Монгол Улсын хэмжээнд өдгөө 6693 стандарт мөрдөж буй аж. Үүний 44.8 хувь нь олон улсын жишигт хүрсэн гэдгийг стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийн үеэр онцоллоо. Мөн эл салбарын ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн баталж, мөрдөн ажиллаж буйгаа албаныхан хэлсэн. Өнгөрсөн онд улсын төсвөөс тус салбарт 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, эталон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нь нэмэгдүүлэн, Монголд анх удаа хийн тоолуур шалгаж, баталгаажуулах лаборатори байгуулжээ. Үндэсний лавлагаа лаборатори нь пестицидийн үлдэгдлийг 100 хувь тодорхойлж, хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг мөн бүрдүүлсэн гэв. Түүнчлэн 11 аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийг физик, химийн болон уртыг хэмжих хэрэгслийг шалгаж, баталгаажуулах лабораторитой болгосон байна. Зөвлөгөөний үеэр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатай гэж үзжээ. Тодруулбал, аймаг, нийслэлд хэрэгжүүлж буй салбарын аливаа үйл ажиллагаа, төрөөс үзүүлж буй үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэхэд анхаарах хэрэгтэйг сануулав. Салбарын цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдэх, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. Мөн эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж буй цөөнгүй стандартад улсын үзлэг хийж, шаардлагатайг нь шинэчлэх гэнэ. Энэхүү үзлэг нь стандартуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, шинээр боловсруулах, эсэхэд чухал үүрэгтэй.
М.Гэгээ