ОХУ-ын жүдо бөхийн холбооны санаачилгаар олон хотын “Citles battle-2026” багийн халз барилдаанд манайхан зодоглож байна. Улаанбаатар болон Орхон аймгийн (Эрдэнэт) багтай хойд хөршийн Оренбург, Грозный хотын баг тойргийн журмаар барилдав. Хүч сорьсон багуудаас Улаанбаатар, Оренбург хотын жүдочид нэг ч ялагдалгүй хошуучилж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Халз барилдаанд тэргүүлсэн багийнхан Москвад арванхоёрдугаар сард эхлэх финалын шатанд оролцох эрхээ авах юм. Ташрамд дуулгахад, Монголын жүдо бөхийн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Judo kids II” төслийн хүрээнд 21 аймаг, 330 сумыг дэвжээтэй болгох зорилгоор Увс аймгийн Наранбулаг сумд татами гардуулан өгчээ. Уг төсөл нь орон нутгийн хүүхэд, залуусыг жүдогоор хичээллэх орчин нөхцөлөөр хангах, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх зорилготой юм. Түүнчлэн тус сумд төрж, өссөн Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжиннямын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийг шинэчлэн байгуулж, түүний нэрэмжит баруун бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулах аж.