
Шатраар бол шаг мад нь мэдээж хожил. Шүүхийн шийдвэр хэчнээн шударга гарсан ч хоёр талын аль нэг нь сэтгэл дундуур үлддэг. Харин 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Дээд шүүхэд нэгэн хэргийг хэлэлцэж, шаг мад гэлтэй тогтоол гаргажээ. Үндэслэлээ тайлбарлая. Нэгдүгээрт, эл тогтоолоор хохирогчийн ар гэрийнхний эрхийг хамгаалав. Хоёрдугаарт, эмийн далд бизнес цэцэглэж, буй эсэхийг шалгаж нягтлаагүйг ил гаргасан. Гуравдугаарт, төр засгийн үүрэг хийгээд олон улсын хэмжээг таниулсан тогтоол байлаа.
Цахим орчинд зар тавьж, үр зулбуулах эм авч хэрэглэсэн цэл залуухан 30 настай эх амиа алдав. Баруун аймагт гарсан эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурорт шилжүүлжээ. Улмаар гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарсан бөгөөд шүүхийн шийдвэрийн цахим санд нээлттэй тавьсан учир сэрэмжлүүлэх үүднээс хэргийг ийн хүргэж байна.
Үр хөндөлтөөс үүдэн халдвар авах, хэт их цус алдах, умайд үлдэгдэл үүсэх, дахин мэс засал шаардлагатай болох, үргүйдэх, зулбах бүр амиа алдах эрсдэлтэй. Харин эл эрсдэлийг мэддэг байж болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх баригч мэргэжлээр ажилладаг Д бусдад үр зулбуулах эм зарж, улмаар амийг хохироожээ.
Шүүгдэгч Д-гийн эл үйлдэл нь хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон. Шүүгдэгч Д 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Фэйсбүүк буюу нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хохирогч Т-тэй холбогдож, түүнд үр хөндөлт хийх ажилбарт хэрэглэдэг зургаан ширхэг “мизопростол” эм худалджээ.
2022 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө фэйсбүүк мессенжерийн цахим сүлжээгээр дамжуулан уг эмийг хэрхэн хэрэглэж, үр хөндөлт хийх талаар заавар зөвлөгөө өгч, уг эмийг хэрэглэн үр хөндөлт хийх үйл явцыг хянаж, удирдан явуулах үед Т-гийн умайн хөндийгөөс цус алдаж нас барсан аж.
Фэйсбүүк мессенжерт
-Таван сар хүрэх гэж байгаа юмаа болох болов уу?
-Болно. Эм нь 600к гэж байгаа. Бүх зөвлөгөө бас антибиотик эм, умай агшаах бэлдмэл бүгдийн өгнө. Бас дараа нь эход харж өгнө өө.
-Би орон нутагт байдаг юм. Тэгэхээр яах уу?
-Унаанд тавиад өгчихнө өө. Байнга холбоотой байна. Видео калл хийж байгаад эмийн явуулна. Эмийн талаар маш сайн хэлсний дараа авах үгүйгээ өөрөө мэднэ ээ. Хүмүүс тэгээд л авчихдаг юм.
-Энэ эм хамгийн дээд нь хэдэн сартай хүртэл гаргадаг вэ?
-Таван сар, би бол эмээ тултал өгч явуулж байгаа. Эм бол гаргана аа асуудалгүй. Дицинин 250 мг 3 ширхэг авна. Митронидозол 500 мг 20, Шим шим 6, Юмдүүжин, Ибобруфин 10 ширхэг авчих… гэсэн харилцан яриа хохирогчийн гар утсанд үлджээ.
Үүнээс гадна Д нь үр хөндөх явцад аль эмийг хэзээ, хэрхэн хэрэглэх, дүлэх явцад амьсгалаа зөв авах, гэр дотроо алхах, халуун юм уух, доош харж хэвтэх талаар зөвлөгөө өгч, хохирогчийн биед илэрч буй мэдрэмж, зовуурь, мөн ургаас тусдаа эхэс гарсан эсэх талаар асуумж авч, доош гарсан зүйлийн зургийг даруулж авчээ. Улмаар цус ихээр алдах үед нь дутуу төрсөн гээд эмч дуудахыг зөвлөж, чатаа устгахыг сануулсан агуулга бүхий мессеж явуулсан аж.
Шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт ямар ч нөхцөлд үр хөндөлтийг эмнэлэгт тэр дундаа мэргэжлийн эх баригч, эмэгтэйчүүдийн их эмчийн удирдлага дор явуулах учиртай. Харин Д эх барих, эмэгтэйчүүдийн эх эмч биш. 2016 онд ... их сургуулийн ... аймаг дахь салбар ... сургуульд “Эх баригч” мэргэжлээр суралцаж төгссөн. Төгсөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэрэг илрэх хүртэл эх баригч мэргэжлээр тасралтгүй ажилласан. Тиймээс үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2005 стандарт болон “Үр хөндөлтийг зохицуулах журам”-ыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой. Мөн хохирогчтой харилцах явцдаа түүнийг таван сартай жирэмсэн буюу жирэмслэлт нь хожуу үед хамаарч байгааг мэдсэн. Тийм хэдий ч эмнэлгийн мэргэжилтний хувьд шаардлагатай зөвлөгөө өгч, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүйгээр, үр хөндөх шийдвэрийг нь шууд дэмжиж, эм зарснаас гадна эмийн аргаар хууль бус үр хөндөх ажилбарыг удирдан явуулсан нь хөдөлбөргүй тогтоогдсон гэдэг.
Үр хөндөх эмнэлгийн нөхцөл гэж эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм хангасан өрөө, үзлэг болон мэс ажилбарт ашиглагдах багаж хэрэгслийг ариутгасан байх ба хүндрэлээс сэргийлэх, гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийг хэлдэг. Д-гийн үр хөндөлтийг удирдахдаа өгсөн зааварчилгаа нь MNS 5488:2005 стандартад нийцээгүйгээс гадна 25-26 долоо хоногийн жирэмслэлтийн хугацаа нь эмийн аргаар үр хөндөхөд эсрэг заалт байсан.
Монгол улсын стандарт MNS 5488:2019 буюу “Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ”-ний стандартын 15.1-т эмээр ураг зулбуулах нь үр хөндөлтийн нэг арга болохыг тодорхойлж, түүнд тавигдах шаардлагыг тогтоожээ. Уг стандартын дагуу холбогдох зөвшөөрөлтэй эмнэлгийн байгууллага, мэргэжлийн эмч стандартад заасан орчин нөхцөлд, зохих аргаар үр хөндөхийг зөвшөөрсөн. Энэ стандарт хангагдаагүй нөхцөлд үр хөндөх нь хууль бус үр хөндөх гэмт хэрэг болдог. Мөн уг стандартын 6.4-т “эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эмч үр хөндөх ажилбарыг хийнэ” гэж заасан бөгөөд үүнээс бусад тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар хийгдсэн ажиллагаа юм.
Ийнхүү цагаан халат өмссөн ёс зүйгүй нэгний хариуцлагагүй үйлдлээс үүдэн нэгэн гэр бүл мөнхийн хагацалд унаж, нэгэн хүү өнчирч, эхийгээ цусанд будагдаж, бүлээн амьсгал нь тасрахыг харсан бяцхан зүрх насан туршийн айдас түгшүүр, сэтгэлийн шархтай үлдсэн билээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанаас нэгдүгээрт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А түүний өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны 37 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгожээ.
Хоёрдугаарт, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны есдүгээр сарын 16-ны 161 дүгээр шийтгэх тогтоол дахь прокуророос Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилжээ.
Улмаар Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Ингээд анхан шатнаас ногдуулсан 4.4 жил хорих ялыг бууруулж, давж заалдах шатны шүүхээс 20 сая төгрөгийн торгууль ногдуулж, ялгүй үлдээснийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, дээд шүүх Д-г гэм буруутайд тооцож, 2.1 жилийн ял оноосон байна.
Эмийн далд бизнес газар авсан уу
Эмийг эмчийн жороор эмчийн сангаас л авах учиртай. Гэхдээ “Мизопростол” эмийг эмийн санд ч борлуулдаггүй. 200 мкг-тай уг шахмал эм нь умайн булчин агшаах үйлчилгээтэй бөгөөд уг эмийг эмчийн жороор болон жоргүйгээр олгохгүй, нийтийн үйлчилгээтэй эмийн санд худалдан борлуулахыг хориглосон. Зөвхөн зайлшгүй шаардлагаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт эмчийн хяналт дор хэрэглэж болохыг зөвшөөрсөн байна.
Гэтэл шүүгдэгч Д эх сурвалж нь тодорхойгүй 6 ширхэг “мизопростол” эмийг хохирогч Т-д 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, улмаар амиа алдахад хүргэсэн нь эмгэнэлтэй.
