Манай улсын иргэн Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны бэлтгэлийг амжилттай дүүргэж, шилдэг төгсөгчөөр шалгарлаа. Тэрбээр сургалтын хугацаанд сахилга бат, бие бялдар, мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа манлайлсан бөгөөд ёслолын жагсаалд салааныхаа тугийг агсан, тэргүүн эгнээнд алхах хүндтэй үүрэг хүлээжээ.
Тодруулбал, Ц.Үлэмжин сурлага, сахилга бат, цэргийн бэлтгэлээр өндөр амжилт үзүүлсэн төгсөгчдөд олгодог “Basic military training honor graduate ribbon” шагнал хүртсэнээс гадна буудлагын ур чадвараараа онцгойрон “Marksmanship expert award”-ын эзэн болсон юм.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны бэлтгэл нь шинээр элсэгчдийг цэргийн амьдралд дасгах үндсэн сургалт аж. Долоон долоо хоног үргэлжилдэг уг хөтөлбөр нь бие бялдрын бэлтгэл, сахилга бат, багаар ажиллах болон удирдах чадвар, нисэх хүчний үнэт зүйлс, жагсаалын сургалтыг хамардаг гэнэ. Уг сургалтыг дүүргэсэн алба хаагчид цааш мэргэжлийн нарийвчилсан сургалтад хамрагддаг байна.
У.Цэцэг