Хойд Африкийн Марокко улсад үргэлжилж буй дэлхийн раллирейдийн аварга шалгаруулах тэмцээний цуврал дөрөв дэх гараа болох “Rallye OLA Energy du Maroc” уралдааны ралли-3 ангилалд Монголоос мото спортын тамирчин, ОУХМ П.Мөрөн хурд сорьж байна. Өнгөрсөн сарын 28-нд болсон гарааны өмнөх тусгай шатанд оролцож, ангилалдаа IV байр эзэлсэн тэрбээр дараа өдөр нь эрсдэл гаргалгүй уралдсаар 636 км замыг амжилттай туулжээ. Үүнээс 268 км нь цаг хэмжих тусгай уралдааны хэсэг аж. Тус тэмцээнд ангилалдаа 41 оноотой хошуучилж буй түүний араас Аргентин улсын тамирчин Эдуардо Алан 40 оноотой нэхэж буй. П.Мөрөн Аргентинд өнгөрсөн тавдугаар сард болсон Desafío Ruta 40 уралдааны ралли-3 ангиллын гарааны өмнөх болон таван үе шатыг бүгдийг нь тэргүүлж, W2rc-ийн нэг гараанд ангилалдаа түрүүлсэн анхны Монгол тамирчин болсон юм.