Монголчуудын хамгийн олноор зорьдог орнуудын хилээр нэвтрүүлэхэд хориглох бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүргэе. Тухайлбал, Япон Улсын хилээр мах, махан төрлийн бүтээгдэхүүн болон хүнсний ногоо зэргийг нэвтрүүлэхийг хуулиар хатуу хориглодог гэж тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Мөн жимс, жимсгэнээс гадна ажлын бохир гутал хувцсыг ч хориглодог юм байна. Түүнчлэн Япон Улсыг зорихоос долоо хоногийн өмнөөс мал, амьтанд хүрэхгүй байхыг анхааруулдаг аж. Эдгээр шаардлага нь олон улсын шуудангийн үйлчилгээг ашиглахад ч хамаарах бөгөөд зөрчсөн тохиолдолд гурван жил хүртэл хорих, эсвэл хувь хүн гурав, аж ахуйн нэгж бол 50 сая иений торгууль ногдуулдаг гэнэ. Мөн үйлдвэрлэсэн газар, хугацаа нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэхийг хориглодог юм билээ.
БНСУ-д хувийн хэрэглээний эм, уламжлалт эмчилгээний тан авч явах бол эмийн сав боодол, жор, тодорхойлолтыг нь үзүүлэх шаардлагатай. Мөн 10 мянгаас их ам.доллар бэлнээр, эсвэл түүнтэй тэнцэх үнэт цаас авч яваа бол гаалиар гарахдаа заавал мэдүүлэх хэрэгтэй. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэж, орлогыг нь хураадаг байна.
Харин БНХАУ-д иргэдийнх нь эдийн засаг, соёл, ёс суртахуунд нөлөөлж болох кино, гэрэл зураг, соронзон хальс, видео бичлэг зэргийг нэвтрүүлэхийг хориглодгоороо бусдаас ялгаатай. Соёлын дурсгалт зүйл, ховордсон ан амьтан, ургамал зэргийг нэвтрүүлэхгүй. Алт, мөнгөн эдлэлийг 50 грамм хүртэлх хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.
Сүүлийн үед Вьетнамын Фүкүок арлыг зорих иргэдийн тоо эрчимтэй нэмэгдэж буй. Тэгвэл тус улсын хилээр нэвтрэхэд цахилгаан тамхийг хориглох зохицуулалт нь нэлээд чангарсан. Тиймээс ийм төрлийн бүтээгдэхүүн авч явах хэрэггүй гэжээ. Бас 5000-аас их ам.доллар бэлнээр авч яваа бол заавал бүртгүүлэх ёстой.
Японоос гадна Туркын хилээр мах, махан бүтээгдэхүүн оруулахыг хориглодог бол Вьетнамд пакет буюу баглаа боодолтой нэвтрүүлэхийг зөвшөөрдөг гэнэ. Монголчууд хил нэвтрэхдээ мах, махан бүтээгдэхүүн авч явснаас болж хураалгах, торгууль төлөх, бүр саатуулагдах тохиолдол ч их гэнэ. Аль ч улс руу нэвтрэхэд согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг нэвтрүүлэхэд нарийн шалгууртай. Зарим нь согтууруулах ундааны зөвшөөрөх тун хэмжээг заасан байдаг бол ихэнх нь ийм бүтээгдэхүүнийг хатуу хориглодог аж. Тиймээс та гадаад улсыг зорих гэж байгаа бол тухайн орныхоо хууль, дүрэмтэй сайтар танилцаарай.
А.Дөлгөөн