МҮОХ-ноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сард болдог.
2003 оноос эхлэлтэй тус наадамд шилдэг дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй тамирчин, баг, паралимпийн тамирчин зэрэг 13 номинацын эзнийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулж, хийсэн ажил, гаргасан амжилтыг нь дүгнэн олонд танилцуулдаг уламжлалтай. Монголчуудын хувьд 2025 он аз, амжилт дагуулсан, олон үйл явдал өрнөв. Спортын салбарынхан төлөвлөж, зорьсон зүйлээ хэрэгжүүлж, тамирчид их өрсөлдөөн дунд амжилт гарган, тив дэлхийд цахиур хагалсан өөдрөг жил байлаа.
Энэ удаагийн наадмын онцлох зочин, оны спортын онцлох үйл явдлын нэг бол Нэтфликс (Netflix)-ийн “Physical Asia” шоуны оролцогчид байв. Тэднийг эх орноо тив, дэлхийд сурталчлан таниулах үйлсэд томоохон хувь нэмэр оруулсныг нь үнэлж, шагнал гардуулахад спорт сонирхогчид сэтгэл өндөр хүлээж авсан. Түүнчлэн тус наадмын ёслолын үйл ажиллагааг хөтөлсөн МҮОНТВ-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргал “Шилдэг спортын сэтгүүлч”-ээр шалгарсан юм. Спортын амаргүй, өрсөлдөөн ихтэй талбарт 27 жил ажиллаж, тамирчдын тэмцээн, уралдааныг халуун цэгээс нь шууд дамжуулан хүргэдэг түүнийг энэ хүндтэй шагналыг хүртэхэд мэргэжил нэгт нөхөд нь их баярласан билээ.
Тухайн үед тэрбээр өөрийгөө шилдгээр шалгарна гэж төсөөлөөгүй байх. Шагналаа гардаж авахдаа баярын нулимс унагасан. Шилдэг эрэгтэй тамирчдын номинацад нэр дэвшсэн тамирчдаас хамгийн өндөр оноог (102) авсан нь Т.Тулга. Тэрбээр Хорватын Загреб хотод зохион байгуулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн амжилтаар “Бөртэ чоно-2025” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч, шилжин явах цом гардлаа.
Тэрбээр үзэгчидтэй “Миний олон жилийн хөдөлмөрийг үнэлж, надад саналаа өгсөн бүх хүнд баярлалаа. Гурван жил “Бөртэ чоно” наадмын “Шилдэг эрэгтэй тамирчин” номинацад нэр дэвшихдээ амжилтаа тогтмол ахиулсан. Энэ жил шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, “Шилжин явах цом”-ын эзэн болсондоо баяртай байна. Хойшид илүү их хөдөлмөрлөж, олимпын медальтан болохын төлөө хичээнэ. 2025 онд өөрөөсөө илүү спортын талбарт амжилт гаргасан Монголынхоо бүх тамирчнаар бахархаж байна. Би энэ цомыг ганцаараа аваагүй юм шүү. Эх орныхоо Төрийн дууллыг дэлхийд эгшиглүүлж, далбааг нь мандуулсан тамирчид хамт авлаа” хэмээв.
“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүдийг уншигчдадаа танилцуулъя.
Шилдэг олимпын танхим
-Орхон аймгийн “Бээжин” олимпын танхим
Шилдэг олимпын зөвлөл
-Хэнтий аймгийн “Сэнт Луис” зөвлөл
Шилдэг холбоо
-Монголын дугуйн холбоо
-Монголын сагсан бөмбөгийн холбоо
-Монголын усан спорт сонирхогчдын холбоо
Шилдэг олимпын бус холбоо
-Монголын жиү жицүгийн холбоо
Шилдэг өв уламжлалт холбоо
-Монголын морин спорт уяачдын холбоо
Өвлийн спортын шилдэг холбоо
-Монголын цанын холбоо
Шилдэг олимпын зүтгэлтэн
-Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг
2018 оноос Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд элсэж өвөл, зуны гурван олимпын наадам, Азийн гурван наадамд гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан юм. Түүнчлэн “Харбин-2025” Азийн өвлийн наадмыг сурвалжлах Монголын спортын сэтгүүлчдийн багийг ахалснаас гадна чөлөөт бөхийн дөрөв, жүдо бөхийн хоёр ДАШТ, Дэлхийн оюутны универсиад наадам болон чөлөөт бөхийн олимпын эрх олгох тэмцээн, Азийн АШТ-д фото зурагчнаар ажилласан байна. 2021, 2022, 2023, 2025 оны чөлөөт бөхийн ДАШТ болон “Парис-2024” олимпын наадам, 2024 оны жүдо бөхийн ДАШТ-ий гэрэл зураг, сурвалжлагаараа ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон юм.
