Узбекистаны Самарканд хотод энэ сарын 15-27-нд болсон Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад оролцсон Монголын баг түүхэн амжилт үзүүллээ. Энэ удаагийн олимпиадад 189 орны шилдэг шатарчид өрсөлдсөнөөс Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 17 оноо цуглуулж, VII байрт шалгарсан юм. Ингэснээр манай баг анх удаа шилдэг 10-т багтаж, түүхэн дээд амжилтаа шинэчиллээ. Дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлагад их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Мөнгөнзул, Б.Баярмаа, кандитат мастер Х.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн баг найман хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтой тэмцээнийг дуусгав. Тэд сүүлийн өрөгт Грекийн багийг 2.5:1.5-аар буулган авч, VII байрт шалгарсан аж.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ өмнө нь Нови Сад хотод 1990 онд болсон олимпиадад XII байр эзэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Тэгвэл өнөө жил дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ, Энэтхэг, Польшийн багтай эн тэнцүү өрсөлдөж, шилдэг 10 багийн нэг болжээ. Түүнчлэн кандитат мастер Х.Баясгалан 19 насандаа нэг ч өрөг өнжилгүй, 11 өрөг тоглон найман оноо авч, хувийн үзүүлэлтээр дэлхийд IV байрт орсон байна. Ингэснээр тэрбээр ФИДЕ мастерын болзол хангав.
Харин Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг 15 оноотойгоор 26 дугаар байр эзэлж, “В” ангиллын мөнгөн медаль хүртлээ. ФИДЕ мастер Б.Ану дасгалжуулагчтай тус багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, олон улсын мастер Г.Амартүвшин, М.Амилал, Х.Итгэлт, Ү.Агьбилэг нар багтсан бөгөөд долоон хожил, нэг тэнцээ, гурван хожигдолтой тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
У.Сүрэн