Хэргийг шалгах явцад ХААН банкны дансанд 2022 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Т-гаас гадна өөр бусад хүний шилжүүлсэн 25 удаагийн орлого Д-гийн дансанд оржээ. Гэвч шалгах эрх бүхий субъект түүний хууль бусаар эм худалдах, түгээх үйл ажиллагаатай холбоотой эсэхийг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан шалгаагүй, Д-д энэ төрлийн гэмт хэргийг байнга тогтвортой эрхэлж байсан эсэхийг нотлох, эсхүл үгүйсгэх няцаах ажиллагаа хийхгүй орхисныг дээд шүүхийн тогтоолд дурдсан байсан.
Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 8983 эмэгтэйчүүд үр хөндөх мэс ажилбар хийлгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 88 тохиолдлоор өссөн үзүүлэлт аж. Нийт үр хөндөлтийн 378 тохиолдол буюу 4.2 хувийг хожуу үр хөндөлт, 486 тохиолдол буюу 5.4 хувийг өсвөр насны үр хөндөлт эзэлж байна.
Ер нь Улсын хэмжээнд үр хөндөлтийн нийт тохиолдлын 64 хувь нь 20-34 насныхан гэх харуусам тоо бий. Харин энэ бүгдэд тавих төрийн хяналт сул, эм эмийн худалдаанд тавих хяналт бүр сул байгааг дээрх эмгэнэлт хэрэг тодотгоно.
Угаас 2024 оны дөрөвдүгээр сард хийсэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий сонсголоор эмийн салбарт засаглалын тогтолцоо бүрэн алдагдсан нь батлагдсан билээ.
Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд нийт 127 гэрчийг дуудаж мэдээлэл авсан. Тэд мэдээллээрээ 1990 оноос өмнө эмч нар хариуцлагатай, өвчтөнөө үзээд зөвлөгөө өгөөд дараа нь жороо бичдэг байсан. Зах зээлд шилжсэнээс хойш эм, эмнэлгийн бүтээгдэхүүн сайд дарга, эмч ажилтнуудын сүлжээ бизнес болж хувирсныг онцолж байсан юм. Бүр эмийн компаниудын үйлдвэрлэж байгаа цуврал бүрийг шинжилдэггүй, зүгээр л зах зээлд гаргадаг гэх мэдээлэл ч ил болсон билээ.
Сонсголоор шинжилгээний явц болон сорьцын дүнгийн талаар хэлэлцээд ийм үр дүнд хүрсэн.
Нэгдүгээрт, Монголд хэрэглэгдэж байгаа эмийн чанарыг үнэлэх лабораторийн шинжилгээ анх бүртгэх ба хүчинтэй хугацааг сунгахад хийгддэг. Цуврал бүрээс дээж авч шинжилгээ хийх лабораторийн хүчин чадал хүрэлцээгүй.
Хоёрдугаарт, эмийн чанарын хяналтын шинжилгээ баталгааг зөвхөн химийн шинжилгээний аргаар хийдэг.
Гуравдугаарт, эмийн чанарыг биологийн аргаар хянаж чанартай ба аюулгүйг үнэлэх хууль эрх зүйн, лабораторийн ба мэргэжилтний ч нөөц бүрдээгүй.
Дөрөвдүгээрт, эмийн хяналтын лабораторид мэргэжлийн эм судлаач, цусны сийвэн дэх эмийн концентрат тогтоох багаж аппарат байхгүй.
Тавдугаарт, эмийн бүртгэлийн шинжээчид ажиллахад зориулсан бүртгэлийн материалд фармакокинитек шинжилгээний мэдээлэл байгаа ч онцгой ач холбогдол өгдөггүй гэсэн дүр зураг хөвөрсөн.
Манай эмийн зах зээлд 800 гаруй тэрбум төгрөгийн эрх ашиг эргэлддэг гэх дүн бий. Гэвч манай лабораториуд эмийг бүрэн шинжилж чаддаггүйгээс эмийн чанар сул аж.
