Ардчилсан нам өнгөрсөн баасан гарагт оны онцлох улс төрчөө шалгаруулах “Эрх чөлөөний шонхор” ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Жаргалан нарыг онцлох улс төрчөөр шалгаруулсан юм байна. Тэд хоёул 2024 оны сонгуулиар анх удаа УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүд юм. Ж.Баярмаа гишүүнээр сонгогдсоноосоо хойш дангаараа болон бусад гишүүнтэй хамтран нийт найман хууль, тогтоолын төсөл санаачлан ажиллажээ. Тэрбээр АН хамтарсан Засгийн газарт ажилласан жил орчмын хугацаанд ганцаар шахам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Улсын төсвийн төсөлд ажил хэрэгчээр хяналт тавьж, төрийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулах тухайд байр сууриа зоригтой илэрхийлж ирсэн гишүүн. Мөн Харбины гэрээг шалгах, сайжруулах асуудлаар тэрбээр түр хороо байгуулах санаачилга гаргаж ажиллаж буй. Сөрөг хүчний дуу хоолойн илэрхийлэл болон ажиллаж буй учраас түүнийг нам нь оны онцлох улс төрчөөр тодруулжээ.

Мөн Б.Жаргалан гишүүн АН-ын УИХ дахь бүлгийн дэд даргаас гадна Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Тус холбооны тэргүүний хувиар тэрбээр 21 аймгийн ИТХ дахь эмэгтэй төлөөлөгчдийг хамруулсан “Төлөөлөгч хөтөлбөр”-ийг орон даяар амжилттай хэрэгжүүлсэн. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш дангаар болон бусадтай хамтарч 10 хуулийн төсөл санаач лан боловсруулжээ. Тухайлбал, тэрбээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан. Уг төслийг баталснаар ардчилсан хувьсгалын ойг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх болсон юм. Ингэснээр ардчилсан хувьсгалын үр дүн, түүхэн ач холбогдлыг төр, олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэн хэмээн үнэлж, оны онцлох улс төрчөөр шалгаруулсан юм байна.

С.Уул