ЭМЯ, ДЭМБ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ХӨСҮТ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвийнхөн хамтран “Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний дараах үнэлгээ”-ний дүгнэлтийн жишээн дээр үндэсний хэмжээний чадавхыг хэлэлцэв. Үүгээр тарваган тахлын хяналт, тандалт, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний чиглэлээрх баримт бичиг, журам, заавар зэрэг эрх зүйн орчин хангалттай бүрдсэн ч тэдгээрийн хэрэгжилт үндэсний болон орон нутгийн түвшинд хангалтгүй байгааг тогтоолоо. Тухайлбал, байгалийн голомтын тандалт, судалгааны чанар, лабораторийн оношилгооны чадавх, эмчилгээний удирдамжийн мөрдөлт, байгууллагуудын уялдаа холбоо, хариу арга хэмжээний бэлэн байдал болон эрсдэлийн харилцаа холбооны үйл ажиллагаа төдийлөн сайнгүй байгааг анхааруулав.
Хамтарсан үнэлгээний үр дүнг харгалзан цаашид улсын хэмжээнд тарваган тахлын эрсдэлийн цогц үнэлгээ хийх, хяналт, тандалтын дунд болон урт хугацааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, байгалийн голомтын эмнэл зүй, лабораторийн оношилгоог орчин үеийн технологитой уялдуулан сайжруулахын зэрэгцээ QGIS/ArcGIS-д суурилсан эрсдэлийн зураглал гаргаж, урьд чилан сэргийлэх арга хэмжээ нэвтрүүлэхийг дээрх хурлаар зөвлөмж болголоо. Мөн Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу үндэсний чадавхыг тасралтгүй сайжруулах, халдварт өвчний эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээний бэлэн байдлын тогтолцоог бүх түвшинд бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
О.Ундрах