Нөмрөгийн дархан цаазат газарт зэрлэг амьтдад зориулж өвс, тэжээлийн цэг байгуулахаар болсныг БОУАӨЯ-наас мэдээллээ. Тус бүсэд гарсан түймрийн хохирлыг тогтоохоор ажиллаж буй мэргэжлийн шинжээчдийн багийнхан дархан цаазат газрын 30 орчим хувь нь галд өртөөгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гаргаад буй. Судлаачид энэ хэсэгт зэрлэг амьтдын төвлөрөл их буйг тогтоосон тул тухайн бүсэд биотехникийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, эхний ээлжид 25-30 мянган боодол өвс, тэжээл байршуулахаар болжээ.
Нэн тэргүүнд дархан цаазат газрын орчны бүсэд хамаардаг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийнхны бэлтгэсэн хадлан, тэжээлийн нөөцийг тооцоолон, Нөмрөгийн заставыг түшиглэн боломжит байршлуудад өвс, тэжээлийн цэг байгуулах, хамгийн ойр цэгээс эдгээрт нөөц татан төвлөрүүлэх, хуримтлуулах ажлыг зохион байгуулахыг БОУАӨ-ийн сайд улс, орон нутгийн холбогдох албаны хүмүүст даалгасан аж. Үүний дараа зэрлэг амьтдын бэлчээр нутгийг хамгаалах хүрээнд тусгай хамгаалалттай газрын орчны бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Н.Дүүл