара таеквондогийн ахлах дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар шигшээ багт авч, олон улсын зэрэгтэй тамирчин болгохоор бэлтгэж эхэлжээ. Туркийн Анталья хотод 2019 онд болсон ДАШТ-ээс алтан медальтай ирсний дараахан түүнд багш нь “Г.Өсөхбаяр дарга чамтай уулзъя гэж байна, хүрээд ирээч” гэжээ. Г.Өсөхбаяр даргатай уулзахад “Чи манай спорт хорооны тамирчин болох хүсэлтэй байна уу” гэж санал тавьснаар “Алдар”-т хөл тавьсан аж. Үе үеийн алдартнуудыг төрүүлсэн энэ том айлаар овоглож, Азийн болон ДАШТ, паралимпийн наадамд оролцон хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Хамтарсан бэлтгэлийн үед тамирчдад нэгнээсээ суралцах зүйл их. Манайхан БНСУ-д очиж, тамирчидтай нь жил бүр хамтарсан бэлтгэл хийсний үр дүнг тэрбээр олон тэмцээнд харуулсан тул Ази, Европын зарим орноос Монголд ирж, хамтарсан бэлтгэл хийх санал нэг бус удаа тавьдаг байна. Таеквондо хүндлэл, хүнлэг чанар, сахилга бат, ёс суртахуун, хүмүүжил, зөв хандлагатай байхыг эрхэмлэдэг спорт. Түүнийг олон улсын тэмцээнээс цөөнгүй медаль хүртсэн болохоор судалдаг өрсөлдөгч олон. Тиймдээ ч оролцох тэмцээн бүрдээ хожно гэсэн зорилготой ирдэг байна. “Олон тамирчинтай өрсөлдөж, ДАШТ-д оролцох эрх авах амаргүй. Хилийн дээс алхаж үзнэ гэхээс хэрхэн догдолж байснаа дурсаач” гэхэд “Хойд хөршид 2014 онд зохион байгуулсан ДАШТ-д анх удаа аварга болчхоод өөртөө итгээгүй. Тэр тэмцээнд дэлхийн аварга, эзэн орны тамирчинтай алтан медалийн төлөө тулалдаж ялсан юм. Хилийн дээс алхахаасаа өмнө гадаадын алдартай тамирчдыг харж, биширдэг байснаас биш, дэвжээнд нүүр тулна гэж төсөөлөөгүй явсан. Шагналын тавцанд медалиа зүүж, дэлхийн шилдэг тамирчнаар шалгарсныг зарласны дараа л итгэсэн. Тэндээс ирснийхээ дараа ДАШТ-ий медалиа олимпын наадмынх яагаад болгож болгохгүй гэж бодож байлаа” гэв. Яриагаа цааш өрнүүлж “Та 63 кг-ын жинд гадаадын тамирчидтай өгөө аваатай тулалддаг. Ялж, ялагдахаас илүү туршлага хуримтлуулах чухал байдаг уу” хэмээхэд “Тэгэлгүй яах вэ. Амжилт гаргахын тулд жингээ олон жил барих амаргүй. Хоол унд, ажил, амралт, бэлтгэл хийхээ хүртэл зохицуулдаг. Энэ жиндээ дэлхийн аваргаар таван удаа шалгарлаа. Португалын Вила Реал де Санто Антонио хотод 2017 оны сүүлчээр болсон дэлхийн тулааны их наадмын тэмцээнд аваргын төлөө ОХУ-ын шилдэг тулаанч Даниил Сидоровтой тулалдаж, мөнгөн медаль хүртсэн. Тус тэмцээн надад 2018 онд бэлтгэл, тактикаа шинэчлэхийг ойлгуулсан юм. Түүнээс хоёр сарын дараа зохион байгуулсан Азийн АШТ-д намайг ялсан тамирчинтай таарсан. Монголын таеквондогийн холбооны пэйж хуудсанд тэмцээн эхлэхээс сарын өмнө “Энэ удаа хэн нь ялах вэ” гээд бидний зургийг тавихад хүмүүс сэтгэгдлээ бичсэн байлаа. Бид алтан медалийн төлөө тулалдаж, оноо тэнцэв. Тиймээс эхэлж оноо авсныг нь ялагчаар шалгаруулах боллоо. Нэмэлт дөрөвдүгээр үед би эргэлттэй өшиглөлт хийж, аварга болж байсан минь одоо ч санаанаас гардаггүй. Түүнийг хожихын тулд багш нартайгаа зөвлөлдөж, бүх талаас нь уйгагүй судалсан. Тэрбээр туршлагатай тамирчин. Одоо ч тулалддаг. Би жиндээ Туркийн тамирчидтай цөөнгүй таарсан. Йордон улсын Амман хотод болсон тэмцээнд тамирчинд нь ялагдаж, хүрэл медаль хүртэж байв. Бид тэмцээнд өгөө, аваатай л байдаг. Зургаан тулаанд таарахдаа би ч, тэр ч гурав хожиж, гурав ялагдсан” гэж дурссан.
