БОКС
Япон Улсад эхэлсэн “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд манай баг спортын 31 төрөлд өрсөлдөж буй. Боксын төрөлд үндэсний шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Х.Билгүүнсайхан Тайландын Бохунтод Канпиг 5:0-ээр буулган авсныг бид өмнө нь мэдээсэн. Тэгвэл хагас шигшээд мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Рүи Ямагүчигээс даагаа нэхэж тулалдсан ч шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр 5:0-ээр ялагдаж, хүрэл медаль хүртэв.
ЖҮДО
Түүнчлэн жүдо бөхийн төрөлд оролцохоор үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор Айчи мужид хөл тавив. Эхний өдрийн тэмцээнд эрэгтэйчүүдээс 66 кгын жинд ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк Афганистаны тамирчин Хикматулла Рахманиг торгуулиар ялж, шөвгийн наймд дэлхийн мөнгөн медальт, тивийн аварга Тажикистаны Нурали Эмомалитэй зодоглож, вазари үнэлгээ авснаар оноо алдалгүй барилдааныг дуусгасан. Тэрбээр хагас шигшээд Парисын олимпын хүрэл медальт, Казахстаны тамирчин Гусман Киргизбаевыг мөн вазаригаар ялж, аваргын төлөө Узбекистаны Абдурахим Нутфуллоевыг даралтаар хожин, Азийн наадмын аваргаар тодров.
Эмэгтэйчүүдээс барилдааны салхийг хагалан 48 кг-д Тбилис, Антальягийн “Их дуулга” тэмцээний аварга Г.Наранцэцэг Тажикистаны Алия Муминоваг 46 секундэд иппон буулган хожив. Хагас шигшээд Японы тамирчин Улаанбаатар, Парисын “Их дуулга”-аас алтан медаль гардсан Мицүки Кондод дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Асмита Дейг вазари үнэлгээгээр ялж эх орондоо хүрэл медальтай ирэхээр боллоо.
ЧӨЛӨӨТ БӨХ
Тэгвэл Азийн наадмын аварга Т.Тулга тэргүүтэй чөлөөт бөхийн баг Нагоя хотыг зорьсон. Эмэгтэйчүүдээс 68 кг-д Э.Дэлгэрмаа эхний тойрогт гоц мөргөж, шигшээ наймд эзэн орны тамирчин, дэлхийн чансааг тэргүүлж буй ДАШТ-ий хошой аварга Ишии Амитай учраа тааран цэвэр ялагдав. Японы бөх эхний тойрогт Казахстаны тамирчин, Азийн дөрвөн удаагийн аварга Жамила Бакбергеноваг 11:0- ээр илүүрхэн манай бөхийг мөн ялснаар хагас шигшээд шалгарсан юм. Манай бөх дагах барилдаанд Азийн дөрвөн удаагийн аварга, ДАШТ-д гурван удаа финалдсан Жамила Бакбергеноваг 6:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт, Азийн хошой аварга Лонг Жиатай хүч сорин 6:7-гоор ялагдаж V байрт орлоо.
Ташрамд дуулгахад, Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнд Монголоос хоёр шүүгч томилогдон ажиллаж буйгийн нэг нь олон улсын II зэрэглэлийн шүүгч Б.Номин-Эрдэнэ юм. Тэрбээр өмнө нь “Гуанжоу-2010” Азийн наадамд чөлөөт бөхийн тамирчнаар оролцсон бол энэ удаа тус наадмын тэмцээнийг дэнсэлж буй.
Түүний хувьд 2023, 2024 онд ахмадын ДАШТ, өнгөрсөн жил “Польш опен” олон улсын тэмцээн, “Бахрейн-2025” Азийн залуучуудын наадам, энэ жил U17 ангиллын Азийн АШТ-д шүүгчээр ажилласан туршлагатай. Эрэгтэйчүүдийн тэмцээнийг олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас шүүж байна.
ТАЛБАЙН ТЕННИС
Дээрх наадмын талбайн теннисний тэмцээнд эмэгтэйчүүдээс хосын төрөлд эгч дүүс болох Ч.Маралгоо, Ч.Мартаа нар оролцож буй. Тэд эхний шатанд Пакистаны Махин Афтаб Күреши, Ушна Сухаил нарыг 6:1, 6:0-ээр хожиж, II тойрогт (шигшээ 16-д) Хонконгийн тамирчидтай тоглох юм. Тэд АНУ-ын Канзасын их сургуулийн оюутан бөгөөд суралцахын хажуугаар бэлтгэлээ базаадаг аж.
Өмнө нь “Ханжоу-2022” Азийн XIX наадамд оролцож байсан туршлагатай. Дасгалжуулагчаар нь аав Л.Чогсомжав, БНСУ-ын мэргэжилтэн Ан Жё Сон нар ажилладаг.
Холимог хосын төрөлд Э.Соном-Янжим, П.Ундрах нар эхний шатан Пакистаны хостой таарч эхний сетэд 6:3-ээр ялагдаж, дараагийн хоёр сетэд 6:1, 10:6-аар буулган авч шигшээ 16-д Тайванийн хостой тоглоно.
И-СПОРТ
Азийн наадмын Mobile Legend Bang Bang төрөлд оролцож буй Монголын И-спортын баг Камбожийн шигшээг хэсгийн эхний тоглолтод хожлоо. D хэсэгт өрсөлдсөн манайхан хасагдах шатанд Хонконгийн тоглогчдыг 2:0-ээр ялснаар хүрэл медалийн болзол хангаж, шигшээд Индонезийн тамирчидтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөх нь.
ХӨНГӨН АТЛЕТИК
Марафон уралдааны эмэгтэйчүүдийн ангилалд 18 тамирчин гараанаас гарснаас Бахрейны тамирчин Шитайе Хабтэ хоёр цаг 27 минут 31 секундийн амжилтаар Азийн наадмын аварга боллоо. Манайхаас хурд сорьсон хоёр марафончоос ОУХМ Г.Хишигсайхан хоёр цаг 35 минут 45 секундийн амжилтаар Х байр эзэлж, тус наадмын эхний аравт орсон шилдгүүдийн тоонд багтав. Эрэгтэйчүүдээс Ж.Олонбаяр 16, Д.Гантулга 18 дугаар байр эзэллээ. Хөнгөн атлетикийн гүйлтийн 10 000 метрийн зайд Г.БатЭрдэнэ Б.Номин-Эрдэнэ нар уралдаж есдүгээр байрт орж, хувийн амжилтаа шинэчилжээ.