(Шог өгүүллэг)
Ц.ДОРЖГОТОВ Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн
Нохой гаслам халуун өдөр тогоо нэрж галд шарагдсан Бүтэд эмгэн бүгчим гэрт бүтэж үхдэгийн даваан дээр сарампай модон хаалгаа сархийтэл нээж, толгойгоо гадагш цухуйлгавал хөлстэй духыг зөөлөн сэрхрээ тааламжтай яа сэрүүцүүлэв. Өмгөр гэрийн дэлгэсэн үүдээр буцалсан хоормогийн ааг, халуун архины хамар хоолой цоргисон охьтой холилдон гадагш урслаа. Гэтэл Бүтэд авгайн дүлийрч хатуурсан чихэнд олон малын газар дэлхий пижигнүүлсэн их төвөргөөн цуурайтахад эмгэн наранд гялбасан улцан нүдээ анивчин байж хараачилбал ташуур далайсан баахан морьтон хар хурдаар довтолгон айсуй. Эмгэн асгарсан хөлсөө гарын араар яаруухан шудрангаа,
-Хөөе, цаана чинь ташуур далайсан юун олон архичин бэ гэвэл гэрийн сүүдэрт тоглож суусан ач охин нь
-Архичид биш ээ. Сүүлээ годойлгосон оодонгийн тугалууд хар хурдаараа жадгадан ирж явна гэв. “Өө, насаа нэм” гэж эмгэн уулга алдаад гэртээ орж нэрсэн архиа том вааранд салга гараараа савируулалгүй шалавхан юүлж амжив. Ач охин гэрт гүйж орж ирснээ,
-Ээ гялай, ваар маань дүүрчихлээ. Чихэр, боов авч иднэ дээ гэж алга ташин цовхчиход Бүтэд,
-Хош золиг минь. Чи тэгээд “манайх ваар дүүрэн архи хураасан” гэж буусан, суусан амьтан хүнд ам алдуузай гэж сануулав.
-Би ч яах вэ. Та л өөрөө архиа хүнд өгчихөөд байдаг шүү дээ гэж охин хэвлүүхэн мэтгэлцэхэд эмгэн тэр дорхноо инээмсэглээд -Нээрэн ч дээ, миний охин тийм сүрхий ухаантай шүү гээд толгойг нь илж өхөөрдлөө. Хонь хариулсан өвгөн Пяранлай их л уцаартай ирэв. Тэрбээр эмгэндээ
-Бүтэд минь, чиний гурил идэж, цай уух хөг өнгөрсөөн. Тарваганд зүүсэн ганц хавхыг минь хулгайч авчихаж гэв. Эмгэн харамссан боловч -За яах вэ, ваараа дүүргэсэн. Архиа цай, гурил болгоно доо гэж өвгөнөө тайтгаруулахад Пяранлай
-Уг нь би ганц хоёр тарваганд төрийн хар хүн байна, төмөр гутал өмсгөөд арьсаар нь идэх гурил, уух цай л олох гэсийм гэж ялимгүй наргиантай мөртлөө цаагуураа нэлээд гомдонгуй өгүүлжээ. Чингэтэл тэднийхийг чиглэн хөнгөн тэрэг айсуй. Пяранлай өвгөн
-Наймаачид л биз, манай энүүгээр ондоо юу явах вэ. Чи гар султай шүү. Одоо чинь зах зээлийн үе. Архиа зүгээр өгөхгүй. Аяга давс, атга гурилаар солино гэж сануулахад Бүтэд “Чи өөрөө тэсдэггүй шүү. Амаа хавхиж суугаарай” гэж өөдөөс нь анхааруулав.
Олон хүн ирсний дотор танихаас ганц сумын Засаг дарга явлаа. Засаг дарга хамт ирсэн хүмүүсээ танилцуулав. Хоймор суусан нүдэндээ шилтэй халзандуу эрийг “Ардын Их Хурлын депутат Зуузай” гэснийг л хоёр хөгшин хагас хугас тогтоов. Их Хурлын гишүүн Зуузай залуу хүн хэрнээ бузгай монголжуу, сүрхий ёсорхог нэгэн байлаа. Том цагаан хөөргөөр тамхилангаа тун ч сунжруу мэнд сольж эхлэхэд өвгөн дориун хариулж байснаа сүүлдээ эртний Монголын мартагдсан зарим мэндийг мэдэхгүй бажгадав.
Зуузай гишүүн нүдээ анин залбирснаа өвгөний бурхан ширээнд духаа зөөлөн хүргээд хүрд эргүүлэхэд хоёр хөгшин “Үгүй ер, бас ийм дарга байдаг байх нь ээ” гэж гайхаж уярав. Зуузайг ингэмэгц дагалдан яваа бараа бологчид бүгд дэрхийн босож дэлгүүрт оочерлодог социалист зуршлаараа бурханд мөргөх гэж өрсөлдөн дайрлах нь зах зээлийн үед бурхны өршөөл хүртэл хувьчлагдаж дуусах нь уу гэлтэй. Тэдний нүд өлөн ховдог агаад түгшүүртэй. Хамгийн хачирхалтай нь аймагт насаараа намын дарга хийж бурхан шатааж, бүрхээр жалавч машинаараа хэмх дайрч яваад ардчиллын өнгөнд тушаал бууж, саявтар сумын Засаг даргын албанд дөнгөж тогтсон Амгай Ардын Их Хурлын депутат Зуузайн урдуур мөлхөн зүтгэсээр бурхны өмнө сөхөрч Пяранлай өвгөний шороотой балиар адсаганд хүйтэн нойтон магнайгаараа амьсгаадан байж гурвантаа мөргөөд “Ум ма ни бад мэ хум” гэж жижиг гэрт дэндүү чангадав уу гэлтэй уншуут бурхнаас түгхийтэл адис авч хүрд эргүүлээд санаа амарсан янзтай буцаж доохнуур даруухан суув. Эцэст нь жолооч хархүү тос болсон хар гараасаа нэрэлхэн байж залбираад дээжин ширээнд сандруухан мөргөлөө.