ТОКИОГИЙН ПАРАЛИМПИД ОРОЛЦОХ АНХНЫ ЭРХИЙГ ЭХ ОРОНДОО АВЧИРЧЭЭ
Азиас БНСУ нь тулааны төрлүүдээс таеквондог өндөр хөгжүүлсэн. Тамирчид нь хурдтай, хөнгөн. Тулалдах арга барил, техникээр гаргууд. Сүүлийн үед Узбекистан, Ираны тамирчид хүч түрэн орж ирж буй. Тамирчдынхаа чансаагаар БНСУ, Иран, Монголын тамирчид эхний байруудад жагсдаг. Паралимпийн наадамд оролцох эрхийг чансаагаараа эхний дөрвөн байрт жагсдаг тамирчдад олгодог. Харин эрхийн оноо нь бөхийн төрлүүдийн тамирчдынхаас бага. ДАШТ-д түрүүлбэл 140 оноо авах жишээтэй. Эхний дөрвөөс хойших 12 тамирчныг тивээс тэмцээнээс шалгаруулж эрх олгодог. Олимп, паралимпийн наадамд өрсөлдөхийн тулд тухайн жилд зохион байгуулсан Азийн болон ДАШТ-д амжилттай оролцсон байх шаардлагатай.Тэрбээр Туркийн Анталья хотод 2019 онд болсон пара таеквондогийн ДАШТ-д тус улсын Махмут Базтекег ялж, I байрт бичигдэн Токиог зорих эрхээ албан ёсоор баталгаажуулсан юм. Цар тахлын улмаас бэлтгэл хийх чухал үе цалгардаж, амжилт буурахад багагүй нөлөөлсөн. Олимпын дэвжээ ДАШТ-ийхээс өөр гэдгийг ч түүнд ухааруулав. Өмнө нь түрүүлнэ гэж огт төсөөлөөгүй Бразилын тамирчин аваргаар тодорсон. Паралимпийн наадамд оролцсон тулаанчдаас тэр л түүнтэй тулалдаж үзээгүй нь байлаа. Тэрбээр өрсөлдөгчийнхөө тактикт орж, алдаа гарган хожигдсоноор хүрэл медалиас мултарч байв. Спортын талбарт энэ мэтчилэн тооцоолоогүй, санаанд оромгүй зүйл бишгүй тохиолддог. Токиод 2019 онд паралимпод оролцох тамирчдын сорил тэмцээн болоход Г.Болор-Эрдэнэ түрүүлсэн. Тиймээс тэнд амжилтын жим гаргана гэж бодсон ч хараахан чадаагүй юм. Ялагдал тамирчдад сургамж болж, дахин алдахгүй байх зорилготой болгодог. Харин тэрбээр тэндээс ирээд “Өөрийн жижиг алдааг засаж чадсан бол медалиас атгах байлаа. Токиод болсон паралимп олон зүйлийг ойлгуулсан. Олимп гэж анхаарал хандуулсан миний толгойд медаль заавал хүртэх ёстой гэх бодлоос өөр зүйл нэг хэсэгтээ бодогдоогүй. Өөрийгөө хэт ачаалсан маань нэг талаар дарамт болсон тал бий. Зөвхөн чаддаг зүйлээ хийгээд, энэ миний хийх тоглолт шүү гээд тулалдсан бол арай өөр байх байв. Паралимпийн наадамд ялагдчихаад сэтгэл санаа хүндхэн байсан. Олон жил хичээллэсэн ч оргилд нь хүрч чадаагүйдээ ч харамссан. Тэр үед спорт сонирхогчид намайг Токиогоос медальтай ирэх болов уу гэж харсан нь анзаарагдсан юм. Олноос сайн, муу шүүмжлэл аль алийг нь сонссон ч санаа авмаар хэрэгтэй зөвлөгөөнүүд бас бий. Японоос ирснээс хойш бүх зүйлийг мартахыг хичээж, зөвхөн бэлтгэл хийхдээ төвлөрдөг байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан. “Токио-2020” паралимпийн наадмын тэмцээнд ялагдаж, чансаа доошилсон ч дараахан нь Истанбул хотод зохион байгуулсан ДАШТ-д дахин түрүүлснээр тэрбээр жагсаалтыг тэргүүлж эхэлсэн билээ. Алтан медаль Токиогийн паралимпийн наадмын дараах таагүй бодлыг үргээж, Парисыг зорих итгэл төрүүлсэн гэдэг.
