Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11:00 цагт товлосон билээ. 11.00 цагийн байдлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Алтангэрэл нар Ерөнхийлөгчийн айлчлалд багтсан буюу томилолттой байгаа тул баасан гарагийн ирцээс хаслаа. Хуралдаан зарлагдаад 30 минут өнгөрлөө. Гэтэл 5,6 хүн сууж байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Үндсэн хуулиар заасан хугацаатай ажил. Ард түмэн харж байгаа шүү. Дөрөв, тавуулаа яаж хуралдах уу. Байнгын хорооны гишүүд хуралдаан орж ирэлгүй, 35 минут өнгөрсөн учраас тус хуралдааныг хаалаа. Жич хуралдааны товыг эргэн зарлаж, хуралдах асуудал хэвээр үлдсэн" гэв.