Хойд хөршийн Чита хотод болсон олон улсын хүүхдийн спортын ХII наадамд манай улсаас 76 тамирчин спортын найман төрөлд өрсөлдөж, тус бүр 13 алт, мөнгө, 19 хүрэл нийт 45 медаль хүртэв. Тус наадамд дасгалжуулагч Д.Оюунхандын удирдлагад оролцсон эмэгтэйчүүд байт харвааны багийн төрөлд түрүүлж, волейболын тоглолтод А.Баярсайхан дасгалжуулагчтай охидын шигшээ дэд байрт шалгарлаа.
Боксын тэмцээнд охидоос 50 кг-ын жинд А.Мөнгөнзул алт, 48 кг-д С.Мөнхжаргал, 52 кг-д М.Ариунцэцэг нар мөнгө, 70 кг-д Э.Үүрцайх хүрэл медаль зүүсэн юм. Хөвгүүдээс 50 кг-д Ө.Сүлд мөнгө, 60 кг-д М.Цэлмэг хүрэл медаль гардсан. Манайхаас боксын тэмцээнийг олон улсын шүүгч Д.Лхагвадорж дэнсэлжээ. Хөнгөн атлетикийн 4х400 метрийн зайн холимог буухиа төрөлд А.Хишигжаргал, М.Мөнхзолбоо, Г.Анударь, О.Хувьтөгөлдөр нар гурван минут 56 секунд15 долийн амжилтаар хүрэл, 1500 метрийн зайд А.Хишигжаргал таван минут, дөрвөн секунд, 80 долийн амжилтаар аваргалсан байна. Тэрбээр мөн 800 метрийн зайд III байрт орсон бол Г.Анударь 100 метрийнхэд хүрэл медаль хүртжээ. Жүдо бөхийн төрөлд дасгалжуулагч С.Солонгогэрэл, Ц.Гэрэлсайхан нарын удирдлагад охид, хөвгүүдийн зургаан жинд оролцсон тамирчид тус бүр хоёр алт, мөнгө, найман хүрэл медаль гардаж, шатрын тэмцээнд “Таван хан” клубийн дасгалжуулагч Ө.Бат-Очирын ахалсан багаас Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Цэлмүүн нар мөнгөн медаль хүртэв. Тэд таван хожиж, нэг ялагдан удаах байрт орсон юм. Дараагийн наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар болж, тугийг нь хүлээлгэн өгчээ.