Спортын шилдэг сэтгүүлч
-МҮОНТВ-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргал
Шилдэг залуу эрэгтэй тамирчин
-Э.Эрхэс Усанд сэлэлтийн спортоор улсын дээд амжилтыг 23 удаа шинэчлэн тогтоож, Бахрейны Манама хотод өнгөрсөн аравдугаар сард болсон Азийн залуучуудын III наадмаас мөнгөн медаль хүртсэн. Түүний амжилт Монголын усан спортын түүхэн дэх хамгийн өндөр амжилт байв.
Шилдэг залуу эмэгтэй тамирчин
-Жүдо бөхийн 2025 оны өсвөр үеийнхний дэлхийн аварга М.Цэндбазар Европын нээлттэй цомын тэмцээнд хошой хүрэл, Болгарын Софи хотод болсон өсвөр үеийнхний ДАШТ-д алтан медаль хүртсэн юм.
Шилдэг дасгалжуулагч
-Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Сүхбаатар Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулж, насанд хүрэгчдийн Азийн АШТ-д дөрвөн хүрэл, нэг мөнгө, дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд тус бүр таван алт, мөнгө, хошой хүрэл, ДАШТ-д гурван хүрэл медаль атгуулжээ.
Боксын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү Казахстаны Астана хотод болсон “Дэлхийн цом” (олимпын эрхийн оноо олгох) тэмцээнд Монголын баг түүний удирдлагад оролцож, тус бүр нэг мөнгө, хүрэл медаль, Английн Ливерпүүлд зохион байгуулсан насанд хүрэгчдийн ДАШТ-ээс тус бүр нэг мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.
Шилдэг шүүгч
-Боксын олон улсын гурван одтой шүүгч Б.Атарбаяр 2013 оноос олон улсын шүүгчээр ажиллаж, дөрвөн ДАШТ, зургаан “Дэлхийн цом”, гурван Азийн АШТ, “Парис-2024” зуны олимпын наадмын тэмцээнийг амжилттай дэнсэлж, энэ онд 15, 17 хүртэлх насныхны Азийн АШТ, “Дэлхийн цом”, насанд хүрэгчдийн ДАШТ-д шүүгчээр ажиллажээ.
Гольфийн шүүгч А.Сарнай Вьетнамд болсон Ази-Номхон далайн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн, “Philippine open-Asian tour” тэмцээнд шүүгчээр ажиллаж, Монголд зохион байгуулсан олон улсын сургалтыг удирдсан юм байна.
Оны онцлох амжилт БНСУ-д зохион байгуулсан “Physical Asia” шоунд улсаа төлөөлж оролцсон Монгол Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай багийнхан “Бөртэ чоно” наадмын хүндтэй шагналыг гардаж, бөмбөрцгийн булан бүрд ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүдээ баярлуулав. Тэд монгол хүний ухаан, мэдрэмж, тэсвэр тэвчээр, хатуужлыг дэлхийн үзэгчдэд харуулж, тус шоунд дэд байр эзэлсэн. Холимог тулааны тамирчин,“ONE championship” холбооны дэлхийн аваргын бүсийн эзэн болсон Б.Энх-Оргил нөхөдтэйгөө хамт ирж, шагналаа авсан юм.
Паралимпийн шилдэг тамирчин
-Пара байт харвааны дэлхийн хошой аварга Д.Сэлэнгэ Монголын байт харвааны холбооны гишүүн тэрбээр БНСУын Кванжу хотод өнгөрсөн есдүгээр сард болсон пара байт харвааны ДАШТ-д хос алтан медалийн эзэн болсон түүхтэй.
Шилдэг баг
-Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэйчүүдийн шигшээ баг Улаанбаатар хотод өнгөрсөн зургаадугаар сард болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д шилдэг багуудтай өрсөлдөн, аваргын төлөө шалгаран мөнгөн медаль хүртэж, үе үеийн сагсан бөмбөгчдийн хүсэл мөрөөдлийг биелүүлсэн юм.
Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин
-Боксын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Алтанцэцэг Энэтхэг улсад 2023 онд болсон боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн тэрбээр энэ оны өнгөрсөн есдүгээр сард болсон ДАШТ-ээс эх орондоо хүрэл медальтай ирж байв.
Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч Тэрбээр жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн амжилтаар “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүдийн нэг боллоо.
Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт П.Орхон Чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, хүрэл медальт П.Орхон чөлөөт бөхийн ДАШТ-д мөн хүрэл медаль хүртэж, бөхийн хорхойтнуудыг баярлуулсан юм.