Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүү рэгт тодруулж хэлбэл Зүүн салааны хуучин эцэст мандлын болон гоёлын цэцгийн аж ахуйг хөгжүүлэхээр агрономич Ц.Сүнжидмаа, түүний гэр бүл, хамт олон хичээж байна. Монголын цаг агаарын хэм, хөрсний онцлогт тохирсон, аль болох богино хугацааны болцтой, том дэлбээтэй, гоёмсог, “урт настай” цэцгийн тариалалт, туршилтын ажлыг эхлүүлээд цөөнгүй жил болжээ. Өрхийн аж ахуйгаас гараагаа эхлүүлж салатны навч, бууцай, юуцай зэрэг нарийн ногоо нийлүүлж байсан Ц.Сүнжидмаа агрономич цэцгийн аж ахуй хөгжүүлэхээр зорин өдгөө 40 орчим сортын лили буюу сараана туршин тарьж байгаа юм. Хэрэв цэцгийн аж ахуйгаа сайтар хөгжүүлж, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн нийлүүлж хэвшвэл жилд 4-5 сая ам.долларын борлуулалттай том зах зээл манайд бий. Өөрөөр хэлбэл, манайд амьд цэцгийн импорт жил бүр нэмэгдсээр 2025 онд 4.9 сая ам.доллароор 12.2 сая ширхэг цэцэг худалдан авсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. Энэ нь 2016 он буюу 10 жилийн өмнөхөөс амьд цэцгийн импортод зарцуулсан хөрөнгө даруй 30 дахин өссөн дүн билээ.
“ЦЭЦГИЙН СОЁЛ УЛАМ ДЭЛГЭРЧ, ЦЭЦЭГ БЭЛЭГЛЭХ НЬ НЭМЭГДСЭН”
Манай улс сэрүүн уур амьсгалтай, хэт хүйтэрдэг учраас хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд бэрхшээлтэй. Тиймээс хү лэмжид, дулаан орчинд үрслүүлж, бойжуулдаг цэцгийн тариалалт, нийлүүлэлт, улмаар цэцэгжүүлэлт бага. Энэ нь Улаанбаатар хотын төвд ч анзаарагдахуйц мэдэгддэг. Уг нь жил ирэх бүр л хотын төв болон голлох талбайнуудад өнгө өнгийн цэцэг тарьж, алаглуулахыг зорьдог ч энэ жил долоодугаар сар гарах дөхсөн энэ үед цэцэгжүүлсэн талбай цөөн байна. Төв талбайн Сүхбаатарын хөшөө орчмын цэцгийг дөнгөж өнгөрсөн долоо хоногт л суулгаж дууслаа. Цэцэг суулгалт ийнхүү оройтох болсон нь энэ зун дулаарч өгөхгүй, сэрүүн байсантай холбоотой гэнэ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл “Энэ жил сэрүүхэн зун болж буйтай холбоотойгоор нэг наст цэцгийн нийлүүлэлт оройтсон, ургалт ч муу байна. Гэсэн ч бид хамтран ажиллагч аж ахуйн нэгжүүдээс одоогоор 30 000 гаруй ширхэг нэг наст цэцэг авч, жуулчид их зорчдог талбай, гудамжид суулгалаа. Үүнд хилэн, алаг нүдэн, хун цэцэг зэрэг 10 гаруй төрлийн цэцэг бий. Долоодугаар сарын эхний 10 хоногт ч мөн цэцгүүд нэмж суулгана” гэлээ. Нийслэлийн бүх дүүрэгт нэг наст цэцгүүд суулгаж буй гэнэ.
Хан-Уул дүүргийн нэгэн худалдааны төвд цэцгийн лангуу ажиллуулаад дөрвөн жил болж буй Г.Амина “Манайх жижигхэн лангуугаа ажиллуулаад багагүй хугацаа өнгөрүүллээ. Одоогоор 10 гаруй төрлийн цэцэг борлуулдаг. Үүнд удвал, сараана, сарнай, наранцэцэг, лисантус зэргийг нэрлэж болно. Монголд цэцгийн соёл улам бүр дэлгэрч, хүмүүс цэцэг худалдан авах, бэлэглэх нь нэмэгдсэн. Энэ хэрээр ч цэцгийн дэлгүүр олширч, импортод зарцуулах хөрөнгө өсөж байгаа болов уу. Мөн цэцгийн үнэ ч өссөөр байгаа юм. Таван жилийн өмнө нэг ширхэг сарнай 5000-6000 төгрөг байсан бол одоо 10 000 төгрөгөөс давсан. Цэцгийн жижиг баглааны үнэ 50 000-аас эхлэх бол том, тансаг нь 500 000 төгрөгийн ч үнэтэй байна. Би хоёр хүн ажиллуулж, хүргэлтийн компанитай гэрээ хийн, татвараа төлөөд болоод байдаг. Гэхдээ цэцгийн борлуулалт тогтмол биш, хонхны баяр, Эхийн одон гардуулах үе, Эмэгтэйчүүдийн баяр, хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр өсдөг. Бас бүх цэцгээ бид бөөний борлуулагчдаас буюу импортоор оруулж ирдэг хүмүүсээс худалдан авдаг. Хэрэв дотоодоос нийлүүлдэг бол бид дамжуулан борлуулахдаа таатай байна шүү дээ. Дотоодоос цэцэг нийлүүлдэг, цэцэг тарьдаг хүн би хувьдаа мэдэхгүй” гэлээ.
