Зураач Г.Мөнхболортой ярилцсанаа хүргэе. Урлагийн гэр бүлд төрж өссөн тэрбээр уран зургийг зүймэл урлалтай хослуулан бүтээлээ туурвидгаараа онцлогтой нэгэн.
-Таныг Германд керамик урлалын чиглэлээр суралцсан гэж сонссон юм. Багаасаа л урлагт хайртай, зурж будах сонирхолтой хүүхэд байв уу?
-Миний аав зураач, өвөө минь мөн модоор гэр сийлдэг, гарын ур дүйтэй хүмүүс байсан. Тэгэхээр би гурав дахь үеийн уран бүтээлч гэсэн үг. Уг нь багадаа кино урлагт их татагддаг байлаа. Гэхдээ цаг хугацааны явцад зураач мэргэжил сонгосон. Одоо эргээд харахад би ямар нэгэн зүйлээр өөрийгөө дүрслэн илэрхийлж байж л тайвширдаг хүн юм билээ. Би бараг 5-6 их, дээд сургууль сольсон. Эхлээд Монголын хамгийн анхны модерн урлагийн “Ногоон морь” гэдэг сургуульд суралцаж байлаа. Тухайн үедээ хамгийн этгээд, өвөрмөц сургууль нь “Ногоон морь” байв. Гэхдээ намайг хоёрдугаар дамжаанд ордог жил халаалтын системийн асуудлаас болж таван хүний амь эрсэдсэн. Солонгосоос авчирсан халаалт нь хий алдаад сургуульд оюутан, менежерүүд амиа алдсан юм. Дараа нь Дүрслэх урлагийн дээд сургуульд орсон. Гэхдээ миний хүссэн газар биш байлаа. Анхнаасаа өвөрмөц зүйл л хайгаад байсан хүн нэгэн хэвийн баригдсан мэдрэмж хүсэхгүй нь тодорхой. Тиймээс хурдхан л төгсөхийг хүсэх боллоо. Харин Германд керамик урлалын чиглэлээр жил гаруйн хугацаанд суралцсан ч төгсөөгүй. Анх кино урлагийн чиглэлээр сурахыг хүссэн. Гэвч оюутан учраас ажил хийж амьдралаа залгуулах шаардлагатай боллоо. Тэгээд л хичээл ном, шалгалт шүүлгээсээ хоцорч эхлэв. Хэрэв сургуулийн хуваарь авч чадахгүй бол Монгол руу буцаачихна. Тиймээс би энэ хугацаанд яг юу хийсэн бэ гэдгээ анзаарч эхэлсэн юм. Тэгтэл зураг л зураад байж. Зургуудаа барьж гүйсээр байгаад сургуульдаа үлдэж чадсан. Ингэж л зураач болсон доо.
-Ер нь керамик дагнасан үзэсгэлэн гаргах төлөвлөгөө бий юү?
-Би СУИС болон Германд керамик буюу шавар урлалаар суралцсан. Үндсэндээ хоёр жил гаруйн хугацаанд шавартай зууралдсан гэсэн үг. СУИС-д Ж.Сэрээтэр багшийн ангид сурч байсан. Манай ангийнхнаас гэвэл У.Одмаа, Н.Сүхбүрэн, Х.Алтангэрэл зэрэг уран бүтээлч бий. Цаг хугацаа, боломж нь таарвал керамик урлал руугаа эргэн орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ би яг нэг чиглэлд баригдахаас илүү тухайн үед олдсон материалдаа зохицуулан ажиллахыг эрхэмлэдэг.
Зураачдын бүтээл цаг хугацаа, орон зайн дунд “төрдөг” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, би будаг авах мөнгөгүй үедээ төмрөөр, эсвэл модоор ч бүтээлээ урлаж чадна. Материал бус, харин тухайн бүтээлдээ цаг зав, сэтгэлээ зориулах нь хамгийн чухал.
-Урлаг бол хэн нэгнийг соён гэгээрүүлэх үүрэггүй гэх хүн олон. Тэдгээрийн нэг нь та байх аа?
-Урлаг бол үнэний дархлаа байх ёстой. Үргэлж хэн нэгэнд гоё сайхан мэдрэмж төрүүлэх гэхээс илүүтэй үнэний дархлаа л болох үүрэгтэй гэж боддог. Нийгэм өөрөөр явж байсан ч урлаг цаг хугацаа, орон зайнаас ангид оршиж, сэтгэлгээний дархлааг хамгаалж байдаг. Тийм ч учраас уран бүтээлч хүн заавал соён гэгээрүүлэгч байх албагүй. Харин үнэнч байх ёстой. Үг, өнгө, дүрс, кино гээд ямар ч хэлбэрээр тухайн цаг үеийн сэтгэлгээ, оршихуйн мөн чанарыг “базаж” явах нь чухал.
