Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтойбилээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Түүхэн гэх олон тодотголтойгоор бүрдсэн ес дэх парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл урьд байгаагүйгээр нэмэгдэж, олон салбарын мэргэжилтэн хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоны нэг нь Д.Үүрийнтуяа.
ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан тэрбээр төрөлх нутаг Говьсүмбэр аймгийнхаа мэргэжлийн хяналтын байгууллагаас ажлын гараагаа эхлүүлжээ. Улмаар 2013 оноос “Сод Монгол групп” компанийн Орхон аймаг дахь салбарыг хариуцан гурван жил гаруйн хугацаанд ажиллаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын санхүү, эдийн засгийн зөвлөх болсон нь хожмоо орлогч дарга хүртлээ дэвшиж, удирдах албан тушаалд очих эхлэл байж. Тэрбээр тус үйлдвэрт долоон жил гаруйн хугацаанд ажилласан бөгөөд 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээс өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргын алба хашиж байсан юм.
Д.Үүрийнтуяагийн нам, улс төр дэх замнал, үүх түүх бүдэг бөгөөд нимгэн. Харин Монголын эдийн засгийн гол тулгуур, “саалийн үнээ” гэгддэг томоохон үйлдвэртэй хэрхэн холбогдсон, тэр нь хожим улс төрийн “лифт”-нд суухад яаж нөлөөлсөн талаар элдэв сэрдлэг үргэлж дагадаг. Тухайлбал, түүнийг ойрын хамаатан болох, “Монголросцветмет”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Х.Бадамсүрэнгийн татаасаар уулын баяжуулах үйлдвэрт ажилд орж, албан тушаалын карьерын дардан замаар өгссөн гэх нь бий. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүү, эдийн засгийн “гал тогоо”-г барих хугацаандаа өмнө нь ажиллаж байсан “Сод Монгол групп”-ээ ихээхэн харж үзэж, өндөр мөнгөн дүнтэй тендерүүдийг нэг бус удаа олгосон гэлцдэг. Үүнээс үүдээд түүнийг Ц.Анандбазарын бизнесийг дэмжин тэтгэгч гэж харддаг. Харин одоо парламентад “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх ашгийг хамгаалагч, элч төлөөлөгч хэмээх болжээ.
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нам, улс төрийн үйл ажиллагаа, тэр дундаа сонгуулийн санхүүжилтийн эх үүсвэр болгож ашигладаг явдал манайд түгээмэл. Үүнээс үүдээд тэдгээрт хийж буй томилгоо болгон эзэнтэй, далд ашиг сонирхолтой байдаг нь нууц биш. Удирдах албан тушаалд очсон хүмүүс нь эзэндээ, намдаа хэр зэрэг “үнэнч” зүтгэснээс хамаараад хожмоо “шагнал”-аар улс төрд шат алгасан орж ирдэг. Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд 100 хувь авч, онцгой дэглэм тогтоосон түүхэн үетэй зэрэгцэн Д.Үүрийнтуяа тушаал дэвшсэн нь (Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч), сонгуульт ажлынх нь үеэр намын дарга нь түүнийг “Эрдэнэтийн хулгай луйврын эсрэг шүгэл үлээсэн шударга хамтрагч” хэмээн дээш шидсэн нь улс төр дэх түүний карьер эртнээс зурагдсан байх магадлалтайг харуулдаг.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ оны хавар хэлэлцэх үеэр тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийн асуудлыг тууштай хөндсөн. Тус үйлдвэрт уул уурхайн бусад төсөлтэй ижил тэгш нөхцөлөөр АМНАТ-ийг тооцох зарчмын зөрүүтэй санал гаргаж, “Эрдэнэт”-ийн нөөц ашиглалтын төлбөрийг бууруулснаар дотоодын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн нөөцийг нэмэгдүүлэн, уурхайн ашиглалтын хугацааг уртасгах боломжтой” хэмээн байр сууриа хамгаалснаар салбарын комисс болон байнгын хороогоор дэмжүүлж чадсан юм. Энэ нь түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх ашгийг хууль тогтоох дээд түвшинд хамгаалдаг гэх хардлагыг лавшруулсан нэг жишээ болсон билээ. Хууль тогтоогч хүн нэг компанийг бус, нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах ёстойг эрхэм гишүүнд энэ ташрамд сануулъя.
Бусад эмэгтэй гишүүнтэй харьцуулахад Д.Үүрийнтуяа сошиал хөөсрөл, олон нийтийн хэл ам, шүүмжлэлээс харьцангуй хол байдаг нэгэн. Харин хаврын чуулганы үеэр “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгож, хүн амын өсөлтийг дэмжих тухай ярьсан нь “Популист санал гаргалаа” гэх шүүмжлэл дагуулсан. Мөн түүний 10 хувийг нь эзэмшдэг “Чойр- Оргил” хоршооны асуудлаас улбаатайгаар иргэний нийгмийн байгууллагынхан Д.Үүрийнтуяаг мал аж ахуй, газар тариалан, зочлох үйлчилгээний салбарын хуулиудад ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж харддаг. Ташрамд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн элч гишүүн энэ онд бас нэгэн шинэ гуншинтай болсон нь МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон нь юм.
Ж.Сувд