“ОРИАНТАЛ СОРТЫН САРААНЫГ МОНГОЛД АНХ УДАА ТАРЬЖ БАЙНА”
Бид импортын хамаарлыг бууруулъя, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлье хэмээн их ярьдаг. Үүндээ голдуу хүнс, хүнсний болон нарийн ногооны талаар хөнддөг бол цэцгийн тухайд ярих нь ховор. Гэтэл амьд цэцгийн импортод зөвхөн өнгөрсөн жил 4.9 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 17.5 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм. Үүн дээр мандлын цэцэг, бүх төрлийн үр, үрсэлгээг оролцуулбал чамгүй өндөр дүн гарна. Дээр дурдсанчлан хүйтэн өвөлтэй уч раас жилийн турш задгай талбайд цэцэг тарьж, ургуулж, үржүүлэх боломж манайд хяз гаарлагдмал. Түүнчлэн хүлэмжийн аж ахуй хөгжөөгүй, дөрвөн улирлын хүлэмж цөөн, байгаа хэдэд нь өргөст хэмх, улаан лооль зэрэг цөөн бүтээгдэхүүн тарьдаг төдий.
Агрономич Ц.Сүнжидмаа “Манайх мандлын 20, гоёлын буюу баглааны цэцэг 10 гаруй төрлийнхийг тарьж, нийлүүлж байна. Ялангуяа баглааны цэцгийн сортыг хөгжүүлэхэд анхаарч, дотоодоо тохирсон сорт бий болгохоор ажилладаг. Бид том дэлбээтэй ориантал сортын сарааныг Монголд анх удаа туршин ургуулж байна. Мөн энэ жил гэхэд сараанын 40 гаруй сая төгрөгийн булцуу худалдан авч тарьснаас 2-3 сая төгрөгийнх нь л одоогоор ургалаа. Эндээс аль үрээр, ямар технологиор, хэзээ тарьсан нь илүү манайд нутагших, цаашид хөгжүүлж болохыг дүгнэнэ гэсэн үг. Анх 2016 онд 5000-6000 сараана тарьж борлуулан, амжилттай ажиллалаа гэж байсан бол өдгөө 20 000 ширхгийг бойжуулж, нийлүүлдэг болсон нь том ахиц. Гэхдээ бидэнд жилийн дөрвөн улиралд цэцгийн тариалан эрхлэх боломж алга. Учир нь өвлийн хүлэмж байхгүй, ийм хүлэмж барих зардал өндөртэй холбоотой. Түүнчлэн сарааны нэг булцууг 12 еврогоор авч тариад, боловсорсон цэцгийг нь 8000 орчим төгрөгөөр нийлүүлдэг. Нэг булцуу тав болж, бүрэн боловсорч, хөрсөндөө үржих хүртэл багадаа 3-4 жил зарцуулна. Өөрөөр хэлбэл, гурван жилийн дараагаас л анхны хөрөнгө оруулалтаа нөхөх боломж бүрдэнэ гэсэн үг. Гэтэл манайх том аж ахуйн нэгж биш учраас хөнгөлөлттэй зээл авч чаддаггүй. Тиймээс санхүүгийн асуудлаа өөрсдөө бүрэн хариуцахаас өөр аргагүй. Уг нь дөрвөн улирлын хүлэмжтэй бол сарнай биш юм гэхэд, сараана, наранцэцэг зэргийг өвөл ч тариад, тасралтгүй ажиллах боломжтой. Мөн заавал том талбай хэрэггүй. Манайх гэхэд 2-3 айлын газар 8000 орчим га талбайд л аж ахуйгаа эрхэлдэг. Нэг ам метр талбайгаас бид жилд дөрвөн удаа удаа буюу 12 кг ургац авдаг. Технологийн хугацаандаа жижиг талбайгаас арвин ургац авах аргачлалыг нэвтрүүлсэн. Цаашид төрийн зүгээс мандлын болон баглааны цэцгийн үрсэлгээ, үржүүлэг, тариалалтыг хөгжүүлэхэд анхаарч өгвөл сайн байна. Аж ахуйгаа өргөжүүлж дөрвөн улирлын, орчин үеийн, том хүлэмжтэй болж, гоёлын, мандлын цэцгийн тариаланг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, импортыг орлох бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй” хэмээв.
