Тарбозавр батаарын чулуужсан ясыг Монгол Улсын өмч гэдгийг нь цагдаагийн байгууллага батлахын зэрэгцээ энэ төрлийн олдвороор дагнан гаршсан, дэлхийн хэмжээнд ажиллаж байсан гэмт бүлэглэлийг илрүүлсэн.
Хууль бус наймаачдын уршгаар Монголын хэчнээн өмч гадаадын аль улс, хотод очоод байгааг бид өмнөх цувралуудаараа хүргэсэн билээ. Эх орондоо байгаа, палеонтологийн олдвор хууль бусаар малтагчид, тэдний гар хөл бологчдыг цагдаагийнхан яаж ч чадаагүй, хэрэг хаана яваа нь ч тодорхойгүй.
Ингэж таг болсон шалтгаан нь гаалийнхантай холбоотой. Тэд “Монгол гэр” гэсэн хуурамч бүрдүүлэлт хийж өгсөн архивын баримтуудаа устгаснаас аль гэмт хэрэгт хэн гэдэг хүн ямар оролцоотой нь мэдэгдэхгүй болгочихоод байгаа юм билээ.
Хууль хяналтын байгууллага эхний хэргээ шийдвэрлэж чадаагүй байтал хууль бус малтагчидтай холбоотой дараагийн үйлдлүүд тодорч эхлэв.
МБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд 71-84 сая жилийн өмнө амьдарч байсан Hadrosauridas буюу нугас хошуут, Protoceratops andrewsi хэмээх эвэрт үлэг гүрвэлийн чулуужсан яс зөвшөөрөлгүйгээр малтаж авсан хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт саатуулсан.
Хэдийгээр тэд ямар зорилгоор уг олдворыг авч явсан нь тодорхойгүй ч Т.Батаарын араас оруулж, хил давуулах магадлал асар өндөр байсан. Монгол орны өмнийн говь нутаг бол тэр чигтээ үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан, Монголын гэлтгүй дэлхийн палеонтологийн шинжлэх ухааны нэг чухал түшиц газар гэж хэлж болно.
Өмнө нь мөрдөж байсан Соёлын өвийн тухай хууль болон Эрүүгийн хуульд археологи, палеонтологийн олдворыг ухаж авсан хүмүүст тооцох хариуцлагын талаар тусгаагүй учраас орон нутгаар явж булш, хиргисүүр тоногчид олширсон тул археологи, палеонтологийн ухаж төнхөгдөөгүй олдвор баталсан Эрүүгийн хуулийн 25.4 дэх зүйлд “Хууль бусаар палеонтологи, археологийн хайгуул, малтлага хийх” гэсэн заалт оруулсан нь сайн хэрэг болсон.
Гэвч сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэхгүй гэсэн зарчим хууль шүүхийн байгууллагынханд үйлчилдэг учраас үлэг гүрвэлийн яс малтагчид өдгөө эрүүгийн хариуцлагаас мултарч болзошгүй байгаа юм.
Одоо мөрдөж буй Эрүүгийн хуулийн 210.1 гэсэн зүйл заалтад зааснаар хууль бус малтлага хийсэн хүмүүсийг сэжигтнээр тооцоод байгаа талаар цагдаагийн эх сурвалжууд хэлж буй.
Энд юу гэж заасан бэ гэхээр “210.1.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орсон байгалийн объектыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Өмгөөлөгч нар үүнийг мушгих аргаа олчихсон гэх юм билээ. Гэтэл өнөөдөр хосгүй үнэт зүйлийн жагсаалтад орсон байгалийн объект гэсэн баримт бичиг байхгүй юм билээ. Тэгэхээр хууль бусаар археологи, палеонтологийн олдвор ухдаг нөхөд давраад байгаа юм биш үү.
“Хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг” гэгчээр Эрүүгийн хуульд дээрх заалт буй боловч байгаа төдийлөн онохгүй мэт санагдана.
Б.МАЙНБАЯР: ХУУЛЬ БУС МАЛТЛАГА БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ХИЙЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ
ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майнбаяраас өнгөрсөн долоо хоногт цагдаагийнхны хураасан олдворын талаар тодрууллаа.
-Палеонтологийн чухал олдвор хууль бусаар малтан тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байгаа. Уг олдворуудын талаар та мэргэжлийн хүний хувьд ямар дүгнэлт өгөх бол?
-Мэдээж ийм чухал олдворыг орон нутгийн төр захиргааны байгууллага, мэргэжлийн хүмүүст хэлэлгүй хууль бусаар малтсанд маш их харамсаж байна. Харин манай цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд илрүүлэн, бид одоо шинжилгээ хийж эхэлсэн.
Тэр нь эвэрт үлэг гүрвэл буюу Protoceratops andrewsi Crangert Cregory-ийн бүтэн биеийн хэлхээ болон толгойн яс, нугас хошуут үлэг гүрвэл буюу Hadrosauridas-ийн 19.5х14.5 см-ийн хэмжээтэй зулзаганы бүтэн бус хэлхээ яснууд.