Ингээд Их Хурлын гишүүн амьдрал судалж эхэллээ. Тэрбээр хоёр хөгшнөөс гэнэт Их Хурлынхаа албан хэллэгээр
-Ямар хүндрэл байна. Юугаар хомсдож сууна гэж асуухад Пяранлай, -Хүндрэл гайгүй дээ гэж мөнхүү Их Хурлын хэллэгээр хариулах гэж тэвдэнгүй оролдсоноо “Харин дарга та юу гэлээ. Аа тийм, хомсдол гэвэл уух цай, идэх гурилаар л гурингатаж сууна. Гурингатаж сууна гэнэ, хомсдож сууна” гэв. Засаг дарга Амгай өвгөн эмгэн хоёрт хандан
-Танай бор гэрт төрийн жолоо залалцаж яваа Зуузай гишүүн заларч байна. Олдошгүй энэ завшааныг хоосон алдах эрх та муу хоёрт байх ёсгүй шүү! гэж сурсан зангаараа хоёр хөгшнийг элэг барин загнах гэснээ гэнэт ардчиллын үед алба хааж буйгаа санан сэхээ авч “Юугаар хомсдож байна, түүнийгээ одоо илэн далангүй ярих момент учирлаа. Малчид хүндрэлээ тодорхой илэрхийлэхгүй бол Зуузай гишүүн та нарт юугаар туслахаа яаж таах юм бэ. Зүйтэй юү, эрхэм гишүүн Зуузай гуай” гэж Зуузайд хошуу дэвссэнээ эргэж хоёр хөгшнийг
-Одоо чинь ардчиллын үе. Буруудаж буудуулахаас бүү ай! гэж зандрав.
Сүүлдээ ач тус үзүүлэхээр морилсон Зуузайн яриа Пяранлайд ойлгогдохоо болив. Дутагдаж буй гурил, цайг хаанаас яаж олох арга ухаан зааж өгөөгүй атлаа жаахан сууж байгаад л “Төр засгаас та хоёр ямар туслалцаа хүртмээр байна хэлээч” гэж шалгаагаад тайван суулгахгүй нь яршиг болов. Тавагтай идээ сүүтэй цайгаа зочдод барьсан боловч өвгөнд нэг л юм дутагдаад болж өгдөггүй. Тэгээд Пяранлай эмгэндээ сэмхэн “Дарга нарт амсуулах юм” гэж дохилоо. Бүтэд ваартайгаас гожин шилэнд таслах гэснээ нэрэлхэж томхон данхаар дүүрэн архи юүлж сөгнөв.
Хөдөө газар ийм сайхан л гэнэ, шимийн архи эм л гэнэ, яриа хөөрөө жинхэнэ өрнөлөө дөө. Данхтай нанчид чилж гийчид улам тухлав. Пяранлай тэссэнгүй эмгэн рүүгээ дахин дохилоо. Хоёр дахь данх хоосров. Гэтэл Амгай босож эмгэний чихэнд “Бүтэд гуай ийм том хүн танайд дахиад заяахгүй шүү. Юм байвал бүгдийг гарга” гэж тулгав. Ваартай сархад дууслаа. Нүд нь дуниартсан Зуузай явахдаа өвгөн эмгэн хоёрт дахин дахин үнсүүлээд
-Та хоёр төр засгаас юу хүсмээр байна, түүнийгээ надаас гуй. Айлтгүй гуй. Хөөрхий хөдөөгийн хөгшчүүд минь бүр ядарчихаж. Нууцгүй хэлэхэд миний ард түмэн тун ядуу байна. Би харамсаж байна. Үүнийг би бодлогын хүрээнд боловсруулж ажил болгон явуулахаа амлая. Юугаар хомсдож байгаагаа мэддэггүй гэнэн цагаан бүдүүлэг харанхуй малчид минь хөөрхий еэ гээд уйлснаа өвгөний хүзүүгээр тас тэвэрч -Наана чинь чамд туслахаар Их Хурлаас би ирчихээд байна шүү дээ, дурак минь! хэмээн учир зүггүй сэгсчихэд өвгөн дургүйцэж, “Гурил, цай, гутал хувцас” гэж хашхирав. Эмгэн “Лаа, чүдэнз, бас давс” гэж нэмлээ. Зуузайн нүд гэнэт ухаан орж байна уу гэлтэй дүрлийснээ “Аа тийм, лаа, давс, тэрийг би мэдсэн” гэж зогисох зуур өгүүлээд Амгайдаа хөтлөгдөн машинд орж “Баяртай” хэмээн төр засгийн сайхан инээдээр мялаасаар давхин одлоо.
Хоёр хөгшин хавх ч үгүй, архи ч үгүй, гурил, цай, лаа, чүдэнз ч үгүй, яана даа гэж халаглан, зэлүүд нутагтаа торойсоор хоцортол ашгүй дахин нэг машин айсуй харагдав. Эмгэн “Яана аа, наймаачид л байх. Архи, тарваганы арьс аль аль нь байхгүй, хоёулаа юугаар гурил, цай, лаа, чүдэнз авах вэ” гэж гаслахад өвгөн
-Наймаачид бол ч яамай. Их Хурлын гишүүд л биш байгаасай гэж халширсан байдалтай уцаарлажээ.
1993 он