Улаанбаатар хотноо ирэх сарын 2 хүртэлх үргэлжлэх Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн орнуудын сайд нарын 25 дугаар бага хуралд оролцохоор Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масато Канда манай оронд хүрэлцэн ирлээ. Тэрбээр энэ албыг хашсан 11 жилд анх удаа Монголд ирж буй нь энэ. Энэхүү хөтөлбөр 11 улсыг нэгтгэж, тээвэр, худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг дэмждэг юм байна. Уг хөтөлбөрийг 2001 онд эхлүүлж, энэ онд 25 жилийн ой нь тохиож байгаа бөгөөд түүнд зориулсан арга хэмжээний хүрээнд Бага хурал болж буй юм. Азийн хөгжлийн банкны төв байр Филиппиний нийслэл Манила хотод байдаг юм.
2025 оны байдлаар хөтөлбөрийн хүрээнд тус бүс нутагт 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан 300 төсөл хэрэгжүүлсэн байна. Монгол Улс хөтөлбөрт 2003 онд нэгдсэнээс хойш 1.49 тэрбум ам.долларын 19 төсөл хэрэгжүүлжээ. Эдгээрийн 13 нь тээврийн, тав нь худалдааны, нэг нь хөдөө аж ахуйн салбарт хамааралтай байв. Улаанбаатар-Дарханы авто зам, хилийн гарцууд, баруун бүсийн авто замын коридорыг тус хөтөлбөр санхүүжүүлсэн аж.
Одоо болж буй сайд нарын Бага хурлаар эдийн засгийн коридорууд, тоон холбоо, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөрөнгийн зах зээлийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Түүнчлэн Улаанбаатарын тунхаглал болон хамтын ажиллагааны тухай баримт бичгүүд батлах юм.
Масато Канда 2025 оны хоёрдугаар сараас Азийн хөгжлийн банкны 11 дэх ерөнхийлөгчийн албыг хаших болжээ. Тэрбээр энэ албыг авахдаа “Манай бүс нутгийн хувьд чухал цаг үед ийм ажил хийх болсон нь нэр төрийн хэрэг. Нэгдэж буй 69 улс, үнэнч ажилтнуудынхаа итгэлийг хүлээн Азийн хөгжлийн банкны үйл ажиллагааг урагш ахиулахыг хичээж ажиллана. Тус банк бүс нутагтаа байнгын түнш нь байх болно” хэмээжээ.
Масато Канда олон улсын санхүүгийн байгууллагад 40 орчим жил ажилласан туршлагатай, холыг харсан удирдлагын арга барилаараа нэрд гарсан зүтгэлтэн юм. Японы Сангийн яамны Олон улсын асуудал эрхэлсэн дэд сайд байхдаа зах зээлийг тогтворжуулахад тус дэм болсон санхүүгийн шинэлэг шийдвэрийг боловсруулах, улс төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлэгддэг. Тэрбээр Азийн хөгжлийн банканд баялаг туршлага, шинэ соргог үзэл санаа авчирсан. Санхүүгийн нарийн төвөгтэй шийдвэр гаргах, олон улсын хамтын ажиллагаанд оруулсан нэмэр хандив нь түүнийг ясны удирдагч болохыг нь харуулсан. Түүний удирдлагаар тус банк хөгжиж буй гишүүн орнууддаа зорилго чиглэлтэй, үр ашигтай тусламж үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж Азийн хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн дарга Фабио Панетта хэлсэн байдаг.
Канда ч томилогдох үедээ “Мэдэгдэхүйц өөрчлөлт хийхийн тулд байгууллагынхаа туршлагыг ашиглан түншүүдтэйгээ ойр хамтран ажиллахад бэлэн” гэж хэлсэн юм билээ. Түүнийг Азийн хөгжлийн банкны удирдах зөвлөл санал нэгтэйгээр сонгосон шийдвэр нь их өөрч лөлтийн цаг үед энэ байгууллагыг аваад явчих түүний чадварт итгэж буйн илэрхийлэл болжээ.
Азийн хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, амьдрах чадвартай өсөлтийг дэмжих зорилготой олон талт хөгжлийн байгууллага юм. Нарийн төвөгтэй зорилтыг өөрийн гишүүүн болон түнш орнуудтайгаа хамтран шийдвэрлэхдээ санхүүгийн шинэлэг хэрэгсэл ашиглаж, хүмүүсийн амьдралыг өөрчлөх, чанартай дэд бүтэц бий болгохын тулд стратегийн түншлэлд түшиглэдэг юм. 1966 онд үүсэн бий болсон энэ банк 69 гишүүнтэйн 49 нь бүс нутгийнх.
