2026 оны аравдугаар сарын 23-нд болсон мэтгэлцээний үе. Зүүнээс Лула да Силва, Флавиу Болсонару
Бразилын одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва өнгөрсөн ням гарагт сонгогчдын 51.8 хувийн санал авч, уг албандаа дөрөв дэх удаагаа улиран сонгогдлоо. Тэрбээр өрсөлдсөн Флавио Болсонаругаас 4.4 саяар илүү санал авсан байна. Цэргийн дарангуйллын дэглэмийг 1989 онд халснаас хойш анхан шатны санал хураалтад ялагдсан нэр дэвшигч хоёр дахь шатанд илүүрхсэн тохиолдол байгаагүй ч энэ удаад 81 настай Лула да Силва ялав. Түүнд тахим өгсөн Флавио Болсонару нь 2022 оны сонгуульд Лулад ялагдсаныхаа дараа төрийн эргэлт хийхийг оролдсоны улмаас олон жил шоронд хоригдох ял авсан хэт барууны үзэлт Жаир Болсонаругийн хүү юм.
Сонгуулийн сурталчилгааны үед Лула “Манай улс эрх чөлөөтэй болно, эсвэл бид Бразилын төлөө амиа өгнө. Энэ улс хэн нэгний арын хаалга байхыг зөвшөөрөхгүй” гэж хэлжээ. Тэгвэл Флавио Болсонару эцэг шигээ Цагаан ордонд найртай ханддаг, Доналд Трампын засаг захиргаатай ойр дотно ажиллахад бэлэн байв. Эрх баригчид нь барууны үзэл баримтлагчдаар солигдсон Өмнөд Америкийн улсуудтай Бразил хөл нийлүүлнэ гэж ажиглагчид тооцоолж байсан ч сонгогчид өөр шийдвэр гаргав. Лула да Силва насны хувьд ахимаг удирдагчдын тоонд орж буй, 2030 онд 85 хүрэх юм. Тэрбээр 2003 онд анх Ерөнхийлөгч болж 2006 онд дахин сонгогдож, 2022 онд мөн л “зүтгэсэн” ч авлигын гэх хэл аманд орооцолдож, нэг жил гаруй хугацааг шоронд өнгөрөөсөн байдаг. Лула Бразилын улс төр, үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний ахмад зүтгэлтэн, 27 жилийн өмнөх сонгуулийн хоёр шатанд дараалан ялагдсан аж. Лула ядуу айлын долоо дахь хүүхэд юм байна. Түүнийг долоон настай байхад гэр нь Сан-Паулуд нүүж иржээ. Багаасаа сонин тараагч, гутал тослогч, будагчны туслах зэрэг хар бор ажил хийж явж. Хүүхэд ахуй цагаасаа энэ мэт хөдөлмөр эрхэлсэн түүнийг Лула гэж хочилдог байсан нь яваандаа түүний албан ёсны нэр болжээ. Энэ нь ядуу ажилчин байгаад улс төрч болсныг нь гэрчилнэ. Түүнийг ямар хүн явсныг нь нотлох бас нэг баримт нь үйлдвэрлэлийн ослоор гарынхаа нэг хурууг алдсан явдал юм. Улмаар “дайснууд” нь түүнийг “есөн хуруут” гэх болсон байна. 1978-1980 онд түүний удирдаж байсан бослого тэмцэл Хөдөлмөрчдийн намаа байгуулах эхлэл болжээ. Тэрбээр 1989, 1994, 1998 оны сонгуульд ялагдан байж Ерөнхийлөгчийн суудал суусан хүн юм.
Ерөнхийлөгч болсон эхний жилээсээ л туйлын ядуу, хүн ам нь бараг нийтээрээ бичиг үсэггүй улсыг цэцэглэн хөгжиж буй, тэгш эрх бүхий Бразил болгож хувиргахаар чармайсныг зарим өрсөлдөгчид нь ч хүлээн зөвшөөрөхөд хүрсэн байна. Ер нь анхнаасаа л олон туйлт дэлхий ерөнтөнцийн төлөө тэмцэж иржээ. Улс төрийн ач тус хүргэснийхээ хариуд олон сууц авсан гэж Лулаг үзээд, 2018 онд есөн жил шоронд хорихоор шүүх шийдвэрлэв. 580 хоног хоригдоод 2019 оны эцсээр суллагдав.
... 2026 оны аравдугаар сарын 4-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн аль нь ч 50-иас илүү хувийн санал аваагүй тул 25-нд хоёр дахь шатны санал хураалт болж хамгийн олон санал авсан Луис Инасиу Лула да Силва, Флавио Болсонару хоёр өрсөлдөв. Бразил шиг олон хүн амтай улсын хувьд “бага зэрэг” гэж хэлж болох зөрүүгээр Лула ялсан ч өрсөлдөгч нь ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байлаа.
2000-аад онд Төрийн тэргүүний хувьд Лулагийн олсон гол амжилтуудын нэг нь нийгмийн халамжийн хөтөлбөр нэвтрүүлсэн явдал байв. Энэ санаачилгынхаа хүрээнд бага орлоготой, олон хүүхэдтэй гэр бүлд сар бүр хүүхдийн тоогоор тооцон мөнгө олгох болжээ.
