Эрчим хүчний яаманд хүргүүлсэн зөвлөмжийнхөө хэрэгжилттэй Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас танилцжээ. Эрчим хүчний чиглэлээр олгох тусгай зөвшөөрөл, дулааны болон цахилгааны техникийн нөхцөлтэй холбоотой тушаал, шийдвэрийг авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд тус газрынхан хянан үзэж, хариуцсан албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулан дүн шинжилгээ хийхэд мэдээллийн ил тод байдал хангалтгүй, тусгай зөвшөөрөл авахад тавих нөхцөл, шаардлагыг хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр тодорхойлоогүй байсан аж. Эдгээр нөхцөл байдал нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй байсан учраас АТГ-аас 2024 оны арваннэгдүгээр сард зөвлөмж хүргүүлсэн юм. ЭХЯ-наас олгож буй тусгай зөвшөөрөл, цахилгааны болон дулааны техникийн нөхцөл олгохтой холбоотой дүрэм, журмыг хүчингүй болгуулах, ил тод байдлыг хангуулах, тусгай зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлагыг хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр тодорхойлох ёстой хэмээн тус яаманд хүргүүлсэн дөрвөн заалт бүхий зөвлөмжийн хэрэгжилтийг ийнхүү шалгахад 82.5 хувьтай байжээ. Хэдийгээр ЭХЯ-наас зөвлөмжийн хариуг ирүүлэхдээ хугацаа хоцроосон боловч харьцангуй үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж АТГ-ынхан дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, тус яамнаас олгох тусгай зөвшөөрлийн үйлчилгээний үнэ гэх төлбөрийг “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны А/15 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр тогтоон авч байсныг хүчингүй болгосон аж. Түүнчлэн бүсчлэлээс хамааран цахилгаан, дулааны нөхцөл шинээр олгох тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс хуульд заагаагүй төлбөр тогтоон авч байсан шийдвэрийг АТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн хүрээнд хүчингүй болгов. Техникийн нөхцөл олгож байгаа цахим систем нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлт гаргах хугацааг хязгаарлаж хүндрэл, чирэгдэл учруулахаар байсныг өөрчилж, цахим системийг 24 цагийн турш өргөдөл хүлээн авдаг болгосон байна.
Г.Цолмон