ПАРИСТ МОНГОЛЫН ДАЛБААГ МАНДУУЛЖ, АЗИЙН ПАРА НААДАМД ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЛЭЭ
Боловсрол соёл эрх зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр 2020 онд төгссөн тэрбээр оюутан байх жилүүдэд хичээлдээ гүйх, бэлтгэл хийх, гадаад, дотоодын тэмцээнд оролцож завгүй өнгөрүүлжээ. Тэмцээнтэй үед хичээлээс байсхийгээд чөлөө авдаг байсан ч ДАШТ-ээс медальтай ирж, сургуулийнхаа удирдлага, багш нар, ангийн нөхдөө баярлуулсан. 2024 он түүний хувьд амжилтаа ахиулж, Францад хөл тавих үүрэг багш нараасаа авсан хариуцлага өндөртэй жил байв. Тиймээс Иранд зохион байгуулах пара таеквондогийн олон улсын тэмцээнээс эрх гардах хамгийн гол зорилго нь байлаа. Тегеран хотод тэр жил болсон “World president’s cup” паралимпийн эрхийн оноо олгох олон улсын VI тэмцээнд тэрбээр аваргын төлөө эзэн орны тамирчин Саид Садегянпурт ялагдаж, дэд байрт шалгарснаар Парисыг зорих тийз өвөртөлсөн юм. Гурван жил хүлээсэн паралимпийн тэмцээн Францад эхлэхэд тэрбээр хагас шигшээд Италийн тамирчин Антонино Боссолог 6:4-өөр илүүрхэж, финалд тулалдахаар болов. Түүнтэй өрсөлдөх тамирчин бол дэлхийн дэвжээнд хэдийн танил болсон, чансааг тэргүүлэгч Махмут Бозтеке (Турк) байлаа. Аваргын төлөөх тэдний тулаан ширүүхэн өрнөж, үзэгчдийн анхаарлыг татан суудлаас нь хэдэнтээ өндөлзүүлж огшоосон. Хэн нь ч түрүүлж мэдэх тааварлашгүй тулаанд үндсэн цаг дуусахад 7:7-гоор тэнцэв. Нэмэлт цагт Махмут Бозтеке түрүүлж оноо авснаар манай тамирчин мөнгөн медаль хүртэж, Парисын дэвжээнд Монголын далбааг мандуулсан түүхтэй. Тэгвэл Япон Улсад “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадам энэ сарын дундуур хөшгөө нээхэд Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийнхан оролцсон. Тэднээс Г.Болор-Эрдэнэ шөвгийн наймд Казахстаны Айбек Жумангалиг, хагас шигшээд Ираны Саид Садегянпурыг хожиж, алтан медалийн төлөө Узбекистаны Кудрат Хайдаровыг 2:1-ээр хожин Азийн пара наадмын хошой аваргаар шалгарч, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Түүний гэргий Б.Минжирмаа “Хань минь хоёр охиндоо амласнаа биелүүлж, Азийн пара наадмын хошой аварга боллоо. Аваргын төлөөх тулаанд уйлж, сандран дэмжлээ” хэмээн баярын нулимстай өгүүлсэн. Харин Г.Болор-Эрдэнэ “Эхнэртээ хэлсэн амлалтдаа хүрч түрүүлээ. Одоо Лос-Анжелесийн паралимпод аварга болох л дутуу байна. Бэлтгэлээ сайн хийж, хичээх болно” хэмээн хариулсан юм.