Лула улс төрийн үйл ажиллагаагаа 1980- аад онд эхлүүлжээ. Гэхдээ ажилчдын эрхийн төлөө тэмцэлд оролцож, удирдаж ихээхэн туршлагатай болсон байв. 1986 онд Үндэсний конгрессын гишүүнээр сонгогджээ. Ерөнхийлөгчийн суудлын төлөө 1989 оноос байнга өрсөлдсөн ч 2002 онд л анхны ялалтаа байгуулав. Ажилчид, ядуучуудыг дэмжихэд чиглэсэн өөрчлөлтүүд хэрэгжүүлсэн нь 2011 он гэхэд түүний нэр хүндийг 80 гаруй хувь болтол өсгөсөн нь дээд үзүүлэлт байлаа. Харин 2016 онд Бразилын прокурорын байгууллага Лула болон түүний намыг авлигын хэрэгт буруутгасан нь нэр хүндэд нь айхавтар цохилт болжээ. Төрийн мэдлийн нефть, хийн “Petrobraz”-тай барилгын компаниудыг ашигтай нөхцөлөөр гэрээ байгуулахад тусалж, хариуд нь Лула болон бусад улс төрчид компаниуд авлига өгсөн, Хөдөлмөрийн намыг нь ч санхүүжүүлсэн гэж шүүх үзэж, 2017 оны зун ял оноосон. Лула давж заалдсан ч шүүхээс эхлээд оноосон есөн жилийн ялыг 12 болгож уртасгаж орхив. Гэлээ ч мөрдөн шалгасан үйлдлийг улс төрийн шалтгаантай бөгөөд 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх зорилготой гэж Дээд шүүх үзэж цагаатгасан аж. Улс төрийн эрхийг нь ч сэргээв. Ингээд 2012 оны сонгуулийн өмнөх сурталчилгаагаа эхлэх боломж бүрдсэн юм. Хэт барууны Либерал намын Жаир Болсонару 2019-2023 онд Бразил улсын төрийг тэргүүлэв. Энэ хүн үлэмж консарватив бодлого явуулж 1964-1985 онд тус улсад оршиж байсан цэргийн дарангуйллын дэглэмд нааштай ханджээ. Тэрбээр үр хөндөх, ижил хүйстнүүд гэрлэх, хүрээлэн буй орчноо хамгаалахыг эсэргүүцэж, цагаачлалын хатуу хууль, тогтоомж, галт зэвсэгт тавих хяналтыг сулруулахыг дэмжив.
2022 онд Болсонару ялагдлаа хүлээн зөвшөөрөлгүй, түүнийг дэмжигчид хоёр сар гаруй хугацаанд эсэргүүцэн тэмцсэн. Тэд замын хөдөлгөөнийг орон даяр хааж, цагдаа нар луу дайрч давшилж, алан хядах ажиллагаа үйлдэхээр заналхийлсэн аж. 2023 оны нэгдүгээр сарын эхээр нийслэл дэх Засгийн газрын хэд хэдэн байр, Дээд шүүх, Ерөнхийлөгчийн ордныг ч эзэлж авчээ. Нийслэлд онц байдал тогтоов.
Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг Лулагийн тэргүүлсэн төрийн эсрэг эргэлт хийхэд бэлтгэсэн хэмээн 2025 оны намар буруутгаж 27 жил, гурван сар шоронд хорихоор болсон. Эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалж сүүлийн хэдэн сар түүнийг гэрийн хорионд байлгаж буй. Хүү Флавиуг нь бусдын үгийг дагадаг улс төрч гэх бодол зарим хүнд бий ч сонгуульд ялсан бол эцэг шигээ л бодлого явуулах байсан гэдэгт улс төрийн тоймчдын олонх нь санал нэгдэж байгаа аж. Сонгуулийн өмнөх кампанит ажлаас нь анзаарахад тэрбээр эцгээсээ төдийлөн ялгарахааргүй байсан гэнэ. Ерөнхийлөгчөөр сонгогдвол юуны түрүүнд эцэгт нь оноосон ялыг цуцлахаар зэхэж байж. Хүү Болсонару энэ оны тавдугаар сард Доналд Трамптай уулзжээ. Трамптай эцэг нь дотно харилцаатай байв. Энэ уулзалтын дараа Флавиуг “Эх орондоо их хайртай, ухаалаг залуу” хэмээн тэрээр үнэлсэн байна. Тэгвэл Флавиу сонгуулийн өмнөх сурталчилгаандаа Трамптай хамтран Бразил, АНУ-ын газар нутаг дахь гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэнэ гэж амлажээ. Түүнийг эсэргүүцэгчид эцгийнхээ нэрээр л сонгогчдод танигдаж байснаас биш өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьгүй этгээд гэж үздэг юм байна. Саяны сонгуульд өрсөлдөгч хоёрын мөрийн хөтөлбөр байгаль орчны асуудлаар ихээхэн зөрөөтэй байжээ. Лула болохоор Амазон мөрний сав газарт нефтийн орд хайн өрөмдлөг хийхийг дэмжиж байснаас шүүмжлэлд өртөв. Гэхдээ тэрбээр уур амьсгалын асуудлыг хүлээн зөвшөөрч түүний төлөө тэмцэхээр амлаж байжээ. Тухайлбал, Амазоны ой модыг огтлохыг 2030 он гэхэд зогсооно хэмээн амласан юм. Түүнээс гадна байгаль хамгаалах асуудлыг хариуцдаг хүрээлэнгийн бүрэн эрхийг өргөжүүлжээ. Тэгвэл хүү Болсонару нь хүрээлэн буй орчны асуудлыг хайхардаггүй, эцгийнхээ үзэл бодлыг дэмждэг, 2019 онд цаг уур өөрчлөгдөнө гэдэг үлгэр домог хэмээн мэдэгдэж байв.
Р.Жаргалант