Масато Канда Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр таван жилийн хугацаагаар хоёр дахь удаагаа сонгогдсон, түүний шинэ бүрэн эрхийн хугацаа нь энэ оны арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэх юм. Тэрбээр өөрийн тэргүүлж буй банкийг Ази, Номхон далайн бүс нутгийн “тогтвортой байдлын тулгуур” байх ёстой гэж үздэг. Оролцогч орнуудаа дэмжиж, цаашдын хөгжлийн нөхцөлийг бий болгохын тулд шаардлагатай нөөц боломжийг цагийг нь олж дайчлах ёстой хэмээн хэлсэн байдаг. Кандагийн удирдлагын өнгөн дээр тус банк хямралын үед оролцогч орнуудад үзүүлдэг дэмжлэгээ нэмэгдүүлсээр иржээ. 2025 онд л гэхэд 44 тэрбум ам.доллар энэ зорилгод зарцуулсан нь одоогоор дээд үзүүлэлт болоод байна. Дүрэмдээ өөрчлөлт оруулснаар жил тутмын санхүүгийн хэмжээ 50 хувиар нэмэгджээ.
Масато Канда Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр томилогдохоосоо өмнө улсдаа төрийн янз бүрийн албанд ажиллаж байв. 2021-2024 онд Сангийн дэд сайд, 2024-2025 онд Ерөнхий сайд болон Сангийн сайдын тусгай зөвлөх байсан аж. Мөн “Долоогийн бүлэг”, “20-ийн бүлэг”-ийн бүрэлдэхүүнд орж Япон Улсаа дэлхийн тавцанд төлөөлж байлаа. Масато Канда 1987 онд Токиогийн их сургуульд эрх зүйн бакалавр, 1991 онд Оксфордын их сургуульд эдийн засгийн салбарт философийн магистрын зэрэг хамгаалжээ. 2030 он хүртэл бүс нутгийн эрчим хүч, тоон технологи, дэд бүтцийн салбарт 10 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Самаркандад болсон Удирдах зөвлөлийн жил тутмын хуралдаанд зориулсан хэвлэлийн бага хурал дээр “Rеport”-ын сэтгүүлчийн асуултад хариулахдаа Масато Канда ийн хариулсан байдаг. Түүний хэлснээр Азийн хөгжлийн банк нь Ойрх Дорнод дахь хямралын эсрэг санхүүгийн багц дэмжлэг үзүүлэхээ зарласан хөгжлийн анхны олон талт байгууллага юм. Масато Канда 2025 онд Узбекистанд очихдоо Ерөнхийлөгч Шавкат Марзиёевтой уулзаж, тус улсын санхүүгийн салбарын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийжээ. Тэрбээр мөн Кыргызстан улсад айлчлах үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа тус улсын эрчим хүчний аюулгүй байдалд төдийгүй усны нөөцөө бүрдүүлэхэд нь чухал ач холбогдолтой “Камбар-Ата-1” хэмээх томоохон төсөлд Азийн хөгжлийн банк 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөхөө амласан байна. Энэ төсөл Кыргызстаны ногоон эрчим хүчний хөгжлийг урагш ахиулахад ихээхэн нөлөө үзүүлэх юм. Мөн Бишкек болон бусад хотод зорчигч тээврийн цахилгаан унаа бий болгоход хамтран ажиллахаар болжээ.
Масато Канда 1965 онд Японд төрж Сангийн яаманд бараг 40 жил ажиллажээ. Бидэнд олдсон мэдээллээр Канда хувийн амьдралаа ер дэлгээд байдаггүй нэгэн бололтой. Албан ёсны мэдээлэл, материалуудад гэр бүл, гэргий, үр хүүхдүүдийнх нь тухай маш ховор дурдсан байх бөгөөд албан ажилдаа л голлон анхаардаг ажилтан юм байна.
Эцэг нь Сингапурт олон улсын бага хуралд оролцон томилолттой байх үедээ өөд болжээ. Ээж нь үүнээс хэдэн жилийн өмнө хорвоог орхиход Масато Канда Вашингтонд “Их-20”-ийн уулзалтад оролцоод эзгүй байж. Эцэг, эхийнхээ амьдралын сүүлчийн мөчид хажууд нь байх хувь тохиогоогүйд ихэд харамсдаг ч хүү нь даруухан хүчин чармайлтаа улс орондоо зориулж байгаад нь харин тэд сэтгэл хангалуун байсан болов уу хэмээн Канда бичжээ.
Канда хорт хавдар авхуулах мэс засал хоёр ч удаа хийлгэсэн ч эцэг, эхийнхээ сэтгэлийг зовоохгүйн тулд тэдэндээ дуулгаж байсангүй. Гэргий, охиныхоо, юуны урьд аав, ээжийнхээ ачаар улс нийгэмдээ алба хашиж яваа. Тэд маань л миний хүмүүжил боловсролд бүх хүч чадлаа, амиа ч зориулсан юм. Энэ номоо эцэг Маншуо, эх Кадзуэ нартаа зориуллаа гэж Масато Канда тэмдэглэсэн байдаг.
Р.Жаргалант