“Монгол-99” нийгэмд үйлчлэх статустай төрийн бус байгууллагынхан Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах сумын зааг нутагт зэрлэг амьтдыг ундаалах худаг гаргаж, ухаалаг хөв цөөрөм байгуулжээ. Уг ажлыг хийхэд 100 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд цаашид тэд Монгол орны говь, цөлийн бүсэд ийм 99 хөв цөөрөм байгуулах зорилт тавьсан аж.
Манай орны өмнөд говьд дэлхийд ховордсон хар сүүлт зээр, хулан тэргүүтэй зэрлэг амьтад нутагладаг. Хуурай, халуун уур амьсгалтай, дээр нь усны хомсдолтой тул ан амьтад харангадан үхэх тохиолдол элбэг билээ. Байгаль, цаг уурын энэхүү онцлогийг харгалзан дээрх сумуудын заагт байгуулсан хөв цөөрөм, худаг нь ундаалахаар ирсэн ан амьтдын хөдөлгөөнийг мэдэрч, автоматаар гүний усаа татаж, онгоцоо дүүргэдэг байна. Хөв цөөрмийн цахилгааны эх үүсвэрийг ч мөн нарны эрчим хүчээр шийджээ. Ингэснээр хөрсөн дээрээ 50 хэм хүрч халдаг говийн ан амьтад устай золгож, амьдрах, идээшлэх орчин нөхцөл нь сайжраад байгаа юм.
Сонирхуулахад, “Монгол-99”-ийнхөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган ууланд янгир нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлж, эдүгээ тоо толгойг нь 21-т хүргээд буй гэнэ.