Сонсголд оролцсон хянан шалгагч энэ талаар “Монгол Улсын эмийн зах зээл дэх эмүүдийн нийт 80 хувь нь импортынх. Импортын эмийн чанарыг сайн гэх итгэл үнэмшил байгаа ч зах зээл дээрээс шууд шалгахад чанарын шаардлага хангадаггүй. Импортолсон нийт эмийн болон борлуулалтын хэмжээ өссөн ч зах зээл дээр стандартгүй, чанаргүй эм байсаар байна” хэмээсэн. Сонсголоор Монголд стандартын бус үндэсний 105, импортын 74, нийт 179 нэр төрлийн эм борлуулдаг гэх судалгааг танилцуулсан билээ.
2020 онд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан нь эмийн зохицуулалтыг харилцан уялдаатай, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай болгосон гэдэг. Харамсалтай нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тоо төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй, үйл ажиллагаа жигдрээгүйгээс эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлээгүй, эмийн гаж нөлөөг бүртгэх, хянах, мэдээлэх тогтолцоо өнөөдрийг хүртэл бүрдээгүй байна.
Олон улсын хэм хэмжээг сануулав
Эхийн хэвлийд бүрэлдэн бойжиж буй ургийн эрх ашгийг хамгаалж, ураг эрүүл, эсэн мэнд мэндлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь төрийн үүрэг. Аудитын ерөнхий газраас 2022 онд Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд хяналт шалгалт хийж, тайлан гаргасан. Улмаар салбарын тогтвортой хөгжлийг хангах систем бүрдээгүйгээс төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт хангагдаагүй гэж дүгнэсэн. Улмаар Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргад зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжид зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг нотолгоонд суурилсан, эмчилгээний заавар, үр дүнд нийцсэн шалгуур, арга аргачлалыг ашиглан, хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтэд үндэслэн боловсруулж, батлан мөрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох, Эмийн бүртгэл, үйлдвэрлэл, чанарт тавьж буй хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, зарим шаардлагатай эмд тодорхой судалгааг хийхийг зөвлөсөн билээ. Тийм хэдий ч эмийн бүртгэл, үйлдвэрлэл, борлуулалт, чанар, аюулгүй байдлын мэдээлэл иж бүрэн биш хэвээр байна.
Монголын төр бас олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй. Төр энэ үүргээ хангалттай биелүүлээгүйг дээд шүүхийн тогтоолоос харж болно. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1959 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр баталсан “Хүүхдийн эрхийн тунхаглал” гэж бий. Тунхаглалд “Хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай гэсэн үзэл санааг “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын Конвенцод (1989 оны) “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, “Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө. Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана” хэмээн тунхаглажээ.
Монгол Улс “Хүүхдийн эрхийн тухай” конвенцод 1990 онд нэгдэн орсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон хүний амьд явах эрхийг хамгаалснаас гадна 11 дүгээр зүйлд “... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ... нь иргэн бүрийн журамт үүрэг мөн”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн заасан. Улмаар “Хүүхдийн эрхийн тухай” (2016) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” зарчмыг хуульчлан тогтоосон билээ.
Хүүхэд “эсэн мэнд амьдрах”, “хамгаалуулах” эрх нь төрсөн хүүхдээс гадна төрөөгүй хүүхдийн амьдрах эрхэд нэгэн адил хамаарах тул Монгол Улсад эхийн хэвлийд бүрэлдэн бойжиж буй хүүхдийн эрх ашгийг Эрүүгийн болон Зөрчлийн тухай тухай хуулийн дагуу хамгаалалтад авсан.
Монгол Улсын хууль тогтоомж хийгээд олон улсын бүх зохицуулалт нь жирэмсэн эхийн хүсэл зоригийн дагуу үр хөндөлт хийх ажилбарт холбогдох журам, стандарт зөрчигдөхөөс сэргийлэх, жирэмсэн эхийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахад чиглэжээ. Харин Д эмнэлгийн бус нөхцөлд бүүр цахимаар заавар өгч үр хөндөлт хийсэн нь нэгэн гэр бүлийг сүйрүүлж, насанд туршийн гашуун зовлонд унагасан юм.
Товчхондоо, дээд шүүхийн тогтоол хохирогчийн ар гэрийнхний эрх ашгийг хамгаалж, эмийн далд бизнес хэр хэмжээтэй байгааг ил болгов. Эцэс нь Төр засгийн үүрэг, олон улсын хэм хэмжээний шаардлагыг тодорхой сануулсан чухал тогтоол гаргасан. Хэдийгээр энд нэг амь, нэг л шийдвэрийн талаар бичсэн боловч бүхэлдээ Монголын эмийн салбарын засаглал бүрэн хямарсныг харуулахыг зорьсон билээ.