Цагдаагийн тэтгэвэртээ гарсан хурандаа нарын нөлөөгөөр хамтарч бизнес эрхэлж байсан В.Ганзориг гэх хүнийг залилангийн хэргээр цагдан хориулсан гэх дуулианд холбогдсон “Урьхан” зоогийн газрын эзэн Б.Чинбат нарын хилээр гарах эрхийг хязгаарлав. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Чинбат болон түүний хадам дүү Д.Ичинхорол нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хэлэлцээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор энэ сарын 26 наас эхлэн уг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авав. Б.Чинбатыг “Штайнколе” гэх компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Д.Ичинхоролтой хамтран Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Элдэвийн орд газраас нүүрс олборлуулна хэмээн БНХАУ-ын иргэнээс их хэмжээний мөнгө залилсан,эд хөрөнгө завшсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт яллагдагчаар татаад буй юм. Тус уурхайгаас нэг жилийн хугацаанд 13 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх 600 мянган тонн нүүрсийг Уурхайн түрээсээр эзэмших,ашиглах гэрээ байгуулан хятад, өвөр монгол иргэдэд нийлүүлэх гэрээ 2019 онд байгуулсан аж. Улмаар 2019 оны аравдугаар сараас 2020 оны арван хоёрдугаар сар хүртэлх хугацаанд 7.8 тэрбумын үнэ бүхий 359 мянга шахам тонн нүүрс олборлуулсан гэнэ. Үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хөрс хуулалтын зардал, ашиг хэмээн багагүй мөнгө Б.Чинбат, Д.Ичинхорол нар авч, залилсан. Мөн 5.7 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, зайлсхийсэн хэрэгт хол богдсон юм билээ. Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны есдүгээр сард хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан аж. Харин хохирогч БНХАУын иргэний гомдлыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны хоёрдугаар сард хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон юм. Үүнээс хойш хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд энэ хүрээнд “Урь хан” ы Б.Чинбат, Д.Ичинхорол нарт дээрх таслан сэргийлэх арга хэмжээг аваад буй аж.