Хөвсгөлийн "Шинэ мөрөн" худалдааны төв
Сүүлийн жилүүдэд төр бизнес хийхээсээ огт ичихээ байж, бүр “ширлэх” болов. Эрх баригчдын “гар дүрээгүй” салбар ч гэж алга. Зах барина, зочид буудал ажиллуулна, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарт хүртэл шургалсан байх жишээтэй. Төр, хувийн бизнесийн харьцаа энэ мэт алдагдаад удав. Жил ирэх тусам төрийн оролцоо ихсэж, улам данхайн, хувийнхны орон зай хумигдсаар байгааг олон нийт ч хүчтэй эсэргүүцэх болсон. Арга ч үгүй юм, дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн бизнесийнхний эзлэх хувь буурсаар, тэр хэрээр зах зээлээс шахагдан, өрсөлдөх орон зайгүй болсоор байгааг цөөнгүй судалгаанд ч дурджээ.
Төрийн бизнес ихэнхдээ орон нутгийг хөгжүүлнэ, жижиг, дүнд үйлдвэрийг дэмжинэ, худалдаачдын орлогыг нэмэгдүүлнэ гэх уриа лоозонтой эхэлдэг. Гэвч бодит байдалд тэд эл башир аргаараа Монголын эдийн засгийн суурь зарчим болох хувийн хэвшлийг боомилж, эрсдэл, алдагдлаа татвар төлөгчдөд үүрүүлж ирснийг сүүлд болсон үйл явдлууд тод томруун харууллаа.
Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдааны төвд өнгөрсөн хавар, Увсын “Шинэ Улаангом” захад энэ өвөл тохиролцсон мэт гал гарсан билээ. Эдгээр зах төрийн өмчит бөгөөд орон нутгийн хөрөнгө оруулалтаар сүүлд барьсан, шинээрээ шахам байв. Алс хязгаар нутгийн, тэр дундаа төрийн өмчийн захууд юуны учир ийн ээлж дараалан шатаж, түрээслэгчид хэдэн арван жилийн хөдөлмөр, хөрөнгөөрөө хохиров гэдэг нь хачирхалтай. Засгийн газар учир шалтгааныг нь тодруулж, ухаж төнхөхийн оронд “Шинэ Мөрөн” захын 260 түрээслэгчийн хохирлыг тэр даруй барагдуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан 5.2 тэрбум төгрөг гаргаад өгчихсөн.
Үүний араас “Шинэ Улаангом” захын 282 түрээслэгч мөн хохирлоо барагдуулахаар орон нутгаасаа, цаашлаад төр засгаас мөнгө төгрөг нэхэмжлэх болов. Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нь хүртэл “Хөвсгөлийн захын асуудлыг шийдсэн жишгээрээ Улаангомын хохирогчдод нөхөн төлбөр олгох ёстой” хэмээн барьцаж суугаа нь дэндүү даварчихсан хэрэг биш үү. Төрд өөрийн мөнгө гэж байхгүй. Хэрэв байвал тэр нь татвар төлөгчдийнх гэдгийг нийтээрээ мэддэг. Гэтэл эдгээр захыг хаанахын захиалгаар барьсан, ашиг орлогыг нь хэн хүртдэг, эрсдэл үүсэхэд хэн хариуцлага үүрэх ёстой вэ гэдгийг ч харгалзахгүйгээр галын хохирлыг шууд иргэдийн халааснаас төлүүлж буй нь шударга зарчимд яавч нийцэхгүй.
ЛАНГУУ ТҮРЭЭСЭЛЖ, НАЙМАА ХИЙДЭГ ОРНУУДЫН “ТӨГСГӨЛ” ИЖИЛХЭН
Улсын хэмжээнд орон нутгийн өмчид бүртгэлтэй зах, худалдааны 10 төв үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бусад 11 аймаг нь хувийн хэвшлийн худалдааны 2-3 төвтэй аж. Аль ч бүс нутагт зах, худалдааны төвүүд хамгийн ашигтай бизнест ордог. Тэр дундаа төрийн оролцоот захуудын түрээсний орлого төсөвт төвлөрч буй нь ойлгомжтой. Тийм атлаа ашигтай үед нь төр бизнес эрхлэгч болчхоод алдагдал хүлээмэгцээ түүнийгээ татвар төлөгчдөөр төлүүлдэг байж болохгүй гэдгийг иргэд ч хатуу шүүмжилж буй. Зах зээлийн зарчмаараа бодсон ч энэ бол гажууд тогтолцоо.