-Та өөрийн долоо дахь бие даасан “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэнгээ саяхан олны хүртээл болголоо. Зүймэл урлал гэхээр хүмүүс даавуу ашиглан хийдгээр нь сайн мэднэ. Харин уран зурагтай хослуулсан нь маш ховор шүү дээ.
-Тийм ээ. “Би зүймэл даавуугаар хийсэн бүтээл байх гэж бодсон. Тэгтэл энэ чинь уран зураг байна шүү дээ” гэж нэг хүн бүр гайхширсан байдалтай хэлсэн. Баруунд үүнийг сollage, аssemblage гэж нэрлэдэг бол монголоор зүймэл урлал. Зүйх, эвлүүлэх гэдэг нь тухайн бүтээлийг бүтээх үйл явц. Манайд торго, даавууг зүйж урладаг дом хүртэл бий. Харин би яс, төмөр, мод зэрэг олон төрлийн материалыг уран зурагтай хослуулан зүйж урласан.
Миний үзэсгэлэнг голчлон залуучууд үздэг. Энэ удаад ч хүмүүс маш сайхан хүлээж авсан. Анх удаа сэтгэлийн үг бичих дэвтэр аялуулж үзлээ. “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэнд нийт 30 гаруй бүтээл дэлгэсэн. Эргээд харахад, энэ бүхэн миний туулсан замналтай салшгүй холбоотойг ойлгосон.
-Үзэсгэлэнгээ олны хүртээл болгосны дараа ямар мэдрэмж төрдөг бол?
-Эргээд харахаар үзэсгэлэнгээ гаргасны дараа хоосонтой нүүр тулдаг. Яагаад ч юм бүх зүйл утгагүй санагдаад байдаг. Дахиад л тэр “сав”-ыг дүүргэх гэж хичээнэ. Хамгийн анхны үзэсгэлэнгийнхээ дараа гэр бүлийн хүнээсээ салж байлаа. Харин хоёр дахь үзэсгэлэнгээ олны хүртээл болгохын өмнөхөн хамгийн дотно найз минь осолд орчихсон. Юу ч тохиолдсон үзэсгэлэнгээ гаргасаар л ирсэн. Энэ удаагийн үзэсгэлэн ч мөн л адил. Эхнэр, хүү хоёр минь яваад өгсөн. Яагаад ч юм нэг зүйл бодоод хийхээр бүгдээрээ давхацчихаад байдаг. Амар тайван ажлаа хийж байгаад л сорилт тулгарах үед бүх зүйл дэнслэгдээд эхэлдэг юм шиг. Урлаг уу, гэр бүл үү, эсвэл найз нөхөд үү гээд л. Сүүлдээ үзэсгэлэн гаргахаас ч айдаг боллоо.
СЭТГЭЛГЭЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ БАЙВАЛ “АМЬ ОРУУЛАХ” БОЛОМЖ ҮРГЭЛЖ НЭЭЛТТЭЙ

-Бүтээл бүр “төрсөн” түүхтэй байдаг. Тухайлбал, “Зүүдний хүрд”, “Хазгай хот” хэрхэн “төрсөн” бэ?
-Миний бүтээл бүр surviving mood буюу амьд үлдэх, орших хүсэл тэмүүллээс урган гардаг. Би үзэгчдэд заавал нэг зүйлийг ойлгуулна гэж зорьдоггүй. Харин цаг хугацаа, орон зайн дунд үүсэж болох хамгийн боломжит хувилбарыг л хайдгаараа онцлогтой.
Маш их цаг хугацаа туулж байж нэг бүтээл урган гардаг. Жишээлбэл, “Хазгай хот” бол 2015 оноос эхтэй, олон удаа өөрчлөгдсөн бүтээл. Цаашид ч өөрчлөгдөх магадлалтай. Миний хувьд урлаг дуусдаггүй, сэтгэлгээний эрх чөлөө байвал бүтээлээ дахин дахин “амь оруулах” боломж үргэлж нээлттэй. Аль нэг зургийг шууд дуусчихсан гэхэд хэцүү. Тэгсэн хэрнээ угаасаа гар хүрч, өөрчилж чадахгүйгээ ойлгочихсон ажлууд ч бий.
“Хазгай хот”-ын хажууд “Хэл амтай хот” гэдэг зургийг байршуулсан. Үндсэндээ би үзэсгэлэнгийнхээ хойморт “Хазгай хот”, “Хэл амтай зураг”, “Зүүдний хүрд” гэдэг гурван зургаа байршуулсан. Гэтэл нийлүүлээд тавьчихсан болохоор ч тэр юм уу, хүмүүс “Хазгай хот”, “Хэл амтай зураг” хоёрыг ерөөсөө салгаж харахгүй байсан л даа.
-“Хазгай хот”-ыг анх харахад ерөнхий төрх нь Густав Климтийн “Үнсэлт”-тэй төстэй юм билээ.
-Сонирхолтой л юм. Үзэгч болгон л өөрийнхөөрөө хардаг. Зураач үзэгчийн нүдээр бүтээлээ хэзээ ч харж чадахгүй байх. Хүн бүр уран зургийг харах болгондоо өөрийн гэсэн дурсамжаараа эргэн уулздаг. Ер нь надад бүтээлүүд маань орших гээд тэмцэж байгаа хэрнээ дандаа хазгай, эсвэл болохгүй, бүтэхгүй байгаа энэ ертөнцөд тэнцвэрээ олох гээд байгаа юм шиг санагддаг. Тэнцвэрийг нь олж байж л дуусгахгүй бол сэтгэлд цаанаа л хөндүүртэй. “Хазгай хот” ч ялгаагүй. Маш тэгш хэмтэй зураг. Гэхдээ харахад хазгай мэт харагдах ч сайтар ажиглавал тэгш хэмтэй.
-Уран зургийн онцлог нь магад энэ байх л даа.
-Тийм. Нэг талаасаа мөлжүүртэй гэж ярьдаг шүү дээ. Ер нь бүтээл мөлжүүртэй байна гэдэг чанартай болсны илрэл. Тэнд баяр, гуниг, хайр, хүний үнэн оршиж байвал үзэгч дахин дахин өөрөөр харж чадна.
-Та “Зүүдний хүрд” холимог техникийн бүтээлээрээ Уран зургийн галерейн оны шилдэг үзэсгэлэнгийн үзэгчдийн нэрэмжит шагналыг 2024 онд хүртсэн байх аа.
-Энэ бүтээл ч бас маш их цаг хугацаа шаардсан. Тухайн үед би Тайваньд үзэсгэлэн гаргаад явж байсан. Тэгтэл Уран зургийн галерейн куратор надад “Та оны шилдэгт өрсөлдөх боломжтой юу” гэж санал тавьсан юм. Тэгээд л би ороод үзье гэж бодсон. Учир нь би Уран зургийн галерейн хананд их дуртай. Ер нь Монголын галерейнуудыг ханыг мэднэ шүү дээ. Энэ ханыг ингээд дүүргэчих юм сан гэсэн бодол байсан учраас зориуд том ажлаа бариад орчихсон.
АВЬЯАСААС ИЛҮҮТЭЙ ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ОЙЛГОХ ЧУХАЛ
-Та сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ажиллаж байгаа гэв үү?
-Долоо хоногийн гурван өдөрт нь сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу насанд хүрээгүй хүүхдүүдийн хорих ангид багшилж байна. Манай хүүхдүүд үнэхээр мундаг. Бид хүүхдүүдийнхээ бүтээлүүдээр өнөө жил үзэсгэлэн гаргасан.
Хамтдаа байсаар нэг л мэдэхэд хоорондоо нэлээд дотно болчихдог. Яагаад гэхээр урлаг бол тухайн хүнээс үргэлж цаг хугацаа шаарддаг зүйл. Ер нь энэ замналаар явахыг хүсэж буй хүн авьяастай байх нь төдийлөн чухал биш юм билээ. Өөрөөр хэлбэл, авьяасаас илүүтэй өөрийгөө таньж, ойлгож, олсон зүйл дээрээ тууштай ажиллах чадвар чухал. Тэгвэл өөрсдөө ч их зүйл ойлгоно. Бас багш нь ч баяртай байна шүү дээ. Би ч гэсэн хүүхдүүдээсээ олон зүйл суралцдаг. Заримдаа тэднээс санаа “хулгайлах” нь ч бий (инээв).
-Зураачдад яагаад ч юм байнга барьж авч хэрэглэдэг, бараг нэрийн хуудас нь болсон өнгө байдаг гэдэг. Харин таных хар, шар юм шиг санагддаг.
-Миний зургуудад хар, шар өнгийн контраст сүүлийн үед давамгайлж байгаа мэт харагдаж магадгүй. Гэхдээ өнгө үргэлж хувьсдаг. Жишээлбэл, би ягаан өнгөнд үнэхээр дургүй.
-Яагаад?
-Мэдэхгүй. Надад заваан санагдаад байдаг. Эрэгтэй хүн болоод ч тэр үү ягаан өнгөнд дургүй. Тэгсэн хэрнээ заримдаа ягаан өнгийг бүр нэвширтэл нь ашиглахыг хүсэх үе бий. Тэгэхээр өнгө бүр өөрийн мөн чанартай гэсэн үг. Бүр “хортой” өнгө ч бий. Миний “17-ны хүслэн” хэмээх бүтээл тэр чигтээ гүн хөх өнгөтэй. Гэхдээ одоо дахиад ийм зүйл хийх mentality надад бий юү гэвэл байхгүй. Тиймээс тухайн цаг хугацаанд аль өнгө намайг “аварч” байна вэ гэдгээ л дагадаг.
“ХӨХ ӨВСНИЙ ЗҮҮД” ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ТЭР ЧИГТ НЬ ГАДАГШАА ЯВУУЛСАНД ХАМГИЙН ИХ ХАРАМСДАГ
-Урлаг сонирхогчдын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг болсон гэх юм билээ. Гэвч тэдний олонх нь бүтээлийг худалдан авч, цуглуулах бус, харин зөвхөн үзэж, мэдэрч өнгөрдөг. Энэ нь нэг талаас сайшаалтай ч нөгөөтээгүүр уран бүтээлчдэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг уу?
-Яг үнэндээ залуучуудад уран зураг худалдаж авах боломж байхгүй. Уг нь маркетингаа аваад явчихдаг уран бүтээлч байхыг хүссэн ч чадахгүй юм. Хүний амьдралд мөнгө шаардлагатай ч тэр бүр бодохыг хүсдэггүй. “Хөх өвсний зүүд” үзэсгэлэнгээ тэр чигт нь гадагшаа явуулсанд хамгийн их харамсдаг. Яагаад ч юм сэтгэлд хөндүүртэй ч нэг бодлын гадагшаа явуулах нь зөв ч юм шиг. Манайхан хэцүү шүү дээ. Яг үнэндээ тухайн бүтээлтэй холбоо үүсгэж, хайрлахаас илүүтэй урлаг ойлгодог мэт харагдах гэж авах нь цөөнгүй. Тэгээд бүр аль болох л хамгийн хямдаар авахыг хүснэ. Хонжоо хайдаг гэх юм үү. Ер нь мөнгөтэй хүмүүс нь урлагаас хол нийгэмд бид амьдраад байна л даа.
-Манайд уран бүтээлчдээ дэмжих бодлого дутагдаад байх шиг.
-Урлагийн салбарт хүчин зүтгээд, хүмүүст аливааг мэдрүүлэх гээд явах хэцүү. Учир нь хэзээ ч ойлгож чадахгүй бүлэг хүний дунд яаж урлагийг зарж, амь зогоох вэ дээ. Ялангуяа дүрслэх урлаг бол нууцлаг хэрнээ маш их цаг хугацаа шаарддаг салбар. Үүнийг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй. Гэтэл Соёлын сайд энэ салбарын талаар юу мэддэг юм бол, бүү мэд. Уран бүтээлчид, нийгмээсээ хэдийн тасарсан хүн шиг санагддаг. Урлагийг зөвхөн гоё харагдуулах хэрэгсэл гэж ойлгодог сайд маань уншиж буй бол та урлагийг урлаг гэсэн өнцгөөс нь мэдэрч сураарай л гэж хэлье дээ.
Бас урлагийн төрөл дотроо вкус нь өөр байна л даа. Мөнгөтэй хэд нь Чингис хааны, эсвэл байгалийн зураг л авахыг хүсдэг. Харин яг урлагийн бүтээл гээд сонирхоод харилцах гэтэл цаана нь маш том том хана байна. Учир нь насан туршдаа зөвхөн бахархлаа хөндөж, төнхөж амьдраад түүнийгээ л чухал гээд ойлгочихсон.
Монголд цөөн хэдэн байгууллага урлагийг урлаг гэсэн өнцгөөс нь авч явж буйд талархдаг. Тухайлбал, MCASA болон Урлагийн зөвлөлийн зохион байгуулдаг арга хэмжээнд үнэхээр талархалтай байдаг. Тэд ерөөсөө л урлагийн дархлаа, гоо зүйг хадгалж яваа. Харин бусад нь урлаг гэхээр л гоё сайхан харагдуулах гэж их хичээдэг.
Эцэст нь “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэнд хамтран ажилласан уран зургийн галерей болон куратор Б.Мөнгөнчимэгт талархсанаа илэрхийлье.
У.Сүрэн