УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үндсэн гурван асуудал хэлэлцэж байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өөрчилсөн. Тухайлбал, Баасан гарагийн өглөө 08:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, П.Сайнзориг нарын нэр бүхий 50 гаруй гишүүдийн тавьсан саналыг хэлэлцэнэ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг үргэлжлүүлэн 10:00 цагт хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа 2026 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болно. Ингэж энэ долоо хоногийн хуралд өөрчлөлт орсон.
Даргын дэргэдэх зөвлөлд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавьсан учраас МАН-ын бүлгийн даргаас санал оруулаад Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг шийдсэний дараагаар засгийн газрын сайдыг томилох, эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн нийт гишүүд шийдвэрлэснээр маргаашийн хэлэлцэх асуудлаас хасагдсан" гэж хэлэв.