Галд шатсан дээрх захууд хэрэв хувийн өмчийнх байсан бол буух эзэн, буцах хаяг нь ч тодорхой байх байлаа. Эзэд нь галын аюулгүй байдлаа хангахаас өгсүүлээд түрээслэгчдээ даатгалд хамруулах, худалдаачдын хохирлыг барагдуулах зэргээр эрсдэлээ өөрсдөө үүрэх л байсан. Тэгсээр ч ирсэн. Өөрөөр хэлбэл, ашиг нь төрийнх, алдагдал нь нийтийнх мэтээр асуудалд хандаж болохгүй гэдгийг эдийн засагчид ч хэлж буй юм. Үргэлжлүүлээд “Шинэ Улаангом” захын хохирлыг ч татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулахгүй гэх баталгаа алга. Цаашлаад орон нутгийн өмчит бусад зах, худалдааны төв, үйлдвэр, үйлчилгээний байгууллага ямар нэгэн байдлаар гамшиг осолд өртлөө гэхэд хохирлыг нь ийм аргаар шийдээд явна гэвэл утгагүй хэрэг.
Нөгөөтээгүүр, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд алдагдлаа төсвөөс нөхчих боломжтой тул орлого, зарлагаа тэнцүүлэх, эрсдэлээ даах тухай ойлголтгүй, тэр хэрээр зах зээлд бодит үнэ ч тогтоож чадалгүй өнөөдрийг хүрсэн. Улмаар бизнесийн морал буюу ёс суртахууны эрсдэл ч дагуулдаг байна. Түрээслэгчид “Зах шатвал төр хохирлыг нь төлчихнө” гэсэн байдлаар асуудалд хандаж, үүрэг, хариуцлагаас зугтан, аюулгүй байдлаа хангаж, хамгаалахдаа ч хойрго ханддаг аж. Энэ нь эрсдэлийг бууруулах бус, харин ч улам нэмэгдүүлдэг гэж байгаа.
Ерөөс дээрх захуудад гарсан гал, нөхөн төлбөр олгох тухай асуудал уг шалтгаан нь ч биш юм. Эрх баригчид аман дээрээ хувийн хэвшлээ дэмжинэ, бизнесийн орчныг нь сайжруулна, татварын дарамтыг бууруулна гэж сайрхдаг ч ачир дээрээ өөрсдөө бизнес эрхлэх туйлын сонирхолтой. Ичихгүй нэг гараараа зах барьчхаад, нөгөө гараараа зах зээлд дүрэм тогтоох гэж оролдож ирсэн нь хоржоонтой.
Олон улсын туршлагаас харахад төр нь бизнес эрхэлдэг улс орнуудын “төгсгөл” ижилхэн байдаг. Венесуэлийн төр дэлгүүр, зах ажиллуулж, үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Үр дүнд нь барааны хомсдол, үнийн өсөлт, авлига, хээл хахуул, ядуурал, далд худалдаа л цэцэглэсэн. ОХУ-д төрийн корпорацууд давамгайлсан салбаруудад хувийн бизнес хөгжөөгүй, инновац нэвтрээгүй, социализмаараа хоцорсон. Үүнээс үзвэл төр бизнес хийх тусам зах зээл хумигдаж, үр ашиг буурдаг байх нь. Тэгвэл Скандинавын орнуудад ялангуяа Норвеги, Швед, Дани зэрэг улсад төр худалдаа наймаа, бизнес огт эрхэлдэггүй. Харин ч шударга өрсөлдөөнийг чухалчилж, хяналт тавьдаг. Хувийн бизнесийн эрсдэлүүдийг даатгал, хариуцлагын тогтолцоогоор хамгаалж, шийдвэрлэдэг.
Харин манайд төрийн жинхэнэ үүрэг юу болохыг марттал бизнес хийж байна. Уг нь “эрүүл ухаан”-тай хүмүүс Монгол Улсыг удирддаг байсан бол хувийн хэвшлийнхнийг бизнес хийхэд саад болохгүй, шударга, тогтвортой орчин бүрдүүлэх, хяналт тавих, өрсөлдөөнийг хамгаалах ёстой байв. Лангуу түрээсэлж, наймаа худалдаа хийх биш юм. Тиймдээ ч орон нутгийн өмчит зах, бусад бизнесүүдийг менежментээр хувьд шилжүүлж, ашгийг нь хүртээн, эрсдэлийг нь ч үүрүүлдэг болгох хэрэгтэй гэж олон нийт үзэж буй. Төр бизнес хийгээд хэн хожиж, хэн хохирч байна вэ гэдэг нь ч ойлгомжтой байна шүү дээ. Энэ утгаараа дараагийн захыг “шатаахад” бэлэн байж ч мэдэх юм.
Увс аймгийн "Шинэ улаангом" зах
ХУДАЛДАН АВАГЧИЙНХАА ҮҮРГИЙГ Л БИЕЛҮҮЛ
Судалгаанаас үзэхэд, хэдхэн жилийн өмнө дотоодын нийт бүтээгдэхүүний 80, ажлын байрны 75 хувийг хувийн бизнес эрхлэгчид бүрдүүлдэг байсан бол одоо энэ үзүүлэлт буурсаар, төрийн оролцоо үлэмж нэмэгдэж. Энэ оны эхний хагас жилийн “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны тайлан”-д дурдсанаар сүүлийн жилүүдэд төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийг сонголтгүйгээр дэмжиж, хувийн сектороос илүү давуу байдал олгох болсон нь хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж байна гэж тэмдэглэжээ. Мөн төрийн хэт оролцоо, эрх мэдлийн тогтворгүй байдал нь бизнесийн шийдвэр гаргалт, бодлогын урт хугацааны төлөвлөлтөд таагүй нөлөө үзүүлж байгааг ч онцолсон байна
Дэлхийн банкны судалгаанд Монголын бизнесийн орчин тогтворгүй, хууль, дүрэмд хувийн салбарынхны санал, оролцоог хангалтгүй тусгадаг. Энэ нь хууль, эрх зүйн орчин шинээр бүрдүүлэх, хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэдэг болохыг дурджээ. Түүнчлэн төрийн тогтворгүй бодлого, өмчийн эзэмшил нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулж, сөргөөр нөлөөлж буйг ч мөн шүүмжилж.
МҮХАҮТ, МУИС хамтран гурван жил тутамд, 300 орчим нарийвчилсан үзүүлэлтээр хийдэг Монголын бизнес орчны нөхцөл байдлын хамгийн сүүлийн судалгаагаар хувийн хэвшлийнхэн төрийн эрх бүхий байгууллагаас бизнесийн аливаа зөвшөөрөл авахад хүндрэлтэй, түүнийгээ санхүүжүүлэх эх үүсвэр хомс, маргаан шийдвэрлэлт хангалтгүй, гадаад худалдаа эрхлэхэд тээврийн нөхцөл муу, худалдаа эрхлэгчдэд бизнесийн үйлчилгээ байдаггүйг тогтоожээ. Мөн цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад бизнесийн орчин эрс муудсан байна.
МҮХАҮТ-ынхны үзэж буйгаар бизнес эрхлэгчдийн эдийн засаг дахь, ялангуяа хувийн хэвшлийн орон зайг одоо байгаа хэмжээнээс тэлэх боломжтой гэв. Даанч нөгөөх л хууль, эрх зүйн зохицуулалтууд бизнес эрхлэлтийг хязгаарлаж, засаглалын тогтворгүй байдал хөрөнгө оруулалтад тээг болдгийг дурдлаа. Нөгөө талаас төрийн өмчит компаниуд хувийн хэвшлүүдтэй өрсөлдөх нь буруу гэдгийг онцлоод, ямар бизнест төр оролцох, үгүйгээ, төр-хувийн хэвшлийн түншлэлийг аль салбарт хэрэгжүүлэхээ тодорхой болгох хэрэгтэй гэсэн юм. Төр эдийн засгийн, тэр дундаа хувийн хэвшлийн өсөлтөд чухал үүрэгтэй нь үнэн. Гэхдээ худалдан авагчийнхаа хувьд болохоос, бизнес эрхлэгч талаасаа биш юм. Энэ зарчмаараа жижиг, дунд бизнесүүдээ дэмжвэл зүгээр сэн.