Монголоос 35 оюутан 1926 онд Герман, Франц улсыг зорьж, Европын боловсрол, шинжлэх ухаан, соёлтой танилцсан нь манай орчин үеийн сэхээтнүүдийг бэлтгэх, өрнөдийн орнуудтай харилцах суурийг тавьсан түүхэн үйл явдал байв. Тэдний эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гашуун түүхийг эргэн судлах зорилготой “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.
Ардын Засгийн газрын 1925 оны хуралдаанаар 35 оюутныг Герман, Францад сургахаар шийдвэрлэсний дагуу 1926 онд тэднээс 31 нь Германд, дөрөв нь Францад хуваарилагдан суралцсан байна. Гэвч 1926-1930 онд ЗХУ, Коминтерны шахалтаар эх оронд нь хугацаанаас нь өмнө буцаажээ. Тэдний зарим нь хожим Монголын утга зохиол, боловсрол, шинжлэх ухаан, урлагийн салбарт нэрээ дуурсгасан ч олонх нь 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн юм. Тухайлбал, их зохиолч Д.Нацагдорж, зохиолч, кино найруулагч Т.Нацагдорж, утга зохиол судлаач Б.Содном, яруу найрагч, орчуулагч Н.Наваан-Юндэн, ардын багш Г.Батсүх, геологич Ш.Цэвэг нарын олон хүн бий.
Хурлаар тэдний намтар, мэргэжил, эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр, тухайн үеийн гадаад бодлого болон улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар хэлэлцүүлэв. Мөн архивын баримт, гэрэл зураг, захидалд тулгуурласан 18 илтгэл танилцуулсны дотор 1920-1930-аад оны Монгол-Германы харилцаа, Д.Нацагдорж судлал, Германд суралцсан анхны таван эмэгтэйн амьдралын тухай судалгаа багтжээ.
ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж энэ үеэр “Монгол Улс XX зууны эхний хагаст өрнөдийн орнуудтай харилцаа тогтоосон нь тусгаар тогтнолоо баталгаажуулах эрх ашигтай холбоотой. Цаг үе, үзэл санааны шалтгаанаар Монголын шинэ үеийн түүх хаалттай байлаа. Энэхүү хурал нь өмнө нь судлагдаагүй баримтыг шинжлэх ухааны эргэлтэд оруулах чухал алхам болж байна” гэв.
Харин УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Б.Пүрэвдорж анхны сурагч, оюутнуудын хувь заяа, улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар онцоллоо. Түүний хэлснээр 1929 онд шинэ жил тэмдэглэсэн гэх шалтгаанаар таван сурагчийг эх оронд нь буцаасны дараа үлдсэн 30 хүнийг мөн авчирч, хэлмэгдүүлсэн аж. Тэднийг цагаатгаж, нөхөн олговор олгох хуулийг батлуулснаар нэхэмжлэл гаргах эрхийг нээсэн бөгөөд үүний хүрээнд 43 хүнийг цагаатгаж байгаа гэлээ. Мөн ор сураггүй алга болсон 770 орчим хүнийг цагаатгах хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж буйг дурдсан юм.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Германд айлчлах үеэрээ Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдорж болон түүний багш, Германы монголч эрдэмтэн, профессор Эрих Хэниш нарын дурсгалд зориулсан баримал байршуулжээ. Энэ нь хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааны түүхийг мөнхөлсөн онцгой үйл явдал болсныг Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухаан, техникийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал онцлов. Хурлын үеэр Европт анх суралцсан залуусын үр хүүхэд, ач зээ нар өвөг дээдсийнхээ амьдрал, үйл хэрэг, дурсамжаас хуваалцсан юм. Мөн энэ үеэр “Гунгаажавын Батсүх-анхны сурагчаас Ардын багш” номыг уншигчдын хүртээл болголоо.
У.Сүрэн