“Чингис хаан” үндэсний музейнхэн Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг өчигдөр олны хүртээл болголоо. Эл үзэсгэлэнд Сэргэн мандалтын үеийн суут зураач Рафаэл Сантигийн “Хөрөг”, XVII зууны Барокко урлагийн нэрт төлөөлөгч Жиан Лоренцо Бернинигийн “Нептун” бүтээлийг Монголд төдийгүй Азид анх удаа дэлгэн үзүүлж байна.
Рафаэлын “Хөрөг”, Бернинигийн “Нептун” нь урлагийн түүхэн дэх тэс өөр хоёр эрин үеийн онцлогийг илэрхийлдэг. Тухайлбал, Рафаэлын бүтээл хүний хүч чадлыг дотоод амар амгалан, аядуу зөөлөн хэмнэлээр илэрхийлсэн бол Бернинигийн баримал хурц хөдөлгөөн, дүрэлзсэн эрч хүчийг тодотгожээ. Тиймээс эдгээр бүтээлийг нэг орон зайд зэрэгцүүлэн үзэх нь Европын урлаг олон зууны турш хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг мэдрэх ховор боломж юм.
Рафаэлын нам гүм ертөнц
Италийн Сэргэн мандалтын үеийн гурван суутны нэг Рафаэл Санти (1483-1520) ердөө 37 насалсан ч уран зураг, тэр дундаа хөрөг болон шашны сэдэвт бүтээлээрээ урлагийн түүхэнд ул мөрөө тодоор тамгалсан нэгэн. Тэрээр зөвхөн хөрөг зургаар зогсохгүй Ватиканы ордон дахь ханын зургийн сод бүтээлүүд болох фрескүүд, тэр дундаа эртний Грекийн философичдын уулзалтыг харуулсан “Афины сургууль” бүтээлээрээ хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Түүний уран бүтээлийн гол онцлог нь төгс гоо сайхан, зохицон нийцсэн байдал, харилцан шүтэлцээ бөгөөд дүрүүд нь хэзээ ч яаруу сандруу байдаггүй. Харин дотоод амгалан, бодлогоширсон байх нь элбэг. Модон хавтан дээр тосон будгаар зурсан уг “Хөрөг”-т хар хувцас, малгай өмссөн эрэгтэйг эгц урдаас нь дүрсэлжээ. Арын цэнхэр тэнгэр, уудам байгаль нь бодлогоширсон харцтай хослон, тухайн хүний дотоод ертөнц, тайван байдлыг илүү гүнзгий мэдрүүлдэг. Сэргэн мандалтын үеийнхэн хүнийг урлагийн гол төвд тавьж, бие махбод, оюун ухаан, байгаль дэлхийг шинэ өнцгөөс судалж байсныг түүний бүтээлээс харах боломжтой.
Тэрбээр “Би бодит амьдрал дээрх гоо үзэсгэлэнг бус, өөрийн оюун санаан дахь төгс үзэл санааг зурагтаа буулгадаг” хэмээсэн нь бий.
Сэтгэл хөдлөлийг урлагийн төвд тавьсан нь
XVII зууны урлагийн өнгө төрхийг тодорхойлогч, Италийн суут барималч Жиан Лоренцо Бернини (1598-1680) нь уран барилга, тайзны чимэглэлд ч гоц авьяастай нэгэн байв. Тэрбээр Гэгээн Петрийн талбайг тойруулан бүтээсэн алдарт хагас дугуй хэлбэртэй асар том баганан галерей (колонада) болон усан оргилууруудаараа дамжуулан тухайн үеийн Ромын дүр төрхийг үндсээр нь өөрчилсөн Барокко урсгалын гол төлөөлөгч юм.
Түүний бүтээлээс эрч хүчтэй хөдөлгөөн шууд мэдрэгдэнэ. Тэрбээр гантиг чулуугаар дамжуулан хүний арьс, үс, хувцасны нугалаа, цаашлаад дотоод шаналлыг хүртэл амьд мэт харуулж чаддаг чадварлаг уран бүтээлч байсан гэдэг. Үүний нэгэн жишээ болсон “Нептун” барималд Эртний Ромын далайн бурхныг гурвалжин сэрээгээ атган, уур хилэнтэйгээр урагш тэмүүлж буйгаар дүрсэлсэн байна. Европт XVII зуунд дэлгэрсэн Барокко урсгал нь Сэргэн мандалтын үеийн хатуу дэг журам, тэгш хэм, тайван байдлыг халж, илүү сүр жавхлантай, хүчтэй сэтгэл хөдлөл, динамик шинж чанар, драматик байдлыг чухалчилдгаараа онцлогтой юм.
Бернини ба Боргезе галерей
Бернинигийн уран бүтээлийг Боргезе галерейгаас салгаж ойлгоход бэрх юм. Ромын Кардинал Шипионе Боргезе залуу Бернинигийн ер бусын авьяасыг өсвөр насанд нь олж харж, ивээлдээ авчээ. Улмаар тэрбээр Боргезегийн захиалгаар залуу Бернинигийн урлагийн ертөнцөд цахиур хагалсан алдарт баримал болох “Давид”, “Аполлон ба Дафна”, “Прозерпинаг хулгайлсан нь”, “Эней, Анхис ба Асканий” зэрэг бүтээлээ туурвисан түүхтэй. Эдгээр бүтээл нь өдгөө Боргезе галерейн үнэ цэнтэй цуглуулгын нэг хэсэг болжээ. Тиймээс тус галерей зөвхөн Италийн урлагийн сор дээжийг хадгалаад зогсохгүй Бернинигийн уран бүтээлийн өсөлт хөгжлийг ойлгоход онцгой ач холбогдолтой төв юм.
“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд ирэх сарын 1 хүртэл толилуулах бөгөөд “Дэлхийн сонгодог-Миний жаазанд” урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд үзэгчдэд танин мэдэхүйн болон гоо зүйн боловсрол олгох аж. Мөн хоёр бүтээлийн түүх, уран сайхны онцлог, утга санааг илүү гүнзгий хүргэхэд зориулсан каталог, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн шинээр гаргажээ.
У.СҮРЭН