Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2025-2026 оны улирлын тоглолт “M bank arena”-д үргэлжилж байна. Дээд лигт оролцдог эмэгтэйчүүдийн баг эн тэнцүүхэн тэмцээн өрнүүлж буйг талбай дахь өрсөлдөөнөөс үзэгчид харж буй биз ээ. Тамирчин бүрийн авьяас, ур чадвар багаа хожилд хөтөлж, тэргүүлэх эсэх нь тактик, төлөвлөгөөнөөс нь анзаарагддаг. Тэд гадаад, дотоодын туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэлээ базааж, тоглох арга барилаа хэрхэн өөрчилж, ямар легионеруудаар хүчээ сэлбэснийг сонирхъё.Одоогийн байдлаар энэ улиралд гурваас оруулж буй дундаж тоогоороо “Этүгэн ирвэсүүд” багийнхан 10.3, “Улаанбаатар амазонс” 8.2, “Аравт” 7.0, “Юна Алтан-од” 5.9, “Пайрэст” 5.8, “Аэдо винкс”-ийн тоглогчид 4.8- аар хошуучилж эхэлсэн. Тэгвэл эсрэг багтаа дунджаар бага оноо алдаж буй багуудын жагсаалтыг “Улаанбаатар амазонс” 88.8, “Аравт” 67.1, “Этүгэн ирвэсүүд” 66, “Пайрэст” 64.5, “Аэдо винкс” 62.3, “Юна Алтан-Од” 58.1-ээр тэргүүлж явна. Дундаж самбараас бөмбөг авалтаар “Аравт”-аас легионер Жаклин Карман 25.1, “Этүгэн ирвэсүүд”-ээс Ө.Индра 24.7, Б.Цасчимэг 14,6, “M Wings”-ийн Тина Стефенс 23.1, “Улаанбаатар амазонс”-ын Амари Робинсон 22.6 , “Алтан од”-оос Емани Жефферсон 19.1, “Пайрэст”-ээс Дэйжа бланкс 18.2, “Улаанбаатар амазонс”-оос О.Хулан 17.8, Каялэейг труонг 15.6, “Алтан од”-оос Э.Нарангоо 15.2 оноотой явна. Лигийн тоглолт ирэх тавдугаар сарын 31- нд өндөрлөнө. Энэ удаа тоос өргөж буй багуудаас цөөн хожил авсан нь “Pirates”-ийнхан. Багийн хөрөнгө оруулагч солигдож, бүрэлдэхүүнд нь томоохон өөрчлөлт орсон. Дотоодын туршлагатай тоглогчдоос М.Булбул, Д.Ганзул Б.Цацрал, Т.Үлэмж нараар хүчээ зузаатгаж, М.Анужин, Н.Минжирмаа, А.Солонго зэрэг шинэ залуу тамирчнаар хүрээгээ тэлжээ.

“Аравт” багийнхныг ахлан ажиллаж буй Аднан Надаревич өмнө нь сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин байсан төдийгүй 20 гаруй жил туршлага хуримтлуулсан олон улсын мэргэжлийн дасгалжуулагч юм. Өнгөрсөн хугацаанд Европ, Ази, Ойрх Дорнодын олон орны клуб болон академид ажиллаж, залуу тоглогчдын ур чадварыг хөгжүүлэхэд их нөлөөлжээ. Тэрбээр туслах дасгалжуулагч Б.Алтанзаяатай хамтран тус багийн тоглох арга барил, сахилга бат, эв нэгдлийг шинэ түвшинд хүргэхээр зорьж буй. Тэдэнтэй легионеруудаас АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин, 2000 оны тавдугаар сарын 7-нд төрсөн Жаклин Карман нэгдсэн. Тэрбээр 2022-2023 онд гадаадын багт тоглохдоо 15.1 оноогоор багаараа II байрт жагсаж, Өмнөд бүсийн тэмцээнд V байрт шалгарчээ. Улирлын тоглолтод 53 оновчтой дамжуулалт, 27 бөмбөг таслалт, 81 самбар нэмж, 28 тоглолтод багаа 11 удаа оноогоор хожилд хөтлөн, 16 тоглолт дараалан хоёр оронтой тоогоор оноо авч, хөтөлбөрийн дээд амжилт тогтоосон.

“M wings” багийнхантай нэгдсэн легионер Тина Стефенсийн тоглолт олныг анхаарлыг ихэд татаж байгаа. Тэрбээр жигүүрийн довтлогчоор тоглодог төвийн чадварлаг тоглогч. АНУ-ын Флорида мужид 1999 онд төрсөн тэрбээр “Трой” их сургуулийг 2022 онд төгссөн. Грект Салоники хотын “Ираклис” багт өнгөрсөн жил тоглосон тэрбээр нэг тэмцээнд гэхэд дунджаар 12 оноо, 9.2 самбар, 1.5 оновчтой дамжуулалт хийжээ. Тэрбээр Флоридагийн Баруун Өмнөд их сургуульд (FSW) хоёр жил суралцсаны дараа Канзас хотод ирж, Майерс Палметто ахлах сургуульд сурч төгссөн. 2018-2019 онд эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багаас NJCAA дивизионы бүх Америкийн багт анх удаа шалгарч, хүндэт өргөмжлөл, NJCAA Suncoast чуулганы “Оны шилдэг тоглогч”-оор шалгарчээ.

“Этүгэн ирвэсүүд”-ийн тоглогчид Гавьяат дасгалжуулагч О.Баярцогтын удирдлагад лигт өрсөлдөж байна. Туслах дасгалжуулагчаар ажиллах болсон Б.Цасчимэг эл багийн анхдагч эмэгтэй тамирчдын нэг. Дээд лигийн алт, хошой мөнгөн медальт, оюутны лигийн гурван удаагийн аварга, тэгш тоглогчоор шалгарч байсан тэрбээр багийнхаа уламжлагдан ирсэн дэг жаягийг сайн мэднэ. Түүний хувьд сагсан бөмбөгөөр дамжуулж зөв төлөвшилтэй, зорилго, тэмүүлэлтэй иргэн, цаашлаад шилдэг тоглогчдыг бэлдэх хүсэлтэй.

“Юна Алтан од” багийнхныг энэ удаа дасгалжуулагч П.Эрдэнэчулуун бэлтгэл хийлгэж, лигт сойж буй. Тэрбээр 2002 оноос сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн ажлаа эхлүүлсэн бөгөөд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар ажилласан. Түүний удирдлагад оролцсон “Шонхорууд” багийнхан 2008 онд Sprite лигийн аварга болж, 2009, 2011, 2013 насанд хүрэгчдийн УАШТээс хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн баг нь 2012 онд Монголын бүх ард түмний спортын наадмын мөнгөн медалийн эзэн болсон юм. 2023-2024 онд дээд лигийн улиралд “Scorpions” багийнхныг хүрэл медалиас атгуулсан. “Налайх бизон”, “SG аpes”, “Уурхайчин” багийг дээд лигт оролцуулсан Б.Батгэрэл түүний туслах дасгалжуулагчаар ажиллаж байна.

“Улаанбаатар амазонс”-ын ерөнхий дасгалжуулагч Фран Гарсиа. Түүний удирдлагад Энэтхэг, Йорданы эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан нэг хэсэг бэлтгэл хийж, томоохон тэмцээнд оролцсон. Испани улсын иргэн бөгөөд улсынхаа лигийн шилдэг багуудыг удирдахдаа 18 хүртэлх насныхны шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллажээ. Өнгөрсөн зун тив, дэлхийн, олимпын медальтай багуудыг үзэгчдийнхээ өмнө медальгүй нутаг буцааж, аваргын төлөө Нидерландын шигшээтэй тоглон мөнгөн медаль гардсан тоглогчдын олонх нь эл багт бий. Тэдний бахархам амжилт улсдаа төдийгүй тивийн сагсан бөмбөгийн мэргэжилтнүүдийг алмайруулсан нь энэ онд өрнөсөн спортын онцлох үйл явдлын нэг байв. Тэдэнтэй АНУ-ын Жоржиа мужийн Дугласвилл хотод төрсөн, 24 настай Амари Робинсон хүчин зүтгэхээр гэрээ байгуулсан юм. Тэрбээр өмнө нь улсынхаа NCAA-ийн “Клемсон” их сургуулийн багт болон Итали, Австралийн лигт тоглосон туршлагатай.