Япон Улсын Айчи муж болон Нагоя хотод зохион байгуулсан Азийн пара тав дахь удаагийн наадам өндөрлөлөө. Манай улсын багаас хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн F55 ангилалд Ц.Доржзодов 36 метр 99 сантиметр шидэж, мөнгөн медалийн буухиаг үргэлжлүүлэв. Бөөрөнцөг түлхэлтийн F64 ангилалд оролцсон Т.Мядагмаа шигшээд шалгарч (долоон метр 40 см) V байр эзлэн, хувийн амжилтаа 80 см-ээр ахиулжээ. Эл төрлийн F46 ангилалд өрсөлдсөн Ч.Бат-Отгон 10.78 түлхсэн үзүүлэлтээр VI байрт орсон юм. Тэргэнцэртэй 100 метрийн зайн уралдаанд П.Энхманлай эрэгтэйчүүдийн Т53 ангилалд оролцохдоо урьдчилсан гараанд хэсэгтээ дөрөвт орж, шигшээ уралдаанд VIII байр эзэлсэн байна. Усан спортын тэмцээний S11 ангилалд Ө.Мөнхтөр 100 метрийн өврөөр даллах сэлэлтэд (нэг минут 39 секунд) тав, 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд (хоёр минут 40 секунд 80 доль) зургаадугаар байр эзлэв. Түүний хувьд өмнөх наадамд шатрын төрөлд оролцсон бол энэ удаа усанд сэлэлтээр өрсөлдсөн.
Байт харвааны хувийн төрөлд Д.Сэлэнгээ аваргын төлөө БНХАУ-ын тамирчин Гао Зи Ханд 7:3-аар хожигдож, эх орондоо дөрөв дэх мөнгөн медалийг авчрав. Тэрбээр эмэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Оюун-Эрдэнийн хамт цэц сорьсноос эхний харваанд гоц мөргөж, дараагийнханд Индонезийн багийг буулган авсан. Хагас шигшээд өмнөд хөршийн багт ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Ираны тамирчдыг 6:2-оор илүүрхсэн юм. Монголын тамирчид байт харвааны багийн төрөлд анх удаа медаль хүртсэн нь онцлох амжилтын нэг байв. Дээрх наадамд 45 орны 3000 гаруй тамирчин спортын 18 төрөлд өрсөлдсөнөөс Монголын баг тус бүр дөрвөн алт, мөнгө, хоёр хүрэл нийт 10 медаль хүртсэн амжилтаар 14 дүгээр байрт жагсав. Үүгээрээ манайхан пара наадмаас хамгийн олон медаль гардсан түүхэн амжилт боллоо. Энэ удаа БНХАУ-ын баг 207, Япон 64, Узбекистан 45 медаль гардаж эхний гурван байрт шалгарчээ.