“ДОТООДДОО ТАРИАЛСАН ЦЭЦЭГ, НОГОО ХУДАЛДАН АВАХЫГ ЗӨВЛӨДӨГ”
Цэцэг бол амьд ургамал. Амьд байлгаж, “урт наслуулахад” арчилгаа тордолгоо, нэмэлт бодис шаардлагатай. Тэгвэл импортын цэцгийн өнгийг шинэ сэргэг хэвээр хадгалах, хэлбэрийг алдагдуулахгүй байлгахын тулд химийн бодис ашигладаг гэдэг. Ийм бодис нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, орчиндоо нүдэнд үл үзэгдэх бохирдлыг үүсгэдэг хэмээн үзэх хүн ч цөөнгүй бий. Энэ тухайд нийгмийн эрүүл мэндийн ухааны магистар С.Одонгуа “Баглааны цэцгээс харшилж, харшил нь хүндэрч эмнэлэгт хандсан хүн цөөнгүй байдаг. Энэ нь тухайн цэцгээс биш, цэцгийг тээвэрлэх, хадгалах явцад ашигладаг бодисоос шалтгаалдаг гэхэд болно. Уг нь ийм бодисууд нь олон улсад хү лээн зөвшөөрөгдсөн, хүн, амьтны эрүүл мэндэд харшлахгүй байх ёстой. Гэтэл бид урд хөршөөс, бүр урд хөршийн төвийн бүс, дулаан уур амьсгалтай нутгаас нь олон хоног тээвэрлэн авч ирдэг цэцэгнүүдэд ямар бодис ашигладгийг мэдэхгүй. Дунд, урт хугацаанд бидний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг ч таашгүй. Тиймээс л эрүүл ахуйч мэргэжилтнүүд дотооддоо тариалсан, аль болох нутагшсан сортын цэцэг, хүнсний болон нарийн ногоо худалдан авахыг зөвлөдөг” гэлээ.
Эндээс харахад манайд өвлийн хүлэмжийн зардал өндөр учраас хөгжүүлж чаддаггүй, хөнгөлөлттэй зээл тусламж олдоггүй гэсэн асуудал ужигарсан хэвээр. Тиймээс ч бид багагүй хөрөнгийг импортын бүтээгдэхүүнд зарцуулсан янзаараа. Хэрэв хоёрхон га талбайтай буюу 20 000 ам метр дөрвөн улирлын хүлэмжтэй бол жилд дунджаар нэг сая ширхэг цэцэг тарьж болох аж. Үүнээс багадаа л 1.5 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулах боломжтой юм байна. Цахилгааны зардлаас шалтгаалж борлуулалт болон ашгийн хэмжээ нэмэгдэж болох ч импортоор авдаг гол нэрийн 10 цэцэгнээс дотооддоо ядаж 3-4-ийг нь тариалж, нийлүүлэх бүрэн боломж байна. Тиймээс импортын хамаарлыг бууруулахад салбар бүрээр анхаарах шаардлагатайг ахин дурдая.
Цэцгийн тариалалт, нийлүүлэлтээр дэлхийд Нидерланд улс тэргүүлдэг юм байна. Тус улсад цэцгийн хамгийн том экспорт, ложистикийн төв байдаг аж. Уг төвөөс Европын Холбооны бараг бүх орон руу цэцэг нийлүүлдэг. Нидерландын дараагаар Колумб, Кени улсууд цэцгийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг гэсэн. 2025 онд олон улсын хэмжээнд цэцгийн борлуулалтын эргэлт дунджаар 40 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 42-43 тэрбум “ногоон”-д хүрнэ гэсэн таамаг бий. Улмаар 2033 онд 60 тэрбум ам.доллараас давах төлөвтэй бөгөөд цэцэг нь үнэ өндөр, хурдан эргэлттэй бүтээгдэхүүн бөгөөд зах зээл нь жилд дунджаар зургаан хувиар өсөж байгааг олон улсын шинжээчид дурджээ.