Эдгээр амьтад нь дэлхий дээр 71-84 сая жил хуримтлагдсан хурдас хуримтлал дунд байсан юм. Хадгалалтаасаа хамаараад нэн ховорт тооцогддог. Зулзаганы яс олдсон нь үнэхээр нэн ховор олдвор л доо.
Манай улсад тусгай хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар гэж байдаг. Дээрх олдворууд байсан Өмнөговь аймгийн Төгрөгийн ширээ бол энэ газарт зүй ёсоор тооцогдоно.
-Иргэд хууль бус малтлагыг хэзээнээс хийж эхэлсэн байдаг вэ?
-Монгол Улсын нутагт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулах ёстой. Иргэд 1990-ээд оноос хойш хууль бус малтлага их хийх болсон.
Палеонтологийн маш олон олдвор, цуглуулга тэдний гарт орж сүйтгэгдэж, хууль буй наймааны золиос болсон байдаг. Бидний сайн мэдэх Т.Батаарын хэрэг явдал нь гэхэд үүний бодит жишээ. Тэр бол эмгэнэлтэй үйл явдал болсон шүү дээ.
Говийн аймгуудаар хууль бусаар малтлага хийдэг зохион байгуулалттай бүлэг ч цөөнгүй бий. Тэдгээр хүн шинжлэх ухаанд хайртайдаа ийм ажил хийгээгүй нь тодорхой. Хувийн ямар нэг ашиг сонирхлын үүднээс л ухаж төнхөж яваа.
Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд, хууль бус малтлага нь Соёлын өвийн тухай хууль зөрчихийн зэрэгцээ хүн төрөлхтний эсрэг хийж буй гэмт хэрэг.
Сонин, хачин зүйл олдвол ашиг хонжоо харахдаа гол нь биш, мэргэжлийн байгууллага, орон нутгийн дээд байгууллагад хандан мэдээлэл хүргэж, авран хамгаалах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж, орон нутаг, иргэний нэр хүндийг хамгаалж явах нь ёс зүйн асуудал юм.
Хууль бус малтлага бол хуулийн хариуцлага ногдуулдаг гэмт хэрэг учраас иргэддээ соёлын өвөө битгий сүйтгээч гэж хэлмээр байна.
-Энэ олдворыг сэргээх боломж байна уу?
-Иргэдийн авч явсан, зулзаганы чулуужсан яс нь бараг эвдрээгүй. Одоо бид сэргээж байна. Эвэрт үлэг гүрвэл буюу Pro-toceratops andrewsi Crangert Cregory-ийн бүтэн биеийн хэлхээ яс, толгойн ясыг мэргэжлийн хүмүүс малтаж аваагүй учраас мэдээж маш их эвдэж сүйтгэсэн байна лээ.
Үнэхээр харамсалтай. Ямар ч байсан бид болох бүх арга хэмжээгээ авч байна. Бүтнээр нь авч үлдсэн бол энэ дэлхийн түүхийн судалгаанд үнэтэй олдвор болох байлаа. Иргэд маань энэ гашуун түүхээс сургамж аваасай гэж бодож байна.
-Палеонтологийн судалгаа манай улсад ямар түвшинд байдаг юм бэ?
-Одоогийн говь нутаг Цэрдийн галав буюу одоогоос 120-70 сая жилийн тэртээ өнөөдрөөс эрс өөр байгаль, цаг ууртай байсныг батлах олдвор цуглуулгыг палеонтологичид нээсээр байна.
Үлэг гүрвэлийн судалгаа нь 1800-аад оны дунд үеэс бий болсон бөгөөд манай оронд XIX зууны эхэн үеэс анхлан судалгаа шинжилгээ явуулсан байдаг.
Энэ төрлийн судалгааны сүүлийн 100-гаад жилийн түүхэнд Монголын говиос 80 гаруй төрөл зүйлийн үлэг гүрвэл шинжлэх ухаанд бие даасан нэгж, бүлэг болон тогтоогдоод байгаа.
Үлэг гүрвэл болон бусад эртний сээр нуруутан амьтны 60 гаруй олдворт газар насны эрэмбээрээ (илүү эрт цаг үеэс хожуу хүртэл) говь нутгийн зүүнээс баруун тийш үргэлжлэн илэрдэг.
2008 оны байдлаар улсын хамгаалтад байх 28, аймаг, орон нутгийн хамгаалтад байх 15 олдворт газар байдгаас эртний ургамлын олдворт газар буюу чулуужсан мод олддог нэг, үлэг гүрвэлийн олдвор олддог 29, үлэг гүрвэлийн өндөг олддог нэг, үлэг гүрвэлийн мөрний олдворт газар хоёр, эртний шавьж болон загасны олдворт газар мөн тооны, сүүн тэжээлтэн амьтад буюу гуравдагчийн эрний сээр нуруутан амьтад олддог найман олдворт газар байгаа нь судалгаа, шинжилгээгээр батлагдсан.
Г.РАВЖАА