Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийннарийнбичгийндарга Б.ДашпүрэвНҮБын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарын бодлогын хэрэгжилт, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Энэ үеэр Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, орон нутгийн өгөөжийг нэмэгдүүлэх, боловсруулах болон хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэсэн шинэ зохицуулалтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулсан байна. Мөн хариуцлагатай уул уурхайн ач холбогдлыг олон нийтэд зөв ойлгуулах, орон нутгийн иргэдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж, хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатайг онцоллоо. Харин НҮБ-ын төлөөлөгчид Building оpportunities for leadership in development хөтөлбөрийн хүрээнд олон улсын экспертүүдийн туршлага, бусад орны сайн жишээг хуваалцах, бодлогын хэрэгжилтэд техникийн дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлэв. Талууд хариуцлагатай уул уурхай, хүний нөөцийн хөгжил, бодлогын хэрэгжилтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой санал, ажлын төлөвлөгөө гаргахаар тохиролцсоныг АҮЭБЯ-наас мэдээллээ.
С.Дулам