Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжих зорилгоор зохион байгуулдаг намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ нийслэл даяар өрнөж байна. Үүний эхлэл болгож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн ням гарагт 1000 мод тарилаа. Энэ намар хотын 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн гэнэ.
Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ өдгөө 5.9 ам метр байгаа нь олон улсын дунджаас 60 гаруй хувиар бага үзүүлэлт аж. Тиймээс үүнийг эхний ээлжид 10 ам метрт хүргэхэд иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал билээ. Тэгвэл мод үржүүлгийн газрууд айл өрх, албан байгууллагуудын гаднах зам, талбайн мод, бутыг арчлах, тайрах, хэлбэржүүлэх, мөн гоёх ажлаа ч хэдийн эхлүүлжээ. Ажиллаж, амьдрах орчноо тордож, ногоон байгууламжаа шинэчлэн тохижуулах гэж буй айл өрх, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн мод үржүүлгийн газрууд үрсэлгээ, тарьц, суулгацуудаа бөөний үнээр худалдаж байна. Үнэ ханшийн хувьд өнгөрсөн хаврын тариалалтаас нэг их нэмэгдээгүй аж.
М.Гэгээ