Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны “Хатан туул” гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар барьж байсан дөрвөн давхар барилгад өнгөрсөн баасан гарагт гал гарав. Тухайн өдрийн 11.41 цагт гал гарсан талаарх дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход дөрвөн давхар, 70x80 метр хэмжээтэй барилгад гал гарч, гадна талын фасад шатсан байжээ. Нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 10, 30 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь ажилласан бөгөөд ихээхэн талбай эзлэн шатаж байсныг 14.22 цагт бүрэн унтраасан байна. Тус барилгын дээвэр дээр байсан таван хүний нэгийг нь онцгой байдлын алба хаагчид аварчээ. Харин дөрвөн хүн нь аврагчдыг очихоос өмнө аюулгүй газарт буусан байж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр дээвэр дээр байсан иргэдийг кранаар буулгасан гэнэ. Мөн гал унтраах, аврах ангийнхныг ирэхээс өмнө гал намжсан байсныг дуулгав. Галын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн анги, байгууллагынхан ажиллаж буй. Ашиглалтад бүрэн оруулаагүй барилга учир хэн нэгэн тамхи татсаны улмаас гал алдсан байж болзошгүй гэнэ